Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1755

 

 

 

 

 

 

2022         11          29                                        2022/ШЦТ/1755

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Хохирогч Э.Энхбилэг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ /ҮД:3271/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 2206 02900 3032 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, өвөөгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-Б байрын 22 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Йовогт Бын Б /РД: /.

Хэргийн товч агуулга:

Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-Б байрын 22 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Энхбилэгтэй маргалдаж, улмаар түүний биед халдаж, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “... Ямар ч байсан би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэрийнхээ биед гар хүрсэн нь үнэн. Тухайн үед би уурласандаа ийм хэрэг үйлдсэн нь үнэн. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байна. Уучлалт бас хүсэж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Энхбилэг өгсөн мэдүүлэгтээ: “... Ер нь тэр хавар нь бид хоёрын харилцаа асуудалтай болсон байсан. Би тэр өдөр яахын аргагүй аймаар гомдсон, тэгээд бид хоёр маргалдаж байсан учраас эхэлж би нүүр лүү нь нулимсан. Энэ нь зодооны эхлэл байсан. Би тухайн үед амиа хорлоно гэж айлгахад намайг болиулах гэж байгаад миний гарыг Б цохисон. Тэрнээс болоод миний гараа хугалсан байх гэж би бодож байна. Өөр ярих зүйлгүй...” гэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.07/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.08-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхбилэгийн өгсөн: “... Би нөхөртэйгөө би Б.Бтэй амьдраад 2 жил 4 сар болж байна. 2020 оны 02 сараас тусдаа гараад амьдарч эхэлсэн. Бид 2 дундаасаа 1 охинтой... Намайг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39-Б байрны 2-22 тоотод гэртээ байхад ам зөрсний улмаас гараараа нүүр лүү цохиод, үснээс зулгаагаад газар унагаж байгаад дэвсээд, хөлөөрөө өшиглөөд байсан, миний нүүрийг маажиж, чих рүү алгадаж, миний баруун гарыг хугалсан... Б миний нүүр тус газар 5-6 удаа алгадсан, миний толгой хэсэг болон зүүн мөр, нүүрэн тус газар олон удаа цохиж мөн хөлөөрөө миний баруун талын гуя хэсэг олон удаа өшиглөсөн, миний нүүрийг гараараа базаж, үснээс зулгаагаад газар унагаад гараа атгаж байгаад миний хөл рүү цохисоор байгаад миний гарыг хугалсан...” гэх мэдүүлгүүд /хх.15, 17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунболдын өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд би ажлаа тараад Дэнжийн 1000 орчим явж байсан чинь Б над руу залгаад “Энхбилэг орилоод байна” гэхээр нь би “яагаад” гэж асуусан чинь “энэ Энхбилэг балай болчихсон юм биш үү, орилоод байна” гэж надад хэлсэн, гэрт ороход манай охин Энхбилэг жижиг өрөөндөө уйлаад сууж байсан. Би охиноо өрөөнөөс гараад ир гэсэн чинь гарч ирсэн, Би нүүрийг хальт харсан чинь маажчихсан юм шиг шалбалчихсан байсан... Охиноо аваад гадаа саравчинд суугаад тайвшруулаад биеийг нь асуусан чинь “баруун гар хөдлөхгүй өвдөөд байна” гэж хэлсэн... гэртээ очоод “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр зураг авхуулсан чинь гарын шуу хэсгээр хугарсан байсныг гипсдүүлсэн. Тэндээсээ гэр лүүгээ очиж амраад өглөө нь охин Энхбилэгийн чих нь хавдаад хөхөрчихсөн, нүүр нь хэд хэдэн газраа урагдаад шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Түмэн-Өлзийн өгсөн: “... манай дүү Ариунболд над руу утсаар яриад “манай охин Энхбилэгийг нөхөр нь зодсон юм шиг над руу охин залгаад байна, хамт очъё” гэсэн... очиход саадад миний төрсөн дүү Ариунболд, охин Энхбилэгийн хамт сууж байсан. Юу болсон талаар асуухад Энхбилэг намайг “манай нөхөр Б хэрүүл өдөж байгаад зодчихлоо” гээд уйлсан байдалтай, баруун гар нь хавдчихсан, хөдлөхгүй өвдөөд гэж байсан... би Бгээс “яагаад нэгнээ ийм болтол зоддог юм бэ, хүн ингэж зодчихоод яаж гэртээ ингэж зүгээр байж чаддаг байна, би цагдаад өгнө” гэсэн чинь Б “та хэн гэж хүн гэрт орж ирчхээд хашхичаад байгаа юм” гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хх.30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8399 дугаартай:

“1. Э.Энхбилэгийн биед баруун шуу ясны зөрөөгүй далд хугарал, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн чихний дэлбэн, зүүн баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.32-33/,

Хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд, чатын хуулбар /хх.59-62/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.67-69/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.72-73/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Э.Энхбилэгийн биед баруун гарын шуу ясны зөрөөгүй далд хугарал, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн чихний дэлбэн баруун бугалга, баруун гуянд цус хуралт зэрэг гэмтлийг би үүсгэсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна... Эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг эмнэлэг дээр төлсөн. Тухайн үед гэмтлийн эмнэлгийн хажуу талын хувийн эмнэлэгт өөр хүний картаар төлбөрөө хийсэн. Тухайн гүйлгээний хуулгыг авч ирж өгнө... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.74-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч Э.Энхбилэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн эмчилгээний зардалд 161.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд 161.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү. Учир нь энэ мөнгө нь Монгол улсын нийт иргэдээс Эрүүл Мэндийн Даатгалын тухай хуулийн дагуу, албан журмаар хуримтлуулсан төрийн мөнгөн хөрөнгө юм...” гэх мэдүүлэг /хх.80-81/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хохирогч Э.Энхбилэгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан тухай төлбөрийн мэдээлэл бүхий албан бичиг, хавсралт /хх.83-84/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Одмаагийн өгсөн: “... Энхбилэг, Б нар нь хэвийн харилцаатай байсан, Би Б.Б их халамжтай залуу байна гэж боддог байсан, Энхбилэг урд нь бид хоёр бага зэрэг асуудлаас болоод маргалдсан гэж хэлж байсан, одоо яг хэзээ тэгж хэлж байсныг санахгүй байна. Тухайн үед маргалдаж байсныг би хараагүй, тэр хоёр хоорондоо зодолдсон, эсвэл зодууллаа гэж хэлээгүй, зүгээр маргалдсан гэж хэлж байсан. Нэг л удаа 2022 оны 06 сард Бд зодуулаад гараа хугалуулсан гээд зургаа фейсбүүкээр явуулж байсан, өмнө зодууллаа, ингэлээ тэглээ гээд гэж зураг явуулж байгаагүй.Би Энхбилэгийг Б зодож байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх.86-87/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.38/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.44/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх.39-43, 47-56/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-Б байрын 22 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Энхбилэгтэй маргалдаж, улмаар түүний биед халдаж, хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.07/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.08-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхбилэгийн өгсөн: “... Намайг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39-Б байрны 2-22 тоотод гэртээ байхад ам зөрсний улмаас гараараа нүүр лүү цохиод, үснээс зулгаагаад газар унагаж байгаад дэвсээд, хөлөөрөө өшиглөөд байсан, миний нүүрийг маажиж, чих рүү алгадаж, миний баруун гарыг хугалсан... Б миний нүүр тус газар 5-6 удаа алгадсан, миний толгой хэсэг болон зүүн мөр, нүүрэн тус газар олон удаа цохиж мөн хөлөөрөө миний баруун талын гуя хэсэг олон удаа хөшиглөсөн, миний нүүрийг гараараа базаж, үснээс зулгаагаад газар унагаад гараа атгаж байгаад миний хөл рүү цохисоор байгаад миний гарыг хугалсан...” гэх мэдүүлгүүд /хх.15, 17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунболдын өгсөн: “... гэрт ороход манай охин Энхбилэг жижиг өрөөндөө уйлаад сууж байсан... Би нүүрийг хальт харсан чинь маажчихсан юм шиг шалбалчихсан байсан... Охиноо аваад гадаа саравчинд суугаад тайвшруулаад биеийг нь асуусан чинь “баруун гар хөдлөхгүй өвдөөд байна” гэж хэлсэн... гэртээ очоод “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр зураг авхуулсан чинь гарын шуу хэсгээр хугарсан байсныг гипсдүүлсэн. Тэндээсээ гэр рүүгээ очиж амраад өглөө нь охин Энхбилэгийн чих нь хавдаад хөхөрчихсөн, нүүр нь хэд хэдэн газраа урагдаад шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Түмэн-Өлзийн өгсөн: “... Энхбилэг намайг манай нөхөр Б хэрүүл өдөж байгаад зодчихлоо гээд уйлсан байдалтай баруун гар нь хавдчихсан, хөдлөхгүй өвдөөд гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.30/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8399 дугаартай:

“1. Э.Энхбилэгийн биед баруун шуу ясны зөрөөгүй далд хугарал, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн чихний дэлбэн, зүүн баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.32-33/,

Хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд, чатын хуулбар /хх.59-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Э.Энхбилэгийн биед баруун гарын шуу ясны зөрөөгүй далд хугарал, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн чихний дэлбэн баруун бугалга, баруун гуянд цус хуралт зэрэг гэмтлийг би үүсгэсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.74-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “... Хохирогч Э.Энхбилэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн эмчилгээний зардалд 161.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг /хх.80-81/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хохирогч Э.Энхбилэгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан тухай төлбөрийн мэдээлэл бүхий албан бичиг, хавсралт /хх.83-84/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Одмаагийн өгсөн: “... 2022 оны 06 сард Бд зодуулаад гараа хугалуулсан гээд зургаа фейсбүүкээр явуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.86-87/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Энхбилэгийн өгсөн: “... Би тухайн үед амиа хорлоно гэж айлгахад намайг болиулах гэж байгаад миний гарыг Б цохисон. Тэрнээс болоод миний гараа хугалсан байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

Харин хохирогч Э.Энхбилэг нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, шүүгдэгч Б.Бд зодуулж байсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримтгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

Эрх зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад нь “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар ... үйлдсэн бол ...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Э.Энхбилэгийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “баруун шуу ясны зөрөөгүй далд хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Мөн Б.Б, Э.Энхбилэг нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч 2020 оны 02 сараас хойш хамтран амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй зэргээс дүгнэвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарна.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад зааснаар тус хуулийн 3 дугаар зүйлийн дэх хэсгийн 3.1. дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаад этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-д сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрч чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй гэж ойлгодог.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Энхбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангажээ.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Энхбилэгийн эрүүл мэндийн эсрэг халдсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Б.Бгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Энхбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Э.Энхбилэг нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй, 600.000 төгрөг авсан гэх боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгээс жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Энхбилэгийн эмчилгээний зардалд төлсөн 161.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зарим үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Б.Бг ялаас чөлөөлөх тухай дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч, харин шүүгдэгчид торгох ялын доод хэмжээг оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч тус тус гаргасан боловч гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд тэдгээр дүгнэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Б.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Иовогт Бын Бг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Б.Бгээс 161.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Хохирогч Э.Энхбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР