Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: П.Нарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************овогтой *********************холбогдох эрүүгийн 2227002000146 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ***************аймгийн ************ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт **********аймгийн ********** сумын ********** дугаар баг, *************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ***********овогтой *****************************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч *************** нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр **********аймгийн *********сумын ****************** дугаар багт байрлах Хорихын байрны гадна иргэн ******************нүүр хэсэгт нь 2-3 удаа мөргөх, цээж толгой хэсэг рүү нь хөлөөр өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ:

             Би гэрийнхээ гадаа мод бэлдээд байж байсан чинь манай гэрийн гадаа согтуу залуу ирсэн. Би машинаас данхраад авах гээд очсон чин буруу талын хаалга нь онгойчихсон миний машиныг зурчих гээд байсан. Тэгэхээр нь би миний дүү жаахан согтуу байх шиг байна болгоомжтой байгаарай гэсэн чинь чам шиг муу банди надад юм хэлэхгүй шүү гээд машинаасаа бууж ирсэн. Тэгэхээр нь би мөргөчихсөн юм. Өөр зүйл болоогүй гэв.

 

Хохирогч************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчим өөрийн найз **************гэрт “Нийслэл” нэртэй 2.5 литрийн хэмжээтэй нэг пивийг урд өмнө нь ************ дугаар ангид ажилладаг байсан ***************нартай хувааж уугаад би өөрийн эзэмшлийн Портер 2 маркийн машиныг тэдний гэрийн гадаа зогсоол дээр машин хаагаад тавьсан байсан. Тухайн үед ууж дуусаад зогсоол дээр зай гарсан байх гэж бодоод гадаа гараад машинаа байрлуулж тавиад ***************** бид 2 машинд суугаад ****************** хаалга онгойлгоод юм яриад байж байтал нэг ах ирээд машин тэргээ наанаа тавихгүй хол тавь пиздаанууд гэж хэлэхээр нь би таны машинаас  хол зайтай байна гэхэд над руу чи муу яасан олон үгтэй юм бэ наад машинаа зайлуул гэд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд энгэрээс нь бариад авахад намайг нүүр лүү 3 удаа мөргөсөн, би мөргүүлээд унахад толгой хэсэгт 2, цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд манай хоёр найз болиоч гээд залгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгээд бид 3 гадаа манай байрны зогсоол дээр *********** машинаасаа цэнэглэгч ойр зуурын зүйлээ авах гээд жолооч талд нь суусан байсан бид хоёрын хажууд ************ маркийн машин онгорхой хаалганаас 30 м зайтай зогсоол дээр зогсож байсан. Тэгтэл тэр машины эзэн наад машинаа хол тавь, машин тэрэг зурчхав писдаанууд минь гэж хэлэхээр нь ************ урдаас нь зайтай байгаа юм биш үү, зурчхаагүй байгаа юм биш үү гэж хэлэхэд чи юу гээд байгаа юм гээд бууж ирэхэд ********* шууд татаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа мөргөсөн, хальтраад унахад цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд салгахад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч ************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед найз ************ гэрт ороход **************2.5 литрийн Нийслэл нэртэй пиво хувааж уугаад байж байхаар нь ууж байсан пивоноос уучхаад ************гарч *************машинаа зөв байрлуулъя машинууд хаагаад тавьсан байгаа гэхэд бид 3 гарч **********машинаа зогсоолд тавьсан. Тэгсэн хажуу талын байрнаас ********** гэх ах гарч ирээд  машин тэрэг зурлаа яасан ойрхон тавьсан юм гэсэн чинь зөндөө л хол зайтай байна ш дээ гэж хэрэлдэж байгаад сүүлдээ барилцаж аваад *********** гэх хүн ********* шууд мөргөж унагаасан. ********** бос ч ирээд яаж байна гэсэн чинь дахиад мөргөж унагаад цээж рүү нь хэд өшиглөөд авсан. Тэгээд манай найз *********** салгаж цагдаа дуудсан ийм  үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №619 тоот:

“...1. Үзүүлэгч **************** биед тархи доргилт, баруун зовхи дээд доод зовхи, хацрын төвгөр, цээж, баруун бугалга хэсэгт цус хуралт, гадна дээд доод уруулд зулгаралт, дээд уруулын дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 627 дугаартай тодорхойлолт, *****************эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогч ***************** Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 32, 46, 63 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ************** нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******** аймгийн ******** сумын ********дугаар багт байрлах *********** гадна иргэн **************нүүр хэсэгт нь 2-3 удаа мөргөх, цээж толгой хэсэг рүү нь хөлөөр өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ****************** үйлдсэн болох нь

Хохирогч ******************н мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч **************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28, 09 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №619 тоот: “...1. Үзүүлэгч ****************** биед тархи доргилт, баруун зовхи дээд доод зовхи, хацрын төвгөр, цээж, баруун бугалга хэсэгт цус хуралт, гадна дээд доод уруулд зулгаралт, дээд уруулын дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******************хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч *********************** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч ********************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч **************нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч*********гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч *******************цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****************** овогтой ************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *************500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар *************** нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. ******************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *********************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА