Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 474

 

 

 

 

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/00474

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Э-д холбогдох,

 

697,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, Н, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


             Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Э худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 4,283,000.00 төгрөгийн үнэ бүхий тос, тосолгооны бараа материалыг хүлээлгэн өгсөн.

 

            Гэвч бид 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,688,500.00 төгрөгийн барааг буцаан авч, хариуцагч тал үлдэх 2,594,500.00 төгрөгийн бараанаас 1,897,000.00 төгрөгийг төлсөн боловч 697,500.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

            Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч төлбөрийг 2 хувааж төлөхөөр болсон хэдий ч шүүхээс энэхүү гэрээг батлахаас татгалзсан.

 

            Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-иас хариуцагч Э-д холбогдуулан 697,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11:30 цагт товлож, энэ тухай хариуцагчид мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийн дагуу хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Э-д 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан.

 

Тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Хариуцагч Энь нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2 хувааж төлнө гэсэн хариу тайлбар өгсөн хэдий ч тус төлбөрийг хэзээ төлөх талаар тодорхой дурдаагүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХКболон хариуцагч Энар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тос тосолгооны материал худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 4,283,000.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар тохирсон байна /х.х-ийн 12-15 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хариу тайлбарт тус тус дурдсанаар зохигчид 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,688,500.00 төгрөгийн барааг буцааж, харин хариуцагч тал үлдэх 2,594,500.00 төгрөгөөс 1,897,000.00 төгрөгийг төлсөн боловч 697,500.00 төгрөгийг төлөөгүй ажээ.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу хариуцагч Ээнэ тухай маргаагүй тул түүнийг нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

 Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Тодруулбал, хэдийгээр зохигчид тухайн шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг нэн даруй бус хожим төлөхөөр тохирсон боловч худалдан авагч тал зөвхөн гэрээний зүйл болсон тос тосолгооны бүтээгдэхүүнийг худалдах үеийн үнийг төлөх тул энэ хуулийн 262 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөөр төлөх хэмжээ, хэсэгчлэн төлөх үнэ, зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тохироогүй,  гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

 

Гэтэл хариуцагч тал тухайн маргаанд тос тосолгооны бараа материалыг хүлээн аваагүй, төлбөрийг бүрэн төлж дууссан гэж маргаагүй ба тэрээр тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох 697,500.00 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлнө гэж зөвшөөрсөн байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 697,500.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг үндэслэн хариуцагч Э-с 697,500.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,290.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,290.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР