Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0004

 

 

Н.Т, З.Т нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Н.Т, З.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12  дугаар сарын 18-ны өдрийн 1334 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Т, З.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Л холбогдох

3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Т, З.Т нар нэхэмжлэлдээ: ... 2014 оны 10  дугаар сард Ц.Л-ын 15,000,000 төгрөгийн хашаа байшинг урьдчилгаа 5,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2015 оны 9 сард өгөхөөр тохирч худалдан авсан. ...2015 оны 9 сард үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй болсон учраас тодорхой хугацаагаар хойшлуулах санал тавьсан боловч тохиролцоогүй тухайн байшингаас гарсан. Гарахдаа урьдчилгаа болгон өгсөн 5,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг  байшинд суусан хугацааны түрээс болгож,  үлдэгдэл 3,000,000 төгрөгийг тухайн байшинг зарсны дараа авна гэж тохиролцоод гарсан. ... Гэтэл 3,000,000 төгрөгийг өгөөгүй. ...Иймд Ц.Л-оос 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Т, З.Т нарын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч байна. ... Би урьдчилгаа 5,000,000 төгрөгийг аваагүй. Харин үнэгүй 1 жил орчим байшиндаа суулгасан байгаа. Мөнгөний талаар ярилцсан яриаг бичсэн гэх бичлэгийн тухайд огт мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12  дугаар сарын 18-ны өдрийн 1334 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Л холбогдох 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Т, З.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М  давж заалдах гомдолдоо: ...Хэргийг шийдвэрлэж байх хугацаанд нэхэмжлэгч нар нь эхнээсээ үнэн зөв тайлбар өгч, хэргийн талаар хуульд зааснаар үнэн зөв мэдүүлж байсан. Үүнийгээ нотлохын тулд 2014 оны 10-р сарын 31-ний өдөр Л-ын гэрт нь эхнэрт нь мөнгө аваачиж өгсөн Зэвэгбаатарыг гэрчээр асуулгасан. Сиди бичлэг, гэрчийн мэдүүлгийг гаргаж өгсөн. Мөн тухайн өдрийн өмнөх өдөр нэхэмжлэгч тал ХААН банкнаас 12 сая төгрөгийн зээл авч 11 сая төгрөгийг нь бэлнээр авч байсан тухайгаа нотлох баримтаар гаргаж өгч, 5 сая төгрөгийнхөө эх үүсвэрийг нотолсон. Харин хариуцагч нь ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.1-д заасан “хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах" үүргээ биелүүлээгүй.

...Шүүхээс ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т зааснаар “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчиж сиди бичлэг дээр “хариуцагчийн нүүрний дүрс гарч, үлдэгдэл 3 сая төгрөгөө хашаа байшингаа зарагдсаны дараа өгөхөөр тохиролцлоо ш дээ” гэж нэхэмжлэгч хэлж байхад түүнийг үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Т, З.Т нар давж заалдах гомдолдоо:... Хэргийг шийдвэрлэж байх хугацаанд бид эхнээсээ хэргийн талаар үнэн зөв тайлбар өгч байсан. Үүнийгээ ч нотлох баримтууд болох дансны хуулга, сиди бичлэг, гэрчийн мэдүүлгийг гаргаж өгсөн. Харин хариуцагч нь анх нэхэмжлэлд тайлбар гаргахдаа “эс зөвшөөрөв” гэсэн товч тайлбар гаргаад яагаад, ямар учраас зөвшөөрөөгүй тухай үг, үсэг ч байгаагүй.

...манай аав гэрч Зэвэгбаатарын мэдүүлгийг шүүхээс “гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй” учир нотлох баримтаар үнэлээгүй” гэжээ. ИХШХШТХ-н 37-р зүйлийн 2-т "... гэрчийн мэдүүлэг ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэсэн байна. Үүнээс үзэхэд гэрчийн мэдүүлэг нь давхар талуудын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдох боломжтой байна. Гэтэл шүүхээс бидний хэн нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байгаа гэрчийн болон бусад нотлох баримт хэний тайлбарыг нь илүүтэйгээр давхар нотолж байгаа байдлыг харгалзалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

ИХШХШТ хуулийн 38-р зүйлд зааснаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт бөгөөд энэхүү бичлэг хийхдээ хариуцагчид бичлэг хийж байна шүү гэж албан ёсоор хэлээгүй, зөвшөөрөл аваагүй хэдий ч хийж байгааг хариуцагч өөрөө мэдэж байгаа, түүнийг зогсоохыг шаардаагүй. Өөрийнх нь нүүрний дүрс хүртэл байхад үүнийг миний дуу хоолой биш, эвлүүлэг гэж хэлж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т, З.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Зохигч нь 2014 оны 10 дугаар сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулж, Ц.Л-ын хашаа, байшинг 15,000,000 төгрөгөөр өгч, авахаар тохиролцжээ. Худалдан авагч нар  тохиролцсон хугацаанд буюу 2015 оны 9 сард төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөх хугацаа сунгах эсэх талаар талууд тохиролцоогүйн  улмаас  худалдагч худалдах худалдах авах гэрээнээс татгалзсан байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нарын “хашаа, байшингийн урьдчилгаанд 5,000,000 төгрөг өгснөөс 2,000,000 төгрөгийг нь хашаа, байшин ашигласан хугацааны түрээсийн төлбөрт үлдээж, 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “ямарч мөнгө аваагүй” гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч  өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг заажээ.

Нэхэмжлэгч нар нь “хашаа, байшингийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг Ц.Л-ын эхнэрт өгсөн” гэх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар гэрчээр аав М.З-ыг асуулгах хүсэлт гаргаж, хариуцагч 3,000,000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрсөн гэх  сиди  бичлэг ирүүлжээ. Гэрч М.Зэвэгбаатар нь “5,000,000 төгрөгийг ямар байдлаар, хэрхэн төлсөн /хэдэн ширхэг, ямар дэвсгэртээр төлсөн г.м/ талаар тодорхой мэдүүлээгүй, сиди бичлэгийг хэзээ, хэн хийсэн, хэн, хэн оролцсон нь тодорхойгүй  байх тул эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Т, З.Т, өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12  дугаар сарын 18-ны өдрийн 1334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Тгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

  ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                     Б.СОСОРБАРАМ