Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1745

 

 

 

 

 

  2022         11          28                                         2022/ШЦТ/1745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.ӨсөхБдаргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч М.Оюунбат /томилолтоор/,

Хохирогч С.Мөнхзаяа,

Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Ж.Ганболд /ҮД:2352/, Ц.Мягмарсүрэн /ҮД:3293/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.От холбогдох 2206 02484 2500 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 0-15 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 14 дүгээр гудамж 447 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны 5 дугаар багт оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Бовогт Нын О /РД: /.

Хэргийн товч агуулга:

          Н.О нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 13-181А тоотод 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Мөнхзаяагийн амины орон сууцны вакум цонх хийж өгнө хэмээн ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 3.500.000 төгрөг авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мөнхзаяа өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 09 сарын 27-ны өдөр өөрийн “морины хэрэгсэл” гээд пэйж хаягаас “ямар вакум цонх хамгийн сайн нь вэ” гэсэн пост оруулсан юм. Тэгсэн О өөрийн хаягаас “манайх хамгийн сайныг хийнэ, хамгийн чанартайг хийнэ, хамгийн чанартайг хийнэ, 3-5 хоногт гарч ирнэ” гэсэн . Тэгээд би утасны дугаараа өгч гэрээ зааж өгөн, маргааш нь буюу 09 дүгээр сахын 28-ны өдөр манай гэрт ирж хэмжилт хийгээд хоорондоо гэрээ байгуулсан. Тэр үед надаас 7.000.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би “7.000.000 төгрөг өгөх боломжгүй, 3.500.000 төгрөг өгье” гэсэн. Тэгээд би Отэй нэлээн удаан хугацаанд ярилцаж байгаад би 3.500.000 төгрөг өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа над руу хувь чатаар мессеж бичсэн. Дахин “400.000 төгрөг өгөөч” гэхээр нь би “өгөхгүй, чи эхлээд миний цонхыг авчраад өгчих, тэгвэл үлдэгдэл мөнгийг нь бэлэн мөнгөөр өгнө” гэж хариу залгаж хэлсэн. Үүнээс хойш 3-5 хоногийн дараа Оийн утас нь холбогдохгүй, олдохгүй, үнэн худал яриад байгаа нь мэдэгдэхгүй тэр чигээрээ алга болсон. Тухайн үед би утсаар нь залгахад над руу “Нүхтэд  байр хүлээлгэж өгч байна” гээд над руу байнга мессеж бичээд байсан. Тэгээд би холбоо барьж чадахгүй байсаар байгаад 11 дүгээр сарын эхээр би Оийг худал боллоо гэж бодоод дахин өөр хүнээр арван хэдэн цонх хийлгүүлсэн. Тухайн хугацаанд юмны үнэ өссөн байсан. Миний ажил бас маш их хойшилсон. Миний ажлын байрны зориулалттай барьсан 2 давхар байшин маань яг 11 дүгээр сарын 5-ны өдөр дуусах ёстой байсан боловч Оээс болоод 1 сар гаруй хугацаанд хойшлогдож, 12 дугаар сарын сүүлээр ашиглалтад орсон. Оруулахдаа байшингийн 2 давхраа л ашиглалтад оруулж чадсан. Нэг давхраа ашиглалтад оруулж чадаагүй. Энэ мэтээр би эдийн засгийн хувьд болон цаг хугацааны хувьд маш их хохирсон. Надад хохирол маш их гарсан...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4/,

Хохирогч С.Мөнхзаяагийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх.5/,

Ажил гүйцэтгэх гэрээ, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх.7-12/,

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудын хуулбарууд /хх.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнхзаяагийн өгсөн: “... 2021 оны 08 сард Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 13-181а тоотод амины орон сууц барьж эхэлсэн юм. 2021 оны 09 сард өөрийн “морины хэрэгсэл” гэх нэртэй фейсбүүк дээрээ “вакум цонх ямар нь хамгийн сайн бэ” гээд зар оруулсан чинь Odnushka Odno гэх хаягаас “манай компани хамгийн сайн чанарын вакум цонхыг хямд үнээр 3 жилийн баталгаатай хийж гүйцэтгэж байна” гээд хувь чатаар бичихээр нь би гэрийнхээ хаягийг өгсөн бөгөөд тухайн өдрөө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр О, Болдсайхан нар нь манайд ирээд амины орон сууцны цонхны хэмжээг авч, вакум цонх хийж өгөхөөр тохиролцоод ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 3-5 хоногт бэлэн болгохоор урьдчилгаа 3.500.000 төгрөгийг Оийн Хаан банкны 5920446271 дугаарын дансанд шилжүүлэн авсан. Энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа ирээд “вакум цонхыг хийгээд дууссан, маргаашаас авч ирээд суулгаад өгчихнө” гэж ярьж явснаас хойш О ирэхээ больсон ба Болдсайхан гэх хүн хэд хэдэн удаа ирэхдээ “өөр газар байр барьж байгаа, тэрийгээ комисст хүлээлгэж өгөх гээд байна, түр хүлээж байгаарай” гээд байдаг байсан. Тэгээд Отэй холбогдох гэхээр “ажил явдал гарлаа, компанийн дансанд мөнгийг чинь авсан болохоор нотариатаар орж байж гэрээ цуцлаад мөнгийг чинь өгнө” гэж хуурч мэхэлж явсаар байгаад эцэстээ холбоо барьж чадахгүй болохоор цагдаад хандсан. Би Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл өгөөд тухайн компани нь бүртгэлтэй хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болохыг мэдэж, О, Болдсайхан нар ажил гүйцэтгэх гэрээгээр халхавч хийж намайг залилсан болохыг мэдсэн. О, Болдсайхан нарт өгсөн 3.500.000 төгрөг болон дахин өөр газраар вакум цонх хийлгэсэн зардлын зөрүүтэй нийт 5.000.000 төгрөг нэхэмжилж хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Болдсайхан өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын сүүлээр таксинд явж байхдаа О гэх хүнтэй танилцсан. Тухайн үед О нь өөрийн компанитай, барилгын шилэн болон металл фасад хийдэг гэж ярьж байсан болохоор 90484834 дугаарын хадгалж авсан. Тэгээд 2021 оны 9 сард би “барилгын ажил байна уу” гээд ярихад “Монел руу амины 2 давхар орон сууцанд вакум цонх хийж өгөх ажил байгаа, одоо очиж үзэх гээд явж байна, чамд хүн байвал хамтарч ажиллая, би бэлдцийг гаргаад өгнө, чи суулгах ажлыг хариуц” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгэхээр нь Офицер дээрээс Оийг аваад Монел өгсдөг замаар дээш яваад баруун талд байрлах амины 2 давхар орон сууцтай айлд очсон. Тэгээд О нь тэр айлын эхнэртэй нь ярилцаад тамга тэмдэг гаргаж ирээд гэрээгээ хийгээд, би тэр айлын гэрийн эзэнтэй нь хамт цонхны хэмжээг нь авсан юм. О нь гэрээ байгуулж байхдаа “бэлдэц нь гараад ирвэл 1 өдрийн дотор цонхыг суулгаад бэлэн болгочихно” гэж ярьсан. О надад бэлдэц бэлдээд өгчихвөл миний хийх ажил 1 өдрийн дотор 10 гаран цонхыг суулгаад дуусчих байсан юм. Тэгээд гэрээ хийж, цонхны хэмжилт аваад явснаас хойш хоногийн дараа Оээс “цонхны бэлдэц бэлэн болсон уу” гэсэн чинь “одоо бэлэн болж байна, чи хүнээ аваад 100 айл дээр очиж бай” гэхээр нь Яармагаас 2 хүнээ аваад 100 айл дээр очоод 3 цаг орчим хүлээгээд ирдэггүй, утсаа авахгүй байж байснаа аваад “бэлдэц нь арай гараагүй байна гэнэ, 1 өдөр хүлээчих” гэхээр нь 2 хүнээ буцааж хүргэж өгсөн. Маргааш нь дахиад утсаар ярьсан чинь О “би чухал ажилтай болчихлоо, өнөөдөр амжихгүй нь” гээд бас ирээгүй. Тэрнээс хойш 2 хоног намайг залгахаар гар утсаа авахгүй, холбоогүй байж байгаад өөрөө залгаад “манай компанийн нэр дээр ажил авсан 2 хүн маань нөгөө компаниасаа урьдчилгаа 10 гаран сая төгрөг авчхаад ажлыг хийхгүй алга болчихжээ. Тэгээд намайг цагдаагаас дуудаад, миний дансыг битүүмжилчихлээ. Миний дансыг битүүмжилчихсэн болохоор вакум цонхны бэлдцийн мөнгийг шилжүүлж чадахгүй болчихлоо” гэсэн, тэгэхээр би ямар нэгэн аргаар энэ цонхны ажлыг дуусгахгүй бол энэ хүмүүс над руу залгаад байна. Чи бэлдцийг шийдээд өгчих, би цонхыг суулгаж өгчхөөд дараа нь чамтай тооцоогоо хийе” гэсэн “хүнээс мөнгө авахаар болсон, тэгье” гэж хэлчхээд 2 хоног алга болчихсон. Энэ хугацаанд гар утсаа авахгүй мөртөө над руу наад хүмүүсээ аргалж байгаач ээ, би байцаалтын өрөөнд мэдүүлэг өгч байна” гээд гуйгаад байхаар нь би “О өөр газар барилгын ажил хүлээлгэж өгч байгаа гэнэ” гэх мэтээр ярьж нөгөө захиалга өгсөн хүмүүсийг аргалж өгч байсан. Дахиад хэд хоногийн дараа ярихад “бөөгөөр засал хийлгээд хөдөө явж байна, миний компанийг асуудалд оруулсан 2 хүнийг цагдаа барьсан асуудал шийдэгдэж байгаа” гэж ярьсан. Энэ өдрөөс хойш 3 хоног алга болчихоор нь би өдөр шөнөгүй залгаж байгаад холбогдоод “би дахиж чиний өмнөөс худлаа ярьж чадахгүй, чамайг бэлдцээ аваад өгчих, үлдсэн ажлыг би хийгээд дуусгая” гэж хүртэл хэлэхэд “мөнгө хайгаад явж байна” гээд л худал, үнэн юм яриад байхаар нь би нөгөө захиалга авсан Мөнхзаяа руу залгаж үнэн учраа хэлээд Отэй хамтарч ажиллахаа больсон. Тухайн өдөр гэрээ хийхдээ 9.000.000 орчмоор вакум цонхны ажлыг хийж гүйцэтгэхээр тохироод урьдчилгаа 3.500.000 төгрөгийг О мобайлаар шилжүүлж авлаа. Бэлдэц хийх газартаа 2.700.000 орчмыг шилжүүлдэг гэж ярьсан. Миний хувьд О бэлдцээ хийлгээд өгөхөөр нь цонхыг суулгаж өгөөд гүйцэтгэл бүрэн болохоор нь Оээс 1.600.000 төгрөг авахаар тохирсон бөгөөд Отэй энэ айлын цонхны ажил дээр хамтарч ажилласан юм...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Оийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 28-ны фейсбүүк дээр “вакум цонх хийлгэнэ” гэсэн зар байхаар нь холбогдоод Баянзүрх дүүрэг 22 хороо, Өлгийн 13-181 а тоотод байрлах гэрт нь очиж уулзаад 17 ширхэг вакум цонх хийж өгөхөөр тохиролцоод ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа 3.500.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан ба үлдэгдэл мөнгийг нь ажил хийж гүйцэтгэсний авахаар болсон. Тэгээд материалаа захиалах гэтэл миний бараа материалаа захиалдаг компани нь түүхий эдгүй болчихсон гэхээр нь би вакум цонхны захиалгын урьдчилгаанд авсан 3.500.000 төгрөгийг өөрийнхөө өр зээлд өгчихсөн юм. Тухайн үедээ өөрийнхөө зээлийг дарчхаад бараа материал ирэхээр нь вакум цонхоо захиалаад өгье гэж бодсон боловч би өөрөө нөхрийнхөө нутагт очиж мал маллаж амьдахаар явсан. Хөдөө орон нутагт очоод эхэндээ хийх зүйлээ олохгүй, мөнгө санхүүгийн хувьд боломжгүй байсан бөгөөд Мөнхзаяагаас авсан вакум цонхны урьдчилгааг өгнө гэж бодож явсаар байгаад өдий хүрчихлээ. Би өөрөө жирэмсэн байгаа болохоор одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд нөхөртэйгөө ярилцаад мал хунараа зараад ойрын хугацаанд Мөнхзаяагийн 3.500.000 төгрөгийг буцааж өгөх болно...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

