Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2019/00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “БЖ” ХХК-ийн нэхэмжлэл /Дорноговь аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар байрны ... давхарт оршин байх, РД: 0000000/-тэй,

Хариуцагч: Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “В” ХХК /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ... гудамж-9, ... төвийн ... давхарт/-ийг оролцуулан,

“В” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 318-32, 318-33, 318-34 тоот үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“БЖ” ХХК нь төлбөр авагч Хаан банкнаас зээл авч төлж байгаад эдийн засгийн хямралаас болоод зээлээ төлж чадахгүй болсон ...Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШЗ2018/00473 дугаартай Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай ...Хаан банкинд 229,837,391 төгрөгийг ...барьцаанд байгаа үл хөдлөх зээлийн үнийн дүнгээр хангуулах захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч М.О 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-иар 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн.
1. Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар байрны ... давхарт байрлах 80 м.кв талбай худалдааны төв,
2. мөн сумын ... дүгээр багт байрлах ... дугаар байрны урд байрлах гэр бүлийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 800 м.кв газартай үл хөдлөх 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
3. мөн сумын ... дугаар багт байрлах ... дүгээр байрны доор байрлах 163,5 м.кв талбайтай авто зогсоол тус тус “В” ХХК үнэлгээг хийхдээ газар дээр нь ирж зураг авсан боловч тус үл хөдлөх хөрөнгүүдээ зах зээлийн үнээс бодитой үнэлээгүй, бодит байдалд нийцээгүй, төлбөр төлөгчийг байлцуулаагүй үнэлсэн, үнэлгээнд зураг нь байхгүй эд хөрөнгийг үнэлсэн, 2013 онд ... дүгээр багт байрлах ... дугаар байрны урд байрлах гэр бүлийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 800 м.кв газартай үл хөдлөх 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 350 сая төгрөгөөр авсан байсан гэтэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэлэхээр хэт багаар үнэлж, худалдах худалдан авах болохоор өндөр үнээр үнэлээд байгааг ойлгохгүй байна. Мөн сар бүр орлого олдог байхад орлогыг судлалгүйгээр үнэлсэн байна. Гэхдээ шүүх хуралдааны явцад 32, 33 тоот үнэлгээг тодорхой тайлбарлуулж, арга аргачлалыг мэдэж авсан тул маргахгүй, харин 34 тоот үнэлгээнд хүний нүдээр харахад 360 м.кв гэж харагдахгүй бодит байдал дээр 1,200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 360 м.кв-аар бодож үнэлэсэнд гомдолтой байх тул үүнийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 136/ШШ2017/00421 дугаартай шийдвэрээр Ч.Т, Б.Д нараас төлбөр 229,837,391 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 653,568 төгрөг гаргуулж Хаан банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн явуулж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг танилцуулан төлбөр төлөхийг хугацаа тогтоон ...мэдэгдсэн боловч ...төлбөр төлөөгүй тул ...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18080142/11, 18080142,13, 18080142/14 тоот хураах тогтоолоор маргаан бүхий дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээг тогтоосон болно.
Үнэлгээг хийхэд шинжилгээний ажилтан Н.Э ирсэн, түүнд эрх үүргийг танилцуулсан, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төлбөр төлөгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргасан, үнэлгээ тайланг гаргахдаа Үнэлгээний олон улсын стандартын консулаас батлан гаргасан ҮОУС-103 /тайлагнал/, ҮОУС-102 /хэрэгжилт/, ҮОУС-101 /хамрах хүрээ/, ҮОУС-230-н дагуу арга, аргачлалаар хийсэн /хх-15/. Шинжээчийн 34-н тоот үнэлгээнд буй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хийцийн итгэлцүүр тогтоосон тухай хэсгээс харж болох /хх-15/ тул үндэслэлтэй. Тухай газрын үнэлгээг /хх-18/-д буй үнэлэх үйл ажиллагаа хэсгээс тодорхой харагдана. Үнэлэхдээ Засгын газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4-р хавсралтад заасан газрын суурь үнэлгээгээр хийж 14,080,000 төгрөг гэж тодорхойлсон. Уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 360 м.кв гэж Улсын бүртгэлийн байгууллага бүртгэгдсэн, үүнийг үндэслэж гаргасан үнэлгээ үндэслэл бүхий гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “БЖ” ХХК нь хариуцагч Дорноговь аймаг дахь ...-т холбогдуулан “В” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 318-32, 318-33, 318-34 тоот үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1-2/

