Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/892

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Алтанхуягийн Ад холбогдох эрүүгийн 2211 00000 1567 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овгийн Алтанхуягийн А, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 2002 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45а-59 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сөүл Мэйт” лоунжид хохирогч Б.Түвшиндаваатай маргалдаж, түүнийг цамцнаас нь татаж, хөлөөрөө хавирч унаган биед нь хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун чих, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 710 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч А.А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч  А.А нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сөүл Мэйт” лоунжид хохирогч Б.Түвшиндаваатай маргалдаж, түүнийг цамцнаас нь татаж, хөлөөрөө хавирч унаган биед нь хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун чих, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Түвшиндаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найзууд болох Мөнхгэрэл, Батцогт, Лхагвадорж, Энхтуяа гээд бид 5 Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл Мэйт” гэх нэршилтэй паб дотор сууж байсан. Тэгээд миний утас дуугараад утсаар ярих гээд гадагшаа гарах үед үл таних залуу хөөе гээд хажуугаар нь өнгөрөх үед дуудсан юм. Тухайн үедээ би тоолгүйгээр утсаар яриад зогсож байтал над дээр хүрч ирээд гал байна уу? гэж асуухаар нь байхгүй гэж хэлчхээд явах гэтэл, зам хаагаад зогссон, тэгэхээр нь би зөрчихье гэж хэлээд гараараа хажуу тийш нь бага зэрэг түлхээд өнгөрөөд явтал араас алхаж ирээд урд зогсоод тойроод явахгүй юу? гэж хэлээд намайг барьж аваад ямар нэгэн шалтгаангүйгээр хойш нь түлхсэн байдаг. Тэр үед би ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд, цохисон уу? эсвэл түлхэх үед нь ширээ мөргөсөн эсэхийг би санахгүй байна. Ямар ч байсан миний баруун талын нүд хавдчихсан бага зэрэг цус гарчихсан байна. Намайг уначихсан байх үед боосон санагдаж байна. Тэгээд тэр залууг салгах гээд дүү нь татаад дийлээгүй бөгөөд манай найзууд гарч ирээд салгасан байдаг. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд намайг цохисон эсвэл түлхсэн эсэхийг санахгүй байна тэр залуу согтуу байсан юм. Үйл явдал нь маш хурдан болоод өнгөрсөн...” гэх /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч С.Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би болон манай эгч Светлана болон эмээгийн хамтаар бид гурав тухайн паб-д явж очсон байдаг. Ирчхээд хэдэн төгрөгийн төлбөр тооцоо гарсан байгаа талаар хараад байж байх үед манай ах гадагшаа гарч харагдсан бөгөөд Светлана эгч ах чинь цаашаа явчхаж магадгүй чи араас нь яв гээд би араас нь гарах үед манай ах дээр нэг ягаан цамцтай залуу оччихсон гал асуусан, гэтэл гал асуусан, гэтэл гал байхгүй гээд манай ах хариулж байсан бөгөөд, нөгөө залуу нь хажуугаар нь өнгөрөхдөө ахыг мөрөөрөө мөрлөөд (авахад, ах тэр залуугийн араас энд зай байхад тойроод гарч чадахгүй байна уу? гэж хэлсэн юм. Тэгээд би ахыг авах гээд дөхөх үед миний хажуугаар өнгөрөхдөө миний мөрийг бага зэрэг мөрлөөд гарсан. Тэрийг манай ах харчхаад намайг түлхээд зөрж байна гэж бодоод араас нь ирээд тэр залуугийн цамцнаас нь зуураад хойш нь түлхээд хавирч унагасан. Хавирах үед ягаан цамцтай залуу ард нь байсан модон урт сандал ширээний голоор уначихсан. Унахдаа ягаан цамцтай залуу доор нь ороод, манай ах А дээр нь унасан байдаг...” гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч А.Светлана мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А босоод явж байх нь харагдсан. Тэгэхээр нь Оргилыг “ах чинь босоод явж байх нь харагдсан. Тэгэхээр нь Оргилыг “ах чинь босоод явчихлаа” гээд араас нь гаргасан. Тэгээд би араас нь гартал...А болон гомдол гаргасан Түвшиндаваа гэх эрэгтэй 2 сандал, ширээ хоёрын дундуур нарийхан зайнд давхралдаад уначихсан байсан. Тэр хоёрыг босготол Түвшиндаваа гэх эрэгтэйн баруун нүдний зовхи хэсэгт нидэрчихсэн мэт жижиг шарх болсон байсан. Ингээд Түвшиндаваа нь “миний гоо сайхан алдагдчихлаа, би энийгээ төлүүлнэ” гээд цагдаа дуудсан...” гэх /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн 11891 дугаартай дүгнэлтэд:

Б.Түвшиндаваагийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун чих, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал эдийн гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Хохирогч Д.Түвшиндаваа мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэхдээ: “...миний бие өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт           /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний бие хийсэн хэрэг, асуудлаа хүлээн зөвшөөрч хохирол гомдлыг нь бүрэн барагдуулсан болно. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Хохирогч Б.Түвшиндаваад 500,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн...” “...би тухайн эрэгтэй манай дүү Оргилыг зодох гэж байна гэж бодоод болиулах гээд баруун гараараа мөрнөөс нь татаад ард нь хөлөө тавихад тэр залуу сандал ширээ 2-ын голоор унаад, унахад нь би дээрээс нь дараад унасан...Босоод ирэхэд тэр залуугийн хамрын хажуу талд урагдчихсан байсан ба би тэр залууг огт цохиогүй. Бид 2 давхралдаад унахад тэр залуу ширээний булан мөргөсөн байх гэж бодож байна...Би хийсэн хэрэгтээ гэмщиж байна...” гэх /хавтаст хэргийн 25, 38-р тал/,  

шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч А.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.А 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч А.А хохирогч Б.Түвшиндаваад нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрөө барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй,

Харин хохирогч Б.Түвшиндаваа Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх шүүгдэгч А.Агаас уг төлбөрийг гаргуулан Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Сартуул овгийн Алтанхуягийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.Агаас 161,00 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                 П.АРИУНБОЛД