| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/04022/и |
| Дугаар | 264 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо оршин суух Х овогт Н О /РД: /
Хариуцагч: Төв аймаг оршин суух Ө овогт Ц Б /РД: /
Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол тоот орон сууцны өмчлөгчөөс Ц.Бийг хасаж, улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О
хариуцагч Ц.Б
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.О би 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны * тоот3 өрөө орон сууцыг нийт 73000000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн байрны урьдчилгаанд өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 50 дугаар байр 21 тоот 38,8 мкв 1 өрөө байрыг худалдан борлуулсан 46000000 төгрөгийн 43000000 төгрөгийг өгч үлдэгдэл 30000000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны урт хугацааны орон сууцны зээлэнд хамрагдсан юм. Зээл авах явцад Худалдаа хөгжлийн банкнаас урт хугацааны орон сууцны зээл авахад заавал хамтран зээлдэгчтэй байх ёстой хамтран зээлдэгчгүй тохиолдолд зээл олгохгүй гэсэн банкны шаардлагын дагуу тухайн үед хамтран амьдарч байсан Ц.Бийг хамтран зээлдэгчээр оруулсан. Улмаар банкнаас орон сууцны гэрчилгээнд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын нэр байх ёстой гэсний дагуу орон сууц өмчлөгчөөр Ц.Бийг бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрийг нь оруулсан юм. Зээл авснаас хойш 2 жилийн хугацаанд сар бүр 428000 төгрөгийг би өөрөө төлж байсан бөгөөд Монгол Улсын Зэсгийн Газраас 8 хувийн хүүтэй орон сууцны зээл батлагдснаар зээлийн хүү буурч сард 310000 төгрөгийн зээлийг төлдөг болсон. Өнөөдрийн байдлаар Ц.Б нь хамт амьдраагүй, би хоёр охины хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 4 тоотод амьдарч байна. Н.О би 2005 оноос хойш одоог хүртэл Зуун найман суварга ХХКомпанид нягтлан, ерөнхий нягтлангаар тасралтгүй ажиллаж цалингийн орлогоосоо орон сууцны зээлээ төлсөөр ирсэн. Тухайн орон сууцыг авахад Ц.Б нь мөнгө санхүүгийн тусламж үзүүлээгүй бөгөөд урьдчилгаа төлбөрийг би өөрийн өмнө нь амьдарч байсан орон сууцыг зарсан орлогоос бүрдүүлсэн, төлбөрийг үлдэгдлийг банкны урт хугацааны орон сууцны зээлэнд хамрагдан өөрийн цалингийн орлогоос төлж байгаа юм. Дээрх орон сууцыг Ц.Бийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй. Иймээс Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205010225 дугаартай орон сууцны өмчлөгчөөс Ц.Бийг хасаж, Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү.
Нэхэмжлэгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны * тооторон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх нэрнээс Ц.Бийн нэрийг хасуулах хүсэлтэй байна. Энэ байрыг би өөрийн хөрөнгөөр авсан. Банкнаас зээл авах шаардлагаар Ц.Бийг хамтран өмчлөгчөөр оруулсан. Ц.Бтой хамт амьдарсан 8 жилийн хугацаанд би ар гэрээ авч явдаг байсан, цалингаас гадна өөр байгууллагын тайланг гаргаж өгдөг. Ц.Б бол эрхэлсэн тогтсон ажилгүй, архи их уудаг хүн байсан. Хамт амьдарч байх үедээ хоол хүнсний зардалд бага зэрэг мөнгө өгч байсныг үгүйсгэхгүй, яг зээлд зориулж мөнгө өгч байгаагүй. Бид хамт амьдрахгүй 1 жил болж байна. Иймд Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны * тооторон сууцны үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Ц.Бийг хасаж, уг бүртгэлийг улсын бүртгэлд даалгаж өгнө үү.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Б би 2009 оноос Н.Отай нэг гэрт хамтран амьдарч эхлэсэн. 2009 онд 34000000 төгрөгөөр нэг өрөө байр авахад бизнесийн орлогоосоо 14000000 төгрөг өгсөн. 2011 онд уг байрыг 46000000 төгрөгөөр зарж, банкны зээлээр 3 өрөө байр авсан. Уг зээлийг сар болгон төлж ирсэн. Зээлийн мөнгийг Н.Огийн дансанд хийдэг, бэлнээр тушаадаг байсан. Иймд уг байрыг буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр байр, 4 тоотыг дундын өмч гэж үзэж байна.
Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.О бид хоёр 2010 оноос 2018 онд хамтран амьдарч байсан. Хамт амьдрах хугацаандаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийгхудалдан авахад би өөрийн биеэр оролцсон гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Н.Огийн өмчлөлийн нэг өрөө байранд хамт амьдарч байгаа энэ байраа 20 сая төгрөгөөр зарж, би 14 сая төгрөг нэмж өгөөд 34 сая төгрөгөөр дараагийн байраа авч байсан. Энэ байраа 46 сая төгрөгөөр зараад 43 сая төгрөгийг нь урьдчилгаанд өгч, үлдсэн 30 сая төгрөгийг банкнаас зээлээр авсан. Мөн зээлээс тодорхой хэмжээгээр төлж байсан. Иймд маргаантай байрыг авахад би хөрөнгө оруулсан гэж үзэж байна. Мөн орон сууцаа хүүхдүүддээ үлдээх учраас хамтран өмчлөгчөөр миний нэр байсан нь илүү баталгаатай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Ц.Бт холбогдуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны * тооторон сууцны өмчлөгчөөс Ц.Бийг хасаж, улсын бүртгэлийн байгууллагад даалгах шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, Ц.Бийн хөрөнгийн оролцоо байхгүй гэж тайлбарлаж байх ба хариуцагч энэ орон сууцыг авахад өмнө байсан 1 өрөө орон сууцыг зарж авсан, нэг өрөө орон сууцыг авахад 14 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, орон сууцыг худалдаж авахад банкнаас авсан зээлийг төлж байсан гэж орон сууцны хамтран өмчлөгчөөр хасагдах үндэслэлгүй гэж маргав.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлэлгүй 2010-2018 он хүртэл хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны 4 тоотын 3 өрөө орон сууцыг 73 сая төгрөгөөр худалдан авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь тэдний тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байна. Уг маргаан бүхий орон сууцны үнэ 73 сая төгрөгийг төлөхдөө урьдчилгаа төлбөрт төлөх 43 сая төгрөгийг нэхэмжлэгч Н.Огийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 50 дугаар байрны 21 тоот орон сууцыг 46 сая төгрөгөөр худалдсан үнээс, үлдсэн 30 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээл авч төлсөн, энэ талаар зохигч маргахгүй байна. Энэхүү орон сууцыг худалдаж авахад нэхэмжлэгч Н.О болон түүний эх, дүү нарын өмчлөлд байсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо 37 дугаар байрны 5 тоот орон сууцыг 20 сая төгрөгөөр худалдаж, хариуцагч 14 сая төгрөг нэмж 34 сая төгрөгөөр худалдаж авсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч 14 сая төгрөгийг өөрийн орлогоор цувуулж төлсөн гэж маргав. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлага гаргаагүй бөгөөд дан ганц өөрийн хөрөнгөөр бий болгосон үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох буюу бусад өмчлөгчийг хамтран өмчлөгчөөс хасуулах шаардлага гаргасан тул хэн нь хэдий хэмжээний хөрөнгө оруулсан болохыг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй болно. Харин хариуцагч орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй эсэх буюу өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан эсэхийг тогтоох нь хэрэгт хамааралтай.
Зохигчид 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С.Эрдэнэ-Очир, Т.Энхцэцэг нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийг маргаж буй Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны * тоот3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх орон сууцыг худалдан авахад зохигчид хэдий хэмжээний хөрөнгө оруулсан эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар тэд орон сууцыг дундаа хамтран өмчлөх эрхтэй байна. Иймд Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны * тоот3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагчийг хасах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө овогт Ц Бт холбогдох Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол дүгээр байрны тоот орон сууцны өмчлөгчөөс Ц.Бийг хасаж, улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэгч Х овогт Н Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА