| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2018/03722/и |
| Дугаар | 446 |
| Огноо | 2019-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41-121 тоот хаягт байрлах, Мастер стар констракшн ХХК /РД:5187095/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол үйлчилгээний төвийн 403 тоот хаягт байрлах, Ласти-Интернэшнл ХХК /РД:5613914/-д холбогдох,
260,861,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Халиунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мастер стар констракшн ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани буюу Мастер стар констракшн ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багийн нутаг дэвсгэрт 2015 оноос баригдаж эхэлсэн Ласти таун хотхоны барилга угсралтын ажлуудыг захиалагч, хөрөнгө оруулагч болох Ласти-Интернэшнл ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15/09/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол Ласти таун-ны барилгын бетон шал, тагтны өндөрлөгийн ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 16/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэг орцны дотор заслын ажлыг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэг орцны дотор заслын ажлыг тус тус 279,477,556 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээт ажлын нийт төлбөр тооцооноос 90,000,000 төгрөгийг Ласти-Интернэшнл ХХК-ийн нягтлан бодогч О.Оюунчимэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10-р хороо, 33-р байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгсөн. Гэтэл Ласти-Интернэшнл ХХК-ийн удирдлага болон нягтлан бодогч О.Оюунчимэг нар Баянгол дүүргийн 10-р хороо, 33-р байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг одоо шилжүүлэн өгөөгүй, бэлнээр төлөх ёстой 169,477,556 төгрөгнөөс 61,730,000 төгрөгийг төлж, 127,747,556 төгрөгийг төлөөгүй болно. Ласти-Интернэшнл ХХК-ийн нягтлан бодогч О.Оюунчимэгтэй хоёр компанийн хооронд үүссэн төлбөр тооцоог нягтлан бодох бүртгэлийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хамруулан тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан. Иймд Ласти-Интернэшнл ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 15/09/02 тоот ажил гүйцэтгэх гэрээний 5.7, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 16/02 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.2 дахь заалтуудад тус тус заасны дагуу Ласти-Интернэшнл ХХК-иас 127,747,556 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 10-р хороо, 33-р байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг Мастер стар констракшн ХХК-ийн өмчлөл рүү О.Оюунчимэгийн өмчлөл рүү шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудтай танилцаад хариуцагч О.Оюунчимэгт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 10-р хороо, 33-р байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ласти-Интернэшнл ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Оюунчимэгээс дор дурьдсан нотлох баримтуудыг шүүхэд гаргасан.
Үүнд: хариуцагч О.Оюунчимэг нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ласти интернэшнл ХХК-д 90,000,000 төгрөгөөр худалдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ,
2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Шаттле ББСБ О.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ,
/Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр гаргасан 183/Ш32017/09843 дугаар бүхий Шаттле ББСБ иргэн О.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан захирамж зэрэг нотлох баримтуудтай танилцсан. Дээр дурьдсан нотлох баримтуудтай танилцсаны үндсэн дээр О.Оюунчимэг нь Мастер стар констракшн ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг Ласти Интернэшнл ХХК-д 90,000,000 төгрөгөөр худалдсан байх тул хариуцагч Ласти Интернэшнл ХХК-иас анхны нэхэмжилсэн 127,747,556 төгрөг, О.Оюунчимэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт гэрээ ёсоор өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй, нийт гүйцэтгэсэн ажлын хөлснөөс орон сууцны төлбөртэй тэнцэх 90,000,000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг 90,000,000 төгрөгөөр, Ласти-Интернэшнл ХХК-тай нийтдээ 3 удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсийг тус компаниас гэрээний дагуу санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон, бид тус компаниас гэрээний үнийг гэрээ ёсоор төлнө гэсэн итгэлээр компанийн хувьцаа эзэмшигчдийн өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууц, тээврийн хэрэгслийг барьцаалан банкнаас төгрөгийн хүүтэй зээл, иргэнээс ам.долларын хүүтэй зээл авч ажилчдын цалин хөлсийг олгон гэрээт ажлыг хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэсэн боловч Ласти-Интернэшнл ХХК-иас гэрээний үнийг төлөөгүйгээс банк, иргэнээс авсан зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлж чадаагүйгээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги байдлаар манай компанид үүссэн санхүүгийн хүндрэлийг тооцоолон Ласти-Интернэшнл ХХК-ийн төлөх ёстой 217,747,556 төгрөгнөөс 66 хоногт ногдох хоногийн 0,3 хувиар тооцсон алданги 217,747,556 х 0,3% х 66 хоног = 43,114,016 төгрөг, нийт 133,114,016 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд Ласти-Интернэшнл ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 15/09/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5,7, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 16/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.3, 2016 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.2 дахь заалтуудад тус тус заасны дагуу 217,747,556 төгрөг, 2016 оны 01дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 16/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.3, 2016 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.3 дахь заалтуудад тус тус заасны дагуу алданги 43,114,016 төгрөг, нийт 260,861,572 төгрөгийг хариуцагч Ласти-ИнтернэшнлХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мастер стар констракшн ХХК нь Ласти-Интернэшнл ХХК-тай Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун барилгын бетон шал, барилгын дотор засал, шавардлагын ажил хийхээр 3 ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талуудын байгуулсан гэрээг тус бүрээр яривал 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 15/09/02 дугаартай гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр барилгын дотор засал хийх 16/02 дугаартай гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын заслын ажил хийж гүйцэтгэхээр 279,475,756 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирсон. Гэрээний ажил тохирсон хугацаанд гүйцэтгэж Ласти-Интернэшнл ХХК нь гэрээний төлбөрөөс 90,000,000 төгрөгөнд тус компанийн ерөнхий нягтлан бодогч О.Оюунчимэг өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны 3-68 тоот 3 өрөө орон сууц өгөхөөр тохирсон. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус орон сууцны эзэмших эрхийг манай компанид шилжүүлж өгсөн. Ласти-Интернэшнл ХХК-ийн удирдлага болон нягтлан О.