Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1765

 

 

 

 

 

 

2022         12          01                                        2022/ШЦТ/1765

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Жд холбогдох 2206 03620 3664 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 61-А байрны 127 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Чын Ж /РД: /.

Хэргийн товч агуулга:

Ч.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 61-А байрны гадна насанд хүрээгүй хохирогч Г.Минжээгийн мартаж үлдээсэн байсан Ай фоне 8 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Жы өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Минжээгийн өгсөн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 55 дугаар байрны гадна найзуудтайгаа явж байгаад тэр байрны дэлгүүр ороод гарч ирээд хаалганы зүүн талд байсан сандал дээр найз Мишээлийн хамт суусан. Би Мишээлийн нурууг дарж өгөхдөө гартаа барьсан гар утсаа сандал дээр тавьчихсан юм. Тэгээд бид 2 босоод найзуудтайгаа талбай явна гээд тэндээс яваад 72 дугаар хотхоны эсрэг талын автобусны буудал дээр очоод гар утсаа байхгүйг мэдээд буцаж очоод дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд бүрсгэр байхаар нь орцных нь камер шүүж үзэхэд 17 цаг 30 минутын үед цэнхэр бомбор доогуураа саарал өмдтэй 60 орчим насны эрэгтэй хүн сандал дээрээс миний гар утсыг аваад халаас руугаа хийгээд орц руу орж байсан. Тэр хүн тухайн байрны 14 давхрын 127 тоотод оршин суудаг хүн гэж орцны жижүүр нь хэлсэн. Айфоне 8 загварын хар өнгийн гар утсыг 2022 онд гар утасны худалдааны төвөөс 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шинээрээ ямар нэгэн сэв зураас байхгүй, хар кейстэй...” гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Лхаважаргалын өгсөн: “... Би “Манай байр” СӨХ-д 2019 оноос эхэлж ажиллаж байгаа. Тус СӨХ нь 55а байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг... би тухайн өдөр гар утсаа алдсан хүүхдийн нэрийг мэдэхгүй, танихгүй. 14-15 орчим насны 2 эмэгтэй хүүхэд орж ирээд “гар утсаа алдчихлаа, камер шүүгээд өгөөч” гэж хэлэхээр нь би 61 а байрны гадна талын камерыг шүүж өгсөн. Бичлэгт тэр 2 хүүхэд 61 а байрны гадаах орцны үүдний сандал дээр сууж байгаад босоод явж байсан. Удалгүй манай 61а байрны 14 давхрын 127 тоотод оршин суух зүс таних ах /нэрийг нь мэдэхгүй/ орц луу орох гэж байснаа гадаах сандал дээрээс ямар нэгэн зүйл аваад энгэрийн халаасандаа хийсэн. Тэгээд дэлгүүрээр ороод буцаад орц руу орж цахилгаан шатанд суугаад гэртээ орж байсан. Манай байр давхар бүртээ хяналтын камертай тул би камерын бичлэг харж байгаад тоотын айл гэдгийг хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 61 а байрны 127 тоотод оршин суух зүс таних хүн цэнхэрдүү өнгийн бомбор куртик, саарал өнгийн өмдтэй байсан нь камерын бичлэгээс харагдаж байсан. Манай байрны хяналтын камер 10 хоногийн бичлэг тул одоо тухайн үеийн бичлэг байхгүй. Гэхдээ тэр 2 хүүхэд гар утсан дээрээ бичлэгийг нь бичиж авсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Раднаабазарын өгсөн: “... Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер. Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр чиглэл 115-д үүрэг гүйцэтгэсэн. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 20 минутад цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд г.Минжээ гэх охин Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61/А байрны гадна гар утсаа алдсан гэх дуудлага ирүүлснийг манай 115 чиглэл очиж шалгасан. Тухайн үед дэд ахлагч Бат-Оргилын хамт очиж шалгахад хохирогч Г.Минжээ нь “гар утсаа сандал дээр гар утсаа мартаж яваад эргээд ирэхэд алга болсон байна” гээд 61/А байрны булангийн хяналтын камерын бичлэгийг найзынхаа гар утсан дээр бичээд авчихсан байсан. Тэгээд бичлэгийг үзэхэд 50 орчим насны эрэгтэй хүн байрны гадна орцны үүдний сандал дээрээс хохирогчийн гар утсыг аваад хувцасныхаа халаасанд хийж байгаа нь бичигдсэн байсан. Мөн хохирогч Минжээ нь өөрөө орцны хяналтын камерыг шүүж үзээд хэдэн давхарт аль хаалга руу орж байгааг нь мөн бичлэгээс хуулаад авчихсан байсан тул хаягаар орж шалгахад Ж гэх 50 орчим насны, согтуу эрэгтэй хүн хаалгыг тайлж өгсөн ба гэртээ ганцаараа байсан. Жаас гар утсыг нь гаргаж өгөхийг шаардахад “юу яриад байгаа юм, би аваагүй” гээд гүрийгээд байсан тул цагдаагийн хэлтэст хүргэж ирж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Эрүүлжүүлэх үед өмсөж ирсэн хувцаснаас нь хохирогчийн гар утас гарч ирээгүй. Хар өнгийн бомбортой байсан. Тухайн үед өмсөж явсан хувцсыг нь санахгүй байна. Бор царайтай, 50 орчим насны, намхан нуруутай эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.32-34/,

“Дамно” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн БЗ1-22-1143 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.37-38/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.64-66/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Жы яллагдагчаар өгсөн: “... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.69/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт /хх.72/,

Хохирол төлсөн тухай баримт /хх.77/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.79/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.41/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.42/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.43-60/,

Оршин суух газрын тодорхойлолт /хх.76/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Ч.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 61-А байрны гадна насанд хүрээгүй хохирогч Г.Минжээгийн мартаж үлдээсэн байсан Ай фоне 8 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Минжээгийн өгсөн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн үед ... Би Мишээлийн нурууг дарж өгөхдөө гартаа барьсан гар утсаа сандал дээр тавьчихсан юм. Тэгээд бид 2 босоод найзуудтайгаа талбай явна гээд тэндээс яваад 72 дугаар хотхоны эсрэг талын автобусны буудал дээр очоод гар утсаа байхгүйг мэдээд буцаж очоод дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд бүрсгэр байхаар нь орцных нь камер шүүж үзэхэд 17 цаг 30 минутын үед цэнхэр бомбор доогуураа саарал өмдтэй 60 орчим насны эрэгтэй хүн сандал дээрээс миний гар утсыг аваад халаас руугаа хийгээд орц руу орж байсан. Тэр хүн тухайн байрны 14 давхрын 127 тоотод оршин суудаг хүн гэж орцны жижүүр нь хэлсэн. Айфоне 8 загварын хар өнгийн гар утсыг 2022 онд гар утасны худалдааны төвөөс 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шинээрээ ямар нэгэн сэв зураас байхгүй, хар кейстэй...” гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Лхаважаргалын өгсөн: “... Бичлэгт тэр 2 хүүхэд 61 а байрны гадаах орцны үүдний сандал дээр сууж байгаад босоод явж байсан. Удалгүй манай 61а байрны 14 давхрын 127 тоотод оршин суух зүс таних ах /нэрийг нь мэдэхгүй/ орц руу орох гэж байснаа гадаах сандал дээрээс ямар нэгэн зүйл аваад энгэрийн халаасандаа хийсэн. Тэгээд дэлгүүрээр ороод буцаад орц луу орж цахилгаан шатанд суугаад гэртээ орж байсан. 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 61 а байрны 127 тоотод оршин суух зүс таних хүн цэнхэрдүү өнгийн бомбор куртик, саарал өнгийн өмдтэй байсан нь камерын бичлэгээс харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Раднаабазарын өгсөн: “... Тэгээд бичлэгийг үзэхэд 50 орчим насны эрэгтэй хүн байрны гадна орцны үүдний сандал дээрээс хохирогчийн гар утсыг аваад хувцасныхаа халаасанд хийж байгаа нь бичигдсэн байсан. Мөн хохирогч Минжээ нь өөрөө орцны хяналтын камерыг шүүж үзээд, хэдэн давхарт аль хаалга руу орж байгааг нь мөн бичлэгээс хуулаад авчихсан байсан тул хаягаар орж шалгахад Ж гэх 50 орчим насны, согтуу эрэгтэй хүн хаалгыг тайлж өгсөн ба гэртээ ганцаараа байсан. Жаас гар утсыг нь гаргаж өгөхийг шаардахад “юу яриад байгаа юм, би аваагүй” гээд гүрийгээд байсан... Хар өнгийн бомбортой байсан... Бор царайтай, 50 орчим насны, намхан нуруутай эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.32-34/,

“Дамно” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн БЗ1-22-1143 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Жы яллагдагчаар өгсөн: “... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. ” гэх мэдүүлэг /хх.69/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Жы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Жыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Ч.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 61-А байрны гадна насанд хүрээгүй хохирогч Г.Минжээгийн мартаж үлдээсэн байсан Ай фоне 8 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь “Гээгдэл эд хөрөнгө завшихгэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Ч.Жы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Ч.Ж нь Насанд хүрээгүй хохирогч Г.Минжээгийн 400.000 төгрөгийн үнэ бүхий гээгдэл эд зүйлийг завшиж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Ч.Жы үйлдсэн дээрх   гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Иймд шүүгдэгч Ч.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Насанд хүрээгүй хохирогч Г.Минжээд эд зүйлийн үнэ 400.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ж нь нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Ч.Ж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ч.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Жы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жд 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, мөн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

Ч.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ч.Жд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй. 

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Ч.Жд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч О овогт Чын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Жд сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Жд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР