Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 373

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03772 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 372 тоот шийдвэрээр “Х б-” ХХК-д 287 488 364 төгрөгийг төлөхөөр болсон. НШГА-ны зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44/6 дугаар байр 196 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204038184 дугаартай 152.4 м.кв 4 өрөө орон сууцыг НШГА-наас томилогдсон үнэлгээчин 303 500 000 төгрөгөөр үнэлсний дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 212 450 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22534 тоот мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан. Тухайн орон сууцыг 2010 онд 1 м.кв талбайг 2 900 000 төгрөгөөр, нийт 152.4 м.кв талбайг 441 960 000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авч байсан тухай баримтыг гаргаж өгсөөр атал шинжээч хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн НШГА-ны зүгээс миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн үнэлсэн үнэлгээгээ 70 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулах болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн орон сууцыг битүүмжлэх тогтоолыг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэсэн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар битүүмжилсэн болон барьцаалан хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт нийлүүлэлтийг баримт болгон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзаж, орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ талаар оролцогч талуудад мэдэгдэнэ. 5 дугаар сард орон сууцны эрэлт ихсэж, зах зээлийн үнэлгээ нэмэгддэг. Тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн албанаас ямар нэгэн үнэлгээний талаар ажиллагаа явуулаагүй. Хэрэгт авагдсан шинжээчийн гаргасан дүгнэлтээр 9 дүгээр сарын байдлаар орон сууцны зах зээлийн үнэлгээ болон эрэлт хэрэгцээ буурсан талаар тусгагдсан байдаг. Иймд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44/6 дугаар байр 196 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204038184 дугаартай, 152.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг НШГА- 303 500 000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Ц-ийн Б-оос 287 488 364 төгрөгийг гаргуулж Х б-инд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлзхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44/6 дугаар байрны 196 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038184 дугаарт бүртгэлтэй 152,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 161/001 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч Ц.Б-од хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч Ц.Б-ыг байлцуулан 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 161/002 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоолын нэг хувийг өмчлөгч, төлбөр төлөгч Ц.Б-од хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч Ц.Б-ын өмчлөлийн барьцаалан хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу авахад Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44/6 дугаар байрны 196 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038184 дугаарт бүртгэлтэй 152,4 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 303 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Б-од 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22534 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрхийг төлбөр төлөгч Ц.Б-од танилцуулж энэ тухай тэмдэглэлд тусгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Б-ын НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03772 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44/6 дугаар байр 196 тоот орон сууцыг үнэлгээчин 303 500 000 төгрөгөөр үнэлсний дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 212 450 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22534 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.Б- 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан. Тухайн орон сууцыг 2010 онд 1 м.кв талбайг 2 900 000 төгрөгөөр, нийт 152.4 м.кв талбайг 441 960 000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авч байсан тухай баримтыг шинжээчид гаргаж өгсөөр атал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс томилсон шинжээч хэт доогуур үнэлсэн. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн үнэлсэн үнэлгээгээ шууд 70 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулах болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 5 дугаар сард орон сууцны эрэлт ихсэж, зах зээлийн үнэлгээ нэмэгддэг. Тухайн үед хариуцагчаас ямар нэгэн үнэлгээний талаар ажиллагаа явуулаагүй, хэрэгт авагдсан шинжээчийн гаргасан дүгнэлтээр 9 дүгээр сарын байдлаар орон сууцны зах зээлийн үнэлгээ болон эрэлт хэрэгцээ буурсан талаар тусгагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн зүгээс суурь үнэлгээг тогтоох тухай тогтоол үйлдсэн тохиолдолд Ц.Б-ын үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед худалдан авсан үнээр үнэлэх боломжтой талаар мэдэгдэж байсан бөгөөд НШШГГ нь төлбөр авагчийн талд хэт үйлчлэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлэх зорилгоор санаатайгаар тоггоол үйлдсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч НШГА-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/00372 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Б-оос 285 900 910,29 төгрөгийг гаргуулан “Х б-” ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу НШГА- 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44-6 дугаар байр, 196 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038184 дугаарт бүртгэлтэй 152.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 161/001 тоот тогтоолуудаар эд хөрөнгийг битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус тус хураан авсан байна. /хэргийн 22-26, 28-37 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Ц.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийн дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар санал өгсөн ба түүний үнийн саналыг төлбөр авагч “Х б-” ХХК зөвшөөрөөгүй тул хариуцагчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Шинжээч томилох тухай 232 тоот тогтоолоор “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44-6 дугаар байр, 196 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038184 дугаарт бүртгэлтэй 152.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 303 500 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 38, 41, 42, 44-54 дүгээр тал/

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг дээрх 303 500 000 төгрөгийн 70 хувь болох 212 450 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22534 дугаар мэдэгдлийг уг өдөр төлбөр төлөгчид гардуулсан байна. /хэргийн 58 дугаар тал/

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.” гэж заасан журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2009 онд анх уг орон сууцыг 164 448 ам.доллараар худалдан авсан нь 8 жилийн дараах зах зээлийн үнэ гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                             Т.ТУЯА

 

                                          С.ЭНХТӨР