Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2024/0114/З |
Дугаар | 221/МА2024/0660 |
Огноо | 2024-10-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0660
2024 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2024/0660 | Улаанбаатар хот |
“А***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “А***” ХХК,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “А***” ХХК-ийн хайгуулын XV-02*** дугаартай тусгай зөвшөөрлийн 7 дах жилийн сунгалтыг хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгалт хийхийг хариуцагчид даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0576 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр,
Хэргийн индекс: 128/2024/0114/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А***” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “А***” ХХК-ийн хайгуулын XV-02*** дугаартай тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн сунгалтыг хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгалт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0576 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 38 дугаар зүйлийн 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А***” ХХК-ийн хайгуулын XV-02*** дугаартай тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн сунгалтыг хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “А***” ХХК-ийн хайгуулын XV-02*** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулийн өргөдлийг ирүүлэхдээ мөн хуулийн 22.1.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-д заасан үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-дт хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргасан ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан баримт бичгийн бүрдлийг хавсаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10/2206 дугаар албан бичгээр буцаасан.
3.2 Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11-д “Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана” гэж хуульчилсан тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажилласан Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх харилцааг хуульчилсан бөгөөд 6.1.1 дэх хэсгийн 1-д зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр зохицуулсан. “А***” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-02*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг эрх бүхий этгээдээс түдгэлзүүлж, хязгаарлалтын бүртгэлд бүртгүүлсэн баримт бүртгэл байхгүй байна.
3.3 Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын ХВ-02*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө хуульд заасан өргөдөл гаргаагүй нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
3.4 Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхай асуудал эрхэлсэн нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ...” хуульчилсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Шүүх эрх бүхий этгээдийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх харилцаанаас үүдэлтэй маргааныг шууд даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад хандан 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 23/12 дугаар албан бичгээр Байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч хууль бус шаардлага тавьж батлахаас татгалзсан.
Үүний улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан ашигт малтмалын хайгуулын XV-02*** дугаар тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн сунгалтыг хийлгэх өргөдлийг хариуцагч хүлээж авахгүй буцаасан.
Улмаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсныг холбогдох баримтын хамт хариуцагчид хүргүүлсэн боловч “А***” ХХК-ийн хайгуулын XV-02*** дугаартай тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн сунгалтыг хийхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэсэн агуулгаар маргаж байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
5. Тухайн тохиолдолд хэрэгт нотлох баримтаар авагдсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны ирсэн болон явуулсан албан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбараас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж буй “А***” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 23/12 дугаар албан бичиг нь сумын Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй.
Харин 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноо бүхий “А***” ХХК-ийн 23/14 дугаартай албан бичиг бүртгэгдсэн нь “...Бид 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хайгуулын ажлын байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар хүргүүлсэн боловч сумаас 2022, 2023 оны газрын төлбөр болон төлөвлөгөөнд шатсан нүүрсний асуудлыг шийдэрлэсний дараа баталж өгнө гэсэн учраас газрын төлбөрийг төлж, байгаль хамгаалах төлөвлөгөөний хамт хүргүүлж байна ... уурхайн зэргэлдээх айлуудын асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд урьдчилгаа тодорхой хэмжээний мөнгө төлөх талаар санал тавьсан боловч тухайн иргэний зүгээс урьдчилгаа авахгүй Улаанбаатар хотод 2 өрөө байр авахуулна гэсэн шаардлага тавьж байна” гэх агуулга бүхий албан бичиг байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2023/0666/З индекстэй захиргааны хэрэгт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/533 дугаар албан бичгээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт “... “А***” ХХК-иас 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 23/12 тоот албан бичиг тус сумын Засаг даргын Тамгын газарт ирээгүй, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23/14 тоот албан бичиг тус сумын Засаг даргын Тамгын газарт 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ирсэн...” хэмээн дурдсан.
Нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/15 дугаар албан бичгээр “...Бид 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хайгуулын ажлын байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар хүргүүлсэн ... Даланжаргалан сумаас хууль бус шаардлага тавьж төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа тул бид лицензийн төлбөр болон үйлчилгээний төлбөрийг төлж, хуулийн хугацаанд материалыг хүргүүлж байна” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан хэмээн тайлбарлаж, албан бичгийн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зэрэг зөрүүтэй үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх тухайн зөрүүтэй үйл баримтыг нягтлан тогтоохтой холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй.
Тухайн зөрүүтэй үйл баримтыг тогтоохтой холбоотой ажиллагааг хийлгүй атлаа “...сумын Засаг даргад 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 23/22, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23/14 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтүүдээр Байгаль хамгаалах төлөвлөгөөг хуулийн хугацаанд хүргүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуулийн хугацаанд баталж өгөөгүй болох нь тогтоогдож байна” хэмээн дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “А***” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт XV-02*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн зэрэгцээ MV-20*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Улмаар, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 23/12 дугаар албан бичгээр сумын Засаг даргад хандахад хариу өгөөгүй тул 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23/14 дугаартай албан бичгээр дахин хандсан боловч мөн төлөвлөгөөг батлаагүй тул 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/15 дугаартай албан бичгээр Кадастрын хэлтэст хандсан хэмээн тайлбарлан маргасан.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 23/12 дугаар албан бичиг сумын Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23/14 дугаартай албан бичиг нь 5 дугаар сарын 08-ны өдөр ирсэн буюу нэхэмжлэгчээс 4 дүгээр сарын 28-ны өдөр Кадастрын хэлтэст хандан хүсэлт гаргах үед сумын Засаг даргаас дээрх төлөвлөөгөөг баталсан байсан эсэх, хэрэв баталсан бол хэзээ баталж, энэ талаар нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн ямар байдлаар мэдэгдсэн болох зэрэг хэрэгт хамааралтай үйл баримтыг бүрэн тогтоогоогүй атлаа анхан шатны шүүх нэхэмжлэгчийг сумын Засаг даргад хандсан болох нь тогтоогдсон гэж шууд дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Иймд дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулсны үндсэн дээр маргааныг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
|