Оюунчимэг нар дээрх орон сууцны өмчлөх эрх шилжүүлж өгөөгүй. Хариуцагч Ласти-Интернэшнл ХХК нь 169,476,556 төгрөг төлөхөөс 61,730,000 төгрөг төлж үлдэгдэл 127,747,556 төгрөг төлөөгүй. Ласти-Интернэшнл ХХК-ийн нягтлан О.Оюунчимэгтэй 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны тооцооны үлдэгдэл баталгаажуулсан. Ласти-Интернэшнл ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 15/09/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 5.7, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 16/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2-д тус тус зааснаар 3 удаагийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон алдангид Ласти-Интернэшнл ХХК-иас нийт 260,861,572 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 14,951 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 260,846,621 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мастер стар констракшн ХХК хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 127,747,556 төгрөгийг гаргуулах, хариуцагч О.Оюунчимэгт холбогдуулан Баянгол дүүргийн 10-р хороо, 33-р байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч О.Оюунчимэгт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 10-р хороо, 33-р байрны 68 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/00171 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нь хариуцагч О.Оюунчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хх-135 тал/
Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 133,114,016 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 260,861,572 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 14,951 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 260,846,621 төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, энэ үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.
Шүүхээс хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр тус тус гардуулсан боловч хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраад шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Мастер стар констракшн ХХК нь хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15/09/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол Ласти таун-ны барилгын бетон шал, тагтны өндөрлөгийн ажлыг 43,070,720 төгрөгөөр, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 16/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэг орцны дотор заслын ажлыг 164,016,000 төгрөгөөр, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэг орцны дотор заслын ажлыг 96,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх ба гэрээний шинж, гэрээний талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа... хариуцагч Ласти-ИнтернэшнлХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажилласан боловч гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 217,747,556 төгрөгийг өгөөгүй тул гэрээний төлбөрт 217,747,556 төгрөгийг, гэрээнд заасны дагуу алдангид 43,099,065 төгрөг, нийт 260,846,621 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ
Талууд дээрх ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоход хариуцагч нь нэхэмжлэгч талд дээрх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 127,747,556 төгрөгийн өгөхөөр тооцоо нийлсэн байна.
2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16/02 дугаартай гэрээний 2,3 дахь хэсэгт гэрээний үнийн дүнгийн 90,000,000 төгрөгт тооцон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 68 тоот 3 өрөө орон сууцыг өгнө гэж заасан байх ба талууд дээрх тооцоо нийлсэн актандаа 90,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгснөөр тооцож, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 127,747,556 төгрөгийн өгөхөөр тохиролцжээ.
Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний 90,000,000 төгрөгний үүрэгт шилжүүлэхээр тохиролцсон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 68 тоот 3 өрөө орон сууц нь Ласти-ИнтернэшнлХХК-ийн нягтлан О.Оюунчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх ба өмчлөгч О.Оюунчимэг нь уг орон сууцыг Шаттле ББСБ-д зээлийн барьцаанд тавьж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2017/09843 дугаартай захирамжаар О.Оюунчимэг нь Шаттле ББСБ-д зээлийн гэрээний үүрэгт 69,266,667 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 68 тоот 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ласти-Интернэшнл ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 90,000,000 төгрөгт тооцон дээрх орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тооцоо нийлсэн актаар тохирсон 127,747,556 төгрөг дээр нэмж 90,000,000 төгрөг, нийт 217,747,556 төгрөгийг нэхэмжлэгч Мастер стар констракшн ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.гэж мөн хуулийн 232.4 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.3 дахь заалтыг үндэслэн алдангид 31,523,252 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.3 дахь заалтыг үндэслэн алдангид 11,575,813 төгрөг, нийт алдангид 43,099,065 төгрөгийг нэхэмжилжээ.
2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т Захиалагч тал нь материал нийлүүлэхдээ хугацаа алдаж ажил зогсвол хоног тутамд нийт ажлын хөлсний 0,3 хувийн алданги төлнө гэжээ.
Энэхүү заалт нь захиалагч материал хугацаандаа нийлүүлэх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор алданги шаардах эрх байх тул уг заалтыг үндэслэн ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүйгээс үүсэх алдангийг нэхэмжлэх эрхгүй гэж үзлээ.
2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.3-д ажлыг актаар хүлээлгэн өгч,түлхүүр гардуулснаас хойш 30 хоногт багтаан үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлнө гэжээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүнгээ хэзээ хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй байхаас гадна алдангийн хугацааг хэрхэн тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг хоногоор тооцон нэхэмжилж байх боловч гэрээний 5.3 дахь заалтад хоногоор тооцох талаар тохиролцоогүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-иас 217,747,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мастер стар констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,099,065 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хэргийн материалтай танилцсан, хэргийн оролцогчийн эрх үүргийг түүнд танилцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч байгаа эсэх тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-иас 217,747,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мастер стар констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,099,065 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мастер стар констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,620,208 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,246,688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мастер стар констракшн ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА