Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 146/ШШ2019/00095

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, ___ багт оршин суух Б овгийн С-ын Г-ын /РД:____/нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, ___ багийн ___ хороонд оршин суух Ц овгийн Д-ын Ж-ид /РД:____/ холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч С.Г-, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Г- миний бие Д.Ж-тай 2003 онд танилцаж улмаар гэр бүл болохоор тохиролцон суусан. 2005 онд охин Н-, 2007 онд бага охин А- нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд Ж- нь архи ууж агсам тавин удаа дараа зодож нүддэг болсон. Тодорхой тогтсон ажил төрөл хийхгүй, үр хүүхдээ хайхрахгүй орхидог байснаас салаад 4 жил болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө  үү...” гэв.

 

Хариуцагч Д.Ж- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч С.Г-ын хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Д.Ж- нь гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй...” гэжээ.

 

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч Д.Ж- холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

С.Г-, Д.Ж- нар нь 2003 онд танилцаж, 2005 оны 07 дугаар сарын 25-ны  өдөр гэрлэлтээ батлуулж, 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Ж.Н, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ж.А нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Г-, хариуцагч Д.Ж- нар нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар эвлэрүүлэн зуучлалд хандсан байна.

Гэрлэгчид гэр бүл цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч С.Г- нь хүүхдийн тэтгэлгийг хариуцагч Д.Ж-аас нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд гэрлэгчид болох С.Г-,  Д.Ж- нарын гэрлэлтийг цуцалж, 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Ж.Н, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ж.А нарыг эх С.Г-ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г-од олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Д.Ж-ийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 дахь удаагаа ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 132 дугаар зүйлийн 132.5, 132 дугаар зүйлийн 132.6-д  заасныг тус тус удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Б овгийн С-ын Г-ыг, Ц овгийн Д-ын Ж- нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Ж.Н, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ж.А нарыг  эх С.Г-ын асрамжинд үлдээсүгэй.

 

 3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г-од  олгосугай.   

 

 5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцлуулсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах  эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг тайлбарласугай.

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ДАГИЙМАА