          “... миний бараа материалаа захиалдаг компани нь түүхий эдгүй болчихсон гэхээр нь би вакум цонхны захиалгын урьдчилгаанд авсан 3.500.000 төгрөгийг өөрийнхөө өр зээлд өгчихсөн... миний урьдчилгаанд авсан 30 хувь буюу 3.500.000 төгрөгөөс Болдсайхан аваагүй, ажил гүйцэтгэх хийгдсэний дараа үлдэгдэл 70 хувиа авсны дараа Болдсайханы цалинг өгөхөөр тохирсон байсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/,   

Шүүгдэгч Н.Оийн ХААН банк дахь 5920446217 дугаар дансанд 3.500.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /хх.47/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Н.Оийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.39-54, нэмэлт 44 хуудас, шинээр гаргасан 8 хуудас баримт/,

Шүүгдэгчийн урьд шийтгүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 539 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх.56-59/,

Шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Золжаргалын гаргасан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх.60/,

Шүүгдэгч Н.Оийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх.61-62/,

Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх.66-67/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Н.О нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 13-181А тоотод 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Мөнхзаяагийн амины орон сууцны вакум цонх хийж өгнө хэмээн ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа 3.500.000 төгрөг авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4/,

Хохирогч С.Мөнхзаяагийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх.5/,

Ажил гүйцэтгэх гэрээ, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх.7-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнхзаяагийн өгсөн: “... 2021 оны 08 сард Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 13-181а тоотод амины орон сууц барьж эхэлсэн юм. 2021 оны 09 сард өөрийн “морины хэрэгсэл” гэх нэртэй фейсбүүк дээрээ “вакум цонх ямар нь хамгийн сайн бэ” гээд зар оруулсан чинь Odnushka Odno гэх хаягаас “манай компани хамгийн сайн чанарын вакум цонхыг хямд үнээр 3 жилийн баталгаатай хийж гүйцэтгэж байна” гээд хувь чатаар бичихээр нь би гэрийнхээ хаягийг өгсөн бөгөөд тухайн өдрөө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр О, Болдсайхан нар нь манайд ирээд амины орон сууцны цонхны хэмжээг авч, вакум цонх хийж өгөхөөр тохиролцоод ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 3-5 хоногт бэлэн болгохоор урьдчилгаа 3.500.000 төгрөгийг Оийн Хаан банкны 5920446271 дугаарын дансанд шилжүүлэн авсан. Энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа ирээд “вакум цонхыг хийгээд дууссан, маргаашаас авч ирээд суулгаад өгчихнө” гэж ярьж явснаас хойш О ирэхээ больсон ба Болдсайхан гэх хүн хэд хэдэн удаа ирэхдээ “өөр газар байр барьж байгаа, тэрийгээ комисст хүлээлгэж өгөх гээд байна, түр хүлээж байгаарай” гээд байдаг байсан. Тэгээд Отэй холбогдох гэхээр “ажил явдал гарлаа, компанийн дансанд мөнгийг чинь авсан болохоор нотариатаар орж байж гэрээ цуцлаад мөнгийг чинь өгнө” гэж хуурч мэхэлж явсаар байгаад эцэстээ холбоо барьж чадахгүй болохоор цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Болдсайхан өгсөн: “... 2021 оны 9 сард би “барилгын ажил байна уу” гээд ярихад “Монел руу амины 2 давхар орон сууцанд вакум цонх хийж өгөх ажил байгаа, одоо очиж үзэх гээд явж байна, чамд хүн байвал хамтарч ажиллая, би бэлдцийг гаргаад өгнө, чи суулгах ажлыг хариуц” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгэхээр нь Офицер дээрээс Оийг аваад Монел өгсдөг замаар дээш яваад баруун талд байрлах амины 2 давхар орон сууцтай айлд очсон. Тэгээд О нь тэр айлын эхнэртэй нь ярилцаад тамга тэмдэг гаргаж ирээд гэрээгээ хийгээд, би тэр айлын гэрийн эзэнтэй нь хамт цонхны хэмжээг нь авсан юм. О нь гэрээ байгуулж байхдаа “бэлдэц нь гараад ирвэл 1 өдрийн дотор цонхыг суулгаад бэлэн болгочихно” гэж ярьсан. О надад бэлдэц бэлдээд өгчихвөл миний хийх ажил 1 өдрийн дотор 10 гаран цонхыг суулгаад дуусчих байсан юм. Тэгээд гэрээ хийж, цонхны хэмжилт аваад явснаас хойш хоногийн дараа Оээс “цонхны бэлдэц бэлэн болсон уу” гэсэн чинь “одоо бэлэн болж байна, чи хүнээ аваад 100 айл дээр очиж бай” гэхээр нь Яармагаас 2 хүнээ аваад 100 айл дээр очоод 3 цаг орчим хүлээгээд ирдэггүй, утсаа авахгүй байж байснаа аваад “бэлдэц нь арай гараагүй байна гэнэ, 1 өдөр хүлээчих” гэхээр нь 2 хүнээ буцааж хүргэж өгсөн. Маргааш нь дахиад утсаар ярьсан чинь О “би чухал ажилтай болчихлоо, өнөөдөр амжихгүй нь” гээд бас ирээгүй... Тухайн өдөр гэрээ хийхдээ 9.000.000 орчмоор вакум цонхны ажлыг хийж гүйцэтгэхээр тохироод урьдчилгаа 3.500.000 төгрөгийг О мобайлаар шилжүүлж авлаа. Бэлдэц хийх газартаа 2.700.000 орчмыг шилжүүлдэг гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Оийн яллагдагчаар өгсөн: “... миний бараа материалаа захиалдаг компани нь түүхий эдгүй болчихсон гэхээр нь би вакум цонхны захиалгын урьдчилгаанд авсан 3.500.000 төгрөгийг өөрийнхөө өр зээлд өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх.35-36/,   

Шүүгдэгч Н.Оийн ХААН банк дахь 5920446217 дугаар дансанд 3.500.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /хх.47/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мөнхзаяагийн өгсөн: “... Би 2021 оны 09 сарын 27-ны өдөр өөрийн “морины хэрэгсэл” гээд пэйж хаягаас “ямар вакум цонх хамгийн сайн нь вэ” гэсэн пост оруулсан юм. Тэгсэн О өөрийн хаягаас “манайх хамгийн сайныг хийнэ, хамгийн чанартайг хийнэ, хамгийн чанартайг хийнэ, 3-5 хоногт гарч ирнэ” гэсэн . Тэгээд би утасны дугаараа өгч гэрээ зааж өгөн, маргааш нь буюу 09 дүгээр сахын 28-ны өдөр манай гэрт ирж хэмжилт хийгээд хоорондоо гэрээ байгуулсан. Тэр үед надаас 7.000.000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би “7.000.000 төгрөг өгөх боломжгүй, 3.500.000 төгрөг өгье” гэсэн. Тэгээд би Отэй нэлээн удаан хугацаанд ярилцаж байгаад би 3.500.000 төгрөг өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа над руу хувь чатаар мессеж бичсэн. Дахин “400.000 төгрөг өгөөч” гэхээр нь би “өгөхгүй, чи эхлээд миний цонхыг авчраад өгчих, тэгвэл үлдэгдэл мөнгийг нь бэлэн мөнгөөр өгнө” гэж хариу залгаж хэлсэн. Үүнээс хойш 3-5 хоногийн дараа Оийн утас нь холбогдохгүй, олдохгүй, үнэн худал яриад байгаа нь мэдэгдэхгүй тэр чигээрээ алга болсон...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Оийн өгсөн “би хохирол төлбөрийг хариуцаж төлнө, харин залилах гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Н.О нь хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгон хохирогч С.Мөнхзаяагаас 3.500.000 төгрөг авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргасан болно.

          Гэм буруугийн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “ЮУ ОҮ ЖИ БИ” констракшн компани болон Мөнхзаяа нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Гэрээний харилцаанд иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, мөн гэрээний үүргээс гадна хохирлыг хүртэл нөхөн төлүүлэх, өөрт нь үүссэн байгаа бусад бүх хохирлоо нөхөн төлүүлэх, гэрээг дүгнэсний эцэс эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний хэлцлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд зүйлс, түүнийг хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эзэмших, захиран зарцуулах эрхийг зөрчиж үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл хийх нь тогтоогдох юм бол харин залилах гэмт хэрэг гэж үздэг. Н.Оийн тухайд хохирогчийг анхнаасаа хууран мэхлэх зорилго байгаагүй, ЮУ ОҮ ЖИ БИ констракшн компанийн гүйцэтгэх захирал нь Н.О мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Н.Оийн Шилэн хийц компанид 2 жил 7 сарын хугацаагаар ажилласан нь гэрээний үүргийг биелүүлэх хангалттай туршлага, чадвартай, мөн ЮУ ОҮ ЖИ БИ констракшн компани болон хохирогч С.Мөнхзаяа нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм... 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Монгол улсад ковид цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоож, улс орны эдийн засгаас гадна иргэдийн эдийн засаг ихээхэн хүнд байдалд орсон байна. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм... Прокуророос яллах дүгнэлт үйлдэж Н.Оийг яллахдаа гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан, хуурсан, залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч гэрээгээр хэрхэн халхавчилсан гэдгийг эргэлзээгүй байдлаар нотлоогүй. Яг ямар хуулийг зөрчиж С.Мөнхзаяаг хэрхэн төөрөгдөлд оруулсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нь гэм буруутай эсэхэд энэ хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд эргэлзээ гарвал хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг энэ хэрэг дээр баримтлах үндэслэл болж байна гэж үзэж байна... залилах санаа зорилго, сэдэлтгүй, субьектив шинж тогтоогдоогүй...” гэх зэрэг дүгнэлтийг гаргажээ.

Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал хохирогч нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх зэрэг тодорхой үйлдэл хийсэн төдийгүй, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг зориулалтын бусаар зарцуулсан бол залилах гэмт хэргээр зүйлчлэх тул өмнө дурдсан шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгч нарын дүгнэлтүүдийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Н.О нь хохирогч С.Мөнхзаяагийн 3.500.000 төгрөгийг залилан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Н.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Н.Оээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын 15.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мөнхзаяад олгох нь зүйтэй.

Хохирогч С.Мөнхзаяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Оээс жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Н.О гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Оийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээгээр их биш, урьд мөн нэг удаагийн үйлдэлтэй залилангийн гэмт хэрэгт шийтгэгдэж байсан хэрэг нь энэ хэрэгтэй цаг хугацааны хувьд ойролцоо үйлдэгдсэн, 0-15 насны 4 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Н.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.От дээрх хугацаанд өөрийн оршин суух аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, зарим хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

          Н.О нь 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Шүүгдэгч Н.От 2021 оны 09 дүгээр сарын 04-07-нд үйлдсэн гэмт хэргийн учир Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 539 дүгээр шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

          Гэтэл шүүгдэгч Н.Оийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой юм.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Н.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Нын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.От Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.От сануулсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Н.От Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 539 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болон энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Оээс 3.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Мөнхзаяад олгосугай.

          7. Хохирогч С.Мөнхзаяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Оээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ӨСӨХБ