Нэхэмжлэгч “БЖ” ХХК-иас компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргах, төлөөлөн оролцох ...эрхтэйг нотлож улсын бүртгэлийн гэрчилгээг /хх-4/,
-мөн тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 136/ШШ2017/00421 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШЗ2018/00473 тоот шүүгчийн захирамж /хх-5/, мөн өдрийн 76 тоот гүйцэтгэх хуудас /хх-6/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх 2018 оны 4-р сарын 09-ний өдрийн №18080142 тоот ажиллагаа үүсгэх тогтоол /хх-7/, 2018 оны 10-р сарын 02-ны өдрийн №10/06, 10/09, 10/08 тоот шинжээч томилох тогтоолууд /хх-8-10/, Хөрөнгийн үнэлгээний “В” ХХКомпанийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 318-32, 318-33, 318-34 тоот үнэлгээний тайлангууд /хх-11-62/,
Хариуцагчаас хариу тайлбар /хх-75-76/, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18080142/01 тоот мэдэгдэл /хх-80/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/22 тоот “Захиран зарцуулах эрх түдгэлзүүлэх тухай” албан бичиг /хх-81/, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 тоот “БЖ” ХХК, Ч.Т нарын нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн судалгаа /хх-82, 83/, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хх-84/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 18080142/02, 18080142/03, 18080142/05, 18080142/06 тоот тогтоолууд /хх-85-88/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-89/, 2018 оны 8 дугаар сарын 15, 9 дүгээр сарын 07-ны өдрүүдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-90, 91/, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18080142/11, 18080142/11, 18080142/13, 18080142/1 тоот тогтоолууд /хх-92-94/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай мэдэглэл /хх-95/, Ч.Т-ын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үнийн санал /хх-96/, “Хаан банк”-ны шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-97/, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан шинжээч томилуулах тухай /хх-98/, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Э-ийн 10/06, 10/08, 10/09 тоот шинжээч томилсон /”В” ХХК/ тогтоолууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “В” ХХК-д үнэлгээ тогтоолгох тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/978 тоот албан бичиг /хх-102/, Шинжээчид хууль тайлбарласан тухай баримт /хх-103/, үнэлгээний дүнг зохигч нарт хүргүүлсэн мэдэгдэл /хх-104, 105/ зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлжээ.  

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “БЖ” ХХК-ийн төлөөлөгч Ч.Т “...“В” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 318-32, 318-33 тоот үнэлгээнүүдийг хэрхэн гаргасан арга, аргачлал, стандартыг дэлгэрэнгүй мэдэж, ойлголт авсан” үнэлгээ нийцсэн байна гэж тайлбарлаж үнэлгээнд маргаагүй.

Харин 4 дүгээр баг, 127-р байрны урд байрлах ...гэрчилгээтэй 800 м.кв газар, 360 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “В” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 318-34 тоот үнэлгээг хийхдээ төлбөр төлөгчийг байлцуулаагүй үнэлсэн, зах зээлийн болон талбай /1200 мкв/-н хэмжээтэй, нөхцөл байдлыг бодитой үнэлээгүй, хэмжээгүй, үнэлгээнд зураг нь байхгүй атал таамгаар үнэлсэн, сар бүр олдог орлогыг судлаж тооцоолохгүйгээр хэт багаар үнэлж, худалдах худалдан авах болохоор өндөр үнээр үнэлдэг гэж,
-хариуцагч талаас үнэлгээ хийхэд төлбөр төлөгч нар удаа дараа саад учруулсан, үнэлгээг танилцуулахаар мэдэгдэл хүргүүлсэн, хуульд заасан журмыг баримтласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
гуравдагч этгээд 32-33 тоот үнэлгээний талаар нэхэмжлэгч дэлгэрэнгүй ойлголт авсан байна, үлдэх 34 тоот үнэлгээг шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, үнэлэх эд хөрөнгийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ...421 дугаартай шүүхийн шийдвэрээр ...”БЖ” ХХК, иргэн Ч.Т, Б.Д нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 229,837,391 төгрөг гаргуулж, төлбөр авагч Хаан банкид олгох, үүргийн гүйцэтгэлийг 1. Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багт байрлах ... дугаар байрны урд байрлах гэр бүлийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 800 м.кв газар, 360 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2. Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, Мааньзавын ... дугаар байрны ... давхарт байрлах 80 м.кв талбай худалдааны төв. 3. Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багт байрлах 40 дүгээр байрны доор байрлах 163,5 м.кв талбайтай авто зогсоолоор тус тус хангуулж шийдвэрлэжээ.
Мөн шүүхийн 2018 оны 136/ШЗ2018/00473 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх  Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр зааж /хх-5/, шүүх /хх-76/-ийн гүйцэтгэх хуудас олгосон /хх-06/,
түүнийг үндэслэн 2018 оны 4-р сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн /хх-7/, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, мэдэгдэл хүргүүлэх, үнийн санал ирүүлэх-авах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн /хх-77-105/,
2018 оны 10-р сарын 02-ны өдрийн 10/06, 10/08, 10/09 дугаар тогтоолоор маргаан бүхий хөрөнгөд шинжээчээр “В” ХХК-ийг томилсон /хх-99-101/,
Шинжээч “В” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн,
-Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багт байрлах ... дугаар байрны урд байрлах гэр бүлийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 800 м.кв газар, 360 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч 650,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлснийг 233,750,704 төгрөгөөр,
-мөн сумын ... дугаар баг, Мааньзавын ... дугаар байрны ... давхарт байрлах 80 м.кв худалдааны төвийн үл хөдлөх эд хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг 94,877,193 төгрөгөөр,
-мөн сумын ... дугаар багт байрлах ... дүгээр байрны доор байрлах 163,5 м.кв авто зогсоолыг 100,000,000 төгрөгөөр үнэлснийг 106,304,299 төгрөгөөр буюу,
нийт 434,932,196 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогдож байна./хх-12, 62/

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үнэлгээтэй холбогдох гомдол, нэхэмжлэлээ шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авахад саад болж буй үндэслэлийг дурдаж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мөн өдөр шүүхэд дахин нэхэмжлэлээ өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлээгүй, шүүхэд мэдүүлэх эрхтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдсэн хэдий ч дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөсөн талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Гуравдагч этгээд Шинжээч “В” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32, 33, 34 тоот дүгнэлтийг үнэлгээчин Ц.Т, туслах үнэлгээчин С.Г, үнэлгээний туслах мэргэжилтэн Х.Н, үнэлгээний туслах ажилтан Б.Э нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргажээ. /хх-41, 52, 62/
Шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр этгээдийг шинжээчээр томилвол тогтоол гаргахаас өмнө шинжээчээр томилогдох боломжтой этгээдийг дуудан ирүүлж, түүний мэргэжил, чадвартай танилцан, шинжилгээ хийлгэх асуудал нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл шинжлэх ухааны арга, хэрэгсэл  ашиглан хариулах боломжгүй нөхцөл байгаа эсэхийг тодруулна.
 Шинжээчийг томилсон бол тогтоол болон холбогдох баримтыг шинжилгээний байгууллагад хүргүүлж, томилогдсон шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.
Түүнчлэн, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоож, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана. Шинжилгээ хийхэд харшлах шалтгаан байхгүй бол шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.
 Хавтаст хэрэгт зөвхөн шинжээч Н.Э /хх-103/-д хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан нь бусад бүрэлдэхүүн хуульд зааснаар шинжээчийн эрх эдлэх, үүрэг хүлээхийг тайлбарлаагүй, гарын үсэг зураагүй гэж үзэх бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.-д заасан Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. /9.2/.Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэснийг тус тус зөрчсөн гэж үзнэ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах учиртай бөгөөд уг 34 тоот дүгнэлтийг хууль ёсны шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүй, хариуцагч, гуравдагч этгээд аль алин нь хариуцлагагүй хандсан, хууль зөрчсөн байна.
Мөн шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шинжээч томилох, үнэлгээ тогтоолгохдоо хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн шинжээч Ц.Т гэж шууд нэр зааж томилсон нь хуульд нийцэхгүй, шинжээч томилсон зорилгод нийцэхгүйг анхаарах нь чухал юм.
Түүнчлэн /хх-106/-д гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээний “В” ХХК 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үнэлгээ хийх хугацаа сунгуулах хүсэлт хүргүүлсэн нь ойлгомжгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, түүний хугацаа тодорхойгүй байгаа нь нягтлан үзэх, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан дээрх хуулийн зорилго, шинжээч томилох тухай тогтоолоор томилогдоогүй этгээд дүгнэлт гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд уг дүгнэлтийг шүүхээс шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүй. Тусгай зөвшөөрөлгүй этгээдийг шинжээчээр томилсон гэж үзвэл уг этгээд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан нь хуульд нийцэхгүй.
Дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д нийцсэн, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар шинжээч дүгнэлтдээ тусгах хэрэгтэй байсан. Тодруулбал, төлбөр төлөгч “БЖ” ХХК-ийн төлөөлөгч Ч.Т-ын шүүх хуралдаанд  “...1200 мкв талбайтай эд хөрөнгийг 360 мкв-аар үнэлсэн” гэж,
Гуравдагч этгээд “360 мкв талбайг хэмжилт хийгээгүй, УБХэлтсээс ирүүлсэн гэрчилгээнд үндэслэж үнэлсэн” гэж тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан /8.1./Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан ...стандарт ...аргачлалд нийцүүлэн тогтооно гэж заасантай нийцэхгүй байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэж болно гэж заасан байх тул шинжээчийн 34 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  
Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шинжилгээний болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үнэлгээнд төлбөр төлөгчийг заавал оролцуулах заагаагүй тул нэхэмжлэгчийн “үнэлгээг хийхдээ төлбөр төлөгчийг биечлэн оролцуулаагүй тул хүчингүй” гэх үндэслэл, хууль зүйн үндэслэлгүй байна.    
Нэхэмжлэгч шинжээчийн 32-33 дугаар дүгнэлтийг “..тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн ...тооцон тогтооно гэж заасанд нийцжээ” гэснийг мөн дурдах нь зүйтэй. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцнэ.
Иймд нэхэмжлэгчийн 32-34 тоот шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулж буюу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “В” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 318-34 тоот үнэлгээг хүчингүй болгож, үлдэх 318-32, 318-33 тоот үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “БЖ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                В.АМАРТҮВШИН