Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0748/Э |
Дугаар | 2022/ШЦТ/733 |
Огноо | 2022-11-02 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/733
2022 11 02 2022/ШЦТ/733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 1149 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***-д авлага барагдуулах албанд ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ***дүүргийн *** дугаар хороо, ***хотхоны ***тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** (РД:***.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвд өөрийн хуучин “***” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан үнэмлэхийг ашиглан нэвтэрч улмаар “***” ХХК-ийн цахилгаан бараа худалдан борлуулдаг тасгаас “Ай фоун 13 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч “***” ХХК-д 4,899,900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас: “Гэм буруугаа хүлээж байна, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.
Хоёр: Эрүүгийн 221000000 1149 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *** ХХК-ийн гүйцэтгэх захирал ***оос гаргасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай гомдол (хавтаст хэргийн 6 дахь тал),
2. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хяналтын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8 дахь тал),
3. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:
1 минут 45 секунтэд *** нь цаасны дор хайрцагтай гар утсыг хийж, шилэн хоргыг татаж, цоожилж байгааг талаар тэмдэглэж, гэрэл зургаар харуулсан тухай. (хавтаст хэргийн 10-14 дэх тал),
4. Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Манай байгууллагад 2020 оны 02 дугаар сарын 01-ийн өдрөөс эхлэн худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гарсан *** нь тухайн дэлгүүрээс гар утасны танилцуулгын лангуун дээр байсан “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг 2022 оны 08 дугаар сарын 14-ийн өдөр хулгайлж авсаныг 2022 оны 09 дүгээр сарын 01-ийн өдөр тооллого хийж гар утас дутахаар нь камер шүүхэд гар утас хулгайлж байгаа бичлэг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ***тай утсаар холбогдож ярихад утас авсан талаар хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулья гээд тухайн өдрөө зарагдаж байгаа үнийн дүн болох 4.899.900 төгрөгийг шилжүүлж төлсөн байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
5. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...Манай компани сар болгоны 1-ний өдөр барааны нэгдсэн тооллого хийдэг. 2022 оны 08 дугаар сарын 31-ийн өдөр тооллого хийхэд Аррlе брэндийн “Ай фоне про макс 128 g серио” цэнхэр өнгийн гар утас дутсан. 2022 оны 09 сарын 01, 02, 03-ны өдрүүдэд хяналтын камерийг шүүж үзэхэд хуучин ажиллаж байсан Отгонжаргалын *** нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 20 минутын үед дэлгүүр нээхээс өмнө хуучин ашиглаж байсан нэвтрэх үнэмлэхээ ашиглаад дэлгүүрт орж ирээд шүүгээнд байсан гар утаснаас 1 ширхэг “Ай фоне 13 про макс” гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. ***тай утсаар холбогдоход утас авч явсан талаараа хүлээн зөвшөөрч утасны төлбөр болох 4,899,900 төгрөгийг өгнө гэсэн. ***ын ээж Отгонжаргалтай утсаар холбогдон болсон зүйлийн талаар хэлсэн чинь төлбөрийг нь өгнө гээд ээж нь тус төлбөр мөнгийг “***” ХХК-ийн 5038082962 гэсэн данс руу 4,899,900 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 24-25 дахь тал),
6. “Сэлэнгэ Эйстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №27 дугаартай “I phone 13 pro max” маркийн гар утсыг 4,899,900 төгрөгөөр тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33 дахь тал),
7. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... Би “***” ХХК-аас халагдаж эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн мөнгөний хэрэг гараад 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** дэлгүүрийн ажилчдын хаалгаар өмнө намайг ажиллаж байхад өгсөн нэвтрэх картаа уншуулаад орчихсон. Тэгээд 2 давхарт гараад “***” дэлгүүрийн лангуун дээр очиж кассны доор байсан түлхүүрийг аваад гар утас байсан шилэн хоргыг онгойлгоод “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг аваад гарч яваад тэр өдөртөө интернэтээр 3,950,000 төгрөгөөр зарчихсан. Мөнгийг нь би байрны түрээс, өр зээлдээ өгсөн. Тэгсэн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр салбарын менежер Тэлмэн утсаар холбогдоод утас аваад явсан байна, гар утас байгаа юу, зарчихсан уу гэж асуухаар нь би гар утас авсан, уг гар утсыг зарчихсан, төлбөрийг төлөх гээд мөнгө цуглуулж байгаа мөнгийг нь бүрэн гүйцээж өгнө гэж хэлсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан учир дараа 7 хоногийн нэг өдөр нь ээжийн данснаас 4,899,900 төгрөгийг шилжүүлж өгч төлбөрийг бүрэн барагдуулсан. Тэгээд би төлбөрийг өгсөн юм чинь болчихлоо гэж бодож байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
8. Хохирогч “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б***ы 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг (хавтаст хэргийн 43 дахь тал),
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ажил горилогчийн анкет, *** ХХК болон *** нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нууц хадгалах гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 22/00282 дугаартай *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ***ыг ажлаас халах тухай тушаал, худалдааны зөвлөх ажлын байрны тодорхойлолт, туршилтын ажилтны үнэлгээний хуудас, ажлын тайлан, туршилтын ажилтны дадлагажих хуудас, Эс сайн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай тодорхойлолт, ***ын *** ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд гаргасан хүсэлт, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58-92 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4,899,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн цахилгаан бараа худалдан борлуулдаг тасгаас 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Iphone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч “***” ХХК-д 4,899,900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
-2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр 1 минут 45 секунтэд *** нь цаасны дор хайрцагтай гар утсыг хийж, шилэн хоргыг татаж, цоожилж байгааг талаар тэмдэглэж, гэрэл зургаар харуулсан тухай. (хавтаст хэргийн 10-14 дэх тал),
Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай байгууллагад 2020 оны 02 дугаар сарын 01-ийн өдрөөс эхлэн худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гарсан *** нь тухайн дэлгүүрээс гар утасны танилцуулгын лангуун дээр байсан “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг 2022 оны 08 дугаар сарын 14-ийн өдөр хулгайлж авсаныг 2022 оны 09 дүгээр сарын 01-ийн өдөр тооллого хийж гар утас дутахаар нь камер шүүхэд гар утас хулгайлж байгаа бичлэг байсан. ...***тай утсаар холбогдож ярихад утас авсан талаар хүлээн зөвшөөрсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
-Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 31-ийн өдөр тооллого хийхэд Аррlе брэндийн “Ай фоне про макс 128 g серио” цэнхэр өнгийн гар утас дутсан. ...хяналтын камерийг шүүж үзэхэд хуучин ажиллаж байсан *** 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 20 минутын үед дэлгүүр нээхээс өмнө хуучин ашиглаж байсан нэвтрэх үнэмлэхээ ашиглаад дэлгүүрт орж ирээд шүүгээнд байсан гар утаснаас 1 ширхэг “Ай фоне 13 про макс” гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. ***тай утсаар холбогдоход утас авч явсан талаараа хүлээн зөвшөөрсөн. ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 24-25 дахь тал),
-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би “***” ХХК-аас халагдаж эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн мөнгөний хэрэг гараад 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** дэлгүүрийн ажилчдын хаалгаар өмнө намайг ажиллаж байхад өгсөн нэвтрэх картаа уншуулаад орчихсон. 2 давхарт гараад “***” дэлгүүрийн лангуун дээр очиж кассны доор байсан түлхүүрийг аваад гар утас байсан шилэн хоргыг онгойлгоод “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг аваад гарч яваад тэр өдөртөө интернэтээр 3,950,000 төгрөгөөр зарчихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
- “Сэлэнгэ Эйстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №27 дугаартай “I phone 13 pro max” маркийн гар утсыг 4,899,900 төгрөгөөр тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.*** нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор *** ХХК-ийн эзэмшлийн I phone 13 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байх бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч *** нь *** ХХК-нд 2020 оны 02 дугаар сарын 01-ийн өдрөөс эхлэн худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн үедээ өмнө ашиглаж байсан хугацааны нэвтрэх картыг уншуулж, *** ХХК-ийн худалдааны төв рүү орсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч тухайн худалдааны төв нь иргэдэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх тул хууль бус нэвтрэлтээр хүндрүүлэх шаардлагагүй гэж үзэж прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэж үндсэн шинжийг тодорхойлсон ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ***ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300,000 төгрөгөөс дээш буюу 4,989,900 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч *** ХХК-нд хохирол учирсан ба “Сэлэнгэ Эйстимэйт” ХХК 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “I phone 13 pro max Sierra Blue 128 gb загварын гар утсыг 4,899,900 төгрөгөөр үнийг тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б***ы хэрэгт ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт *** нь 1 ширхэг I phone 13 pro max Sierra Blue 128 gb утасны төлбөр болох 4,899,900 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Компанийн данс руу шилжүүлж, учруулсан хохирлоо барагдуулсан тул манай компани өөр нэхэмжлэх хохиролгүй болно. гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
1/Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт шүүх гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
2/Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *** нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах, ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо би ажил хийж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.
3/Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч ***ын хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өөрийн ажиллаж байсан байгууллагад халдаж гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж,
-хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч *** ХХК-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН