Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын  газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нарт холбогдох 2233000000053 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилга сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ах, эгч нарын хамт Улаанбаатар хот Налайх дүүргийн 0-р хороо Замчин 0-р гудамжны 00 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 0-р хорооны Өвөр шандын 00-р гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд

- Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 02 сарын 05-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

- Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаартай магадлалаар 2 жилийн хорих ялыг  1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

- Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 сарын 09-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 234.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 471 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 01-ний өдөр 631 дугаартай шийтгэх тогтоолоор өмнөх ялыг нэмж 4 жил 6 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Батбаярын Батсүрэн /РД:СЧ92082236/.

 

2.Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  жолооч ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн  хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 00-р хороо Цагаан эрэг 000 тоотод оршин суух хаягтай боловч Сонгино хайрхан дүүргийн 0-р хорооны тоосгоны 00-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ялаар,

-Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын ял шийтгэлтэй, 2016 оны 10 сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 427 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн харгалзаж суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 626 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгийн торгуулийн ялаар  шийтгүүлж байсан, Боржигон овогт Бямбасүрэнгийн Б.Эрдэнэсайхан /РД:/.

 Холбогдсон хэргийн талаар:

 

 Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг “Орхон гол” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Д.Чинхүсэлийн эзэмшлийн Самсунг А/51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайн авч 350.000 төгрөгийн хохирол,

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Н.Нямсүрэнгийн эзэмшлийн  I PHONE-Х загварын гар утас, дэлгүүрийн өдрийн орлого, хүүхдийн цүнхтэй хувцас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт õýðýãò õîëáîãäæýý.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

Улсын яллагчаас

-2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-ийн 01-02-р хуудас/,

-2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээч Ч.Батбаярын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 06-08-р хуудас/,

-Хохирогч Д.Чинхүсэлийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

-Гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

-2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 23-25-р хуудас/,

-Гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/,

-Гэрч Ц.Сайнжаргалын мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,

-Яллагдагч Б.Батсүрэнгийн мэдүүлэг /122-р хуудас/,

-Яллагдагч Б.Эрдэнэсайханы мэдүүлэг /126-р хуудас/ зэрэг нотлох баримтыг,

  

Шүүгдэгч Б.Батсүрэнгийн өмгөөлөгчөөс

-2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээч Ч.Батбаярын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 06-08-р хуудас/,

-2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээч Ч.Батбаярын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-82-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэсайхан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.

                                                                                         

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нар нь урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 06 дугаар 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг “Орхон гол” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Д.Чинхүсэлийн эзэмшлийн Самсунг А/51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайн авч 350.000 төгрөгийн хохирол,

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг “0000” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Н.Нямсүрэнгийн эзэмшлийн Айфоне-Х загварын гар утас, дэлгүүрийн өдрийн орлого, хүүхдийн цүнхтэй хувцас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь: 

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

1.Хохирогч Д.Чинхүсэлийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүртэй худалдаа хийгээд байж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Уг 2 залуугийн нэг нь цаад талдаа гар утсаараа яриад зогсоод байсан. Нөгөө залуу нь надтай худалдаа хийх гээд боорцог талх, чипс амтлагч үнийг нь асуугаад байсан. Тэгээд утсаар ярьж байсан залуу нь нөгөө залуугийнхаа авсан хоол амтлагчийг ирж харчихаад ан за за биш байна гэж хэлээд гараад явсан. Тэгээд нөгөө юм худалдаж авч байсан залуу нь авсан барааныхаа үнийг бодуулаад машинаасаа мөнгө аваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд би цонхоор харж байхад машиндаа суугаад шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь лангуун дээгүүрээ хартал хөлдөөгч байрнаасаа хөдөлсөн лангуу руу нэлээд шахагдсан байсан. Тэгэхэд нь би тойрч очоод хартал лангууны ард байсан миний өөрийн Samsung A-51 маркийн гар утас байхгүй, залгаад тавьсан байсан газар цэнэглэгч тогны уртасгагч 2 үлдсэн байсан. Тухайн үед би эгчийгээ дуудаад утас алга болсон талаар хэлээд дэлгүүрийнхээ гадна гартал мотоциколтой нэг ах байсан тэр ахыг тэр автомашины улсын дугаарыг нь хараад өгөөч гээд араас нь явуулсан боловч уг тэврийн хэрэгслийг гүйцээгүй буцаад ирсэн. Тэгээд би Нараа эгчтэйгээ хамт өөрийн машинтайгаа араас нь явж байтал Сайхан сумын цагдаагийн постны дэргэд цагдаа нар зогсоосон байсан гэх...” мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

2.Хохирогч Н.Нямсүрэнгийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн үед би дэлгүүр дотроо өөрийн бага хүүхэд 10 сартай Чингүний хамт байж байхад 1 гадны танихгүй цагаан өнгийн подволктой  махлаг залуу дэлгүүрт орж ирээд 3 ширхэг Бамбар нэртэй зайрмаг худалдаж авна гээд утсаар яриад зогсоод байсан юм. Тэгээд нэлээн удаан байсан юм. Тэгтэл гаднаас удалгүй эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд дэлгүүрийн бичиг хэрэг, ахуйн хэрэглээний лангуу руу очоод юм авна гэхээр нь юмыг нь авч өгсөн чинь мөнгөө машиндаа мартчихсан байна гэсэн. Тэр үед эхний орж ирсэн залуу тонгойгоод юм авах шиг болсон. Тэгээд тэр залуу гараад явчихсан юм. Тэгээд сүүлд орж ирсэн эмэгтэй эрэгтэй хоёр удалгүй гараад явсан. Тэгээд би гар утасаа авах гэсэн чинь байхгүй болчихсон байсан. Мөн хар өнгийн цүнхтэй хүүхдүүдийн хувцас болон миний хүүхдийн хувцаснууд алга болчихсон байсан. Мөн орлогын мөнгө хийсэн байсан хайрцаг хөдөлчихсөн байхаар нь үзтэл дотор нь байсан орлогын мөнгө алга болчихсон байсан.  Тэнд ойролцоогоор тухайн өдрийн орлогын мөнгө болох 100 гаран мянган төгрөг байсан. Тэнд 20000, 10000, 5000, 1000, 500–тын дэвсгэрт байсан юм. 1000, 500 –т нь их хэмжээтэй байсан. Тэгээд араас нь дэлгүүрээ цоожлоод гарсан чинь манай дэлгүүрээс ойролцоо уурын зуухны орчимд цагаан өнгийн суудлын машинд тухайн хүмүүс суугаад хөдөлж байсан юм. Тэгээд би араас нь гүйж байхад манай ангийн хүүхэд Амгаланбаатар таарахаар нь улсын дугаарын хараад өгөөч гээд араас нь гүйлгэсэн чинь номерийг нь харж чадсангүй ямар ч байсан арын гүпер нь байхгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд би хүний утсаар нөхөр лүүгээ залгаж болсон асуудлын талаар хэлээд цагдаад хэлсэн юм. Тэгээд тэр хавийн хяналтын камер шүүсэн юм. Тухайн үед манай дэлгүүрийн дотор гадна камер ажиллагаагүй түр хугацаанд салсан байсан юм. Би бичлэг хийсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн хүмүүсийн 2 нь юм авна гэж саатуулж байгаад 1 залуу нь мөнгө эд зүйлс хулгайлсан байсан. Машин тэргээ камергүй газар хол тавьсан байсан. Манай дэлгүүр рүү анх орж ирсэн залууг манай хажуугийн айлын Нараа эгч Туяа эгч нар харсан байна. Тухайн залуу нь зуухны ойролцоо машинаас буугаад гуйваад манай дэлгүүр рүү орж ирчихээд буцаад үргэвч үүрээд гарч явсныг нь харсан байна. Надад сүүлд хэлэхдээ манай дэлгүүрээс зөндөө их юм авлаа даа гэж бодсон талаараа ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/,

3. Гэрч Б.Наранчимэгийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед манай дүү Д.Чинхүсэл хүнсний дэлгүүр дотроос өөрийн эзэмшлийн А51 маркийн цагаан өнгөтэй гар утсаа хулгайд алдчихсан гэсэн. Тухайн үед Д.Чинхүсэл ганцаараа дэлгүүрт байсан. Утас алга болсон үед үл таних 2 залуу орж ирж бөөн барааны үнэ бодуулж асууж байгаад гараад явсан гэсэн. Гарч явж байхдаа мөнгөө олж ирнэ гэсэн. Манай хүнсний дэлгүүр камергүй. Тухайн үед утсаа алдчихлаа гэж дүү орж ирэхээр нь хэн орж ирэв гэж асуутал 2 согтуу танихгүй хүн орж ирсэн баахан бараа авна гэж хэлж бодуулаад авахгүй гараад явсан. Тухайн хоёр хүн авчих шиг боллоо гэж хэлсэн. Тухайн 2 залуу цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

4.Гэрч У.Доржийн өгсөн: “...Намайг 2022 оны 06 дугаар сарын 16-17-ны өдрийн орчимд санагдаж байна. Улаанбаатар хотод гэртээ байхад өмнө хамт ажилладаг байсан Эрдэнэсайхан /88055298/ гэх ах залгаад миний дүү завтай байвал машин бариад өгөөч Архангай ороод ирье гэж хэлсэн. Тэгээд орой нь би дэнжийн мянгийн орчимд найзтайгаа уулзаад байж байтал Эрдэнэсайхан ах 000 улсын дугаартай Т.Алион маркийн тээврийн хэрэгсэлтэй бас эрэгтэй эмэгтэй хоёр хүний хамт ирсэн. Тэгээд намайг Архангай ороод ирье чи машин бариад өгчих гээд гуйгаад байхаар нь би шууд дэнжийн мянгаас суугаад Архангай хөдөлсөн. Надтай хамт Эрдэнэсайхан Баагий, Сайнжаргал гэх хүмүүс хамт явж байсан. Би Баагий, Сайнжаргап гэх хүмүүсийг нь танихгүй анх удаа уулзсан хүмүүс байсан. Хотоос гараад бид дөрөв Төв аймгийн Лүн суманд замын хойно майхан бариад хоносон. Mapraaш өглөө Булган аймгийн Дашинчилэн орж буудалд хоносон буудлын төлбөрийг нөгөө 3 хийсэн. Маргааш нь "Өгий нуур" ороод тэнд очиж майхандаа нэг хоносон.  Тэгээд өглөө нь гараад Булган аймагт ирээд "Булган" зочид буудалд хоносон. Маргааш өглөө нь 10 цагийн үед гараад Орхон аймаг орсон. Орхон аймагт байж байгаад Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн замдаа идэж уух архи, тамхи ойр зуурын юм аваад хөдөлсөн. Тэгээд дэлгүүрээс гараад Сэлэнгэ аймагруу явсан. Тэгээд замдаа явж байгаад Баагий, Эрдэнэсайхан, Сайнжаргал 3 нэг шил архи хувааж уусан. Баруунбүрэн сумруу орж ирэхэд Баагий дэлгүүр орно гээд зогсоолгосон. Тэгээд төв замаас салаад шороон замаар ороход нэг дэлгүүр байсан тийшээ Баагий, Эрдэнэсайхан, Сайнжаргал 3 орсон. Дэлгүүрээс гарч ирэхдээ Батсүрэн цүнх үүрсэн гарч ирсэн цүнхэн дотор нь хүүхдийн хувцаснууд байсан юун хувцас юм бэ? гэхэд хүнийх л гэж хэлсэн бас нэг утас гаргаад ирсэн би хэнийх гэдгийг нь асуугаагүй.  Эрдэнэсайхан, Сайнжаргал хоёр араас нь гарч ирсэн. Тэгээд Баруунбүрэн сумаас шууд гарсан төв замаар чигээрээ явж байгаад Орхон суманд зам дагуу байсан нэг дэлгүүр дээр Батсүрэн зогсож бай гээд зогсоолгосон. Тэгээд Эрдэнэсайхан, Батсүрэн хоёр дэлгүүр ороод Сайнжаргал бид хоёр машин дотор үлдсэн. Тэр хоёр дэлгүүр ороод нээх их удаагүй гараад ирсэн гарч ирээд машинд суугаад өмдний халааснаасаа 1 цагаан өнгийн А51 маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгээд намайг явъя гээд бид нар хөдөлсөн, Би хэний утас гэдгийг нь асуугаагүй... Тэгээд тэндээс шууд Сэлэнгэ рүү явж байгаад замдаа цагдаа нарт баригдсан... Би ер нь Баруунбүрэнгийн дэлгүүрээс усны гутал, эмэгтэй кэт, хүүхдийн хувцас зэргийг бариад гараад ирэх үед л сэжиглэсэн. Надад хулгай хийсэн, энэ тэр гэж юу ч хэлээгүй. Би хамт явж байсан болохоор айгаад цагдаад хэлээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/,

5.Гэрч Ц.Сайнжаргалын өгсөн: “...Бид нар найзуудаараа Булган аймгийн нэг буудалд хоноод 2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө Орхон аймаг руу Toyatа Аллион маркийн суудлын авто машинтай явсан. Бид хэд замдаа явж байгаад Орхон аймгийн нэг сумаас ус ундаа 2 шил архи, хоол хүнсний зүйлс дэлгүүрээс худалдаж авсан санагдаж байна. Тухайн үед би жаахан согтуу байсан болохоор яг юу юу хэдэн ширхэгийг худалдан авсан талаар мэдэхгүй байна. Тэгээд нилээд орой Орхон аймгаас гараад Сэлэнгэ аймаг чиглэлд явж байх замд Баруунбүрэн гэх сум таарсан тэр сумын колонкний хажууд бид нар зогсоод нэг шилтэй архи хувааж уусан. Тэгээд Баруунбүрэн сум гэх газарт төв замаас салаад нэгэн Улаан өнгийн хүнсний дэлгүүрээс нилээд зайтай газарт зорчиж явсан 0000-УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээ зогсоогоод эхлээд Батсүрэн машинаас буугаад явсан. Ардаас нь Эрдэнэсайхан бид 2 буугаад алхаад дэлгүүрт орохоор явсан. Тухайн дэлгүүр Эрдэнэсайхан бид хоёр хамт ороод уг дэлгүүрийн бичиг хэрэгслийн бараа үзээд дэлгүүрийн хойд хэсэгт байдаг лангуу руу дагуулаад явсан. Тэгээд Эрдэнэсайхан худалдагчийн дуудаад барааны үнэ асуусан. Тэгээд байж байтал Батсүрэн байхгүй болсон байсан. Тэгтэл Эрдэнэсайхан намайг гарья гэж хэлээд бид хамт гарцгаасан. Дэлгүүрээс гараад шууд төв замдаа нийлээд 50-60-д км газарт явж байгаад урт гүүрэн дээгүүр гараад загас зардаг хүнсний дэлгүүрт ороод нилээд удаж байгаад гарч ирээд бид нар цаашаа хөдлөөд явж байхад Хөтөл гэх газарт замын цагдаа бид нарыг зогсоогоод саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,

6. Яллагдагч Б.Батсүрэнгийн өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэсайхан, Сайнжаргал, Дорж бид 4 оройны 10 цагийн үед Өгий нуур орох гээд гарсан. Өгий нуур орох замд нэг газар майхан бариад үүр цайтал архи ууж хоносон. Яг хаана хоносноо сайн санахгүй байна. Маргааш өдөр нь Өгий нуурт очоод тэнд майхан бариад уугаад хоносон хэд хүртэл ууснаа санахгүй байна. Маргааш нь 12-13 цагийн үед тэндээс хөдөлсөн. Орой 22 цагийн үед Булган аймагт ирж нэг буудалд хоносон нэрийг нь санахгүй байна. Маргааш нь Булганаас 12 цагийн үед хөдөлсөн. Эрдэнэт ороод тэндхийн дэлгүүрээс 2 шил архи идэж уух юм аваад цааш явсан. Дорж машин барьж бид 3 уугаад явсан. Эрдэнэтээс нааш гараад нилээн яваад замын хажуу талд газар зогсоод хоол хийж идсэн. Тэндээс хөдлөөд Баруунбүрэнд ирсэн. Замаас гараад сумын төвд дэлгүүрт ороод хүйтэн уух юм авах гээд орсон. Тэгсэн лануун дээр утас байсан. Тэхээр худалдагчийг нь саатуулж бай гэж Эрдэнэсайханд хэлээд би лангуун дээр байсан улаан гэртэй Айфоне маркийн утсыг аваад хаалганы хажууд байсан хар үүргэвчтэй зүйл байхаар нь аваад машинруугаа орсон. Тэгээд Эрдэнэсайхан араас гарж ирээд тэндээс хөдөлсөн...” мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/,

7.Яллагдагч Б.Эрдэнэсайханы өгсөн: “...Би болсон хэргийн талаар урьд өгсөн мэдүүлэг дээрээ ярьсан байгаа. Тухайн өгсөн мэдүүлэг дээр болсон асуудлын талаар үнэн зөв ярьсан нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үйлдлээ би санахгүй байгаа бөгөөд Батсүрэн хэлэхдээ хохирогчийн мэдүүлэгт дурдсан орлогын 100.000 төгрөгийг аваагүй гэж хэлсэн. Ер нь бол бид нар өөрсдөө мөнгөтэй байсан. Батсүрэн Архангай аймгийн Өгий нуурын орчимд явж байхад 300,000 орчим төгрөг байсан. Тэр үед 320,000 төгрөг байна гэж ярьж байсан юм. Тэгээд тэндээсээ бензин хийнэ гэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-р хуудас/,

8.2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-ийн 01-02-р хуудас/,

9.2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээч Ч.Батбаярын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 06-08-р хуудас/,

10.2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 23-25-р хуудас/,

11.2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээч Ч.Батбаярын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-82-р хуудас/,

12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-39-р хуудас/,

13Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 70-76-р хуудас/,

14.2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 91-93-р хуудас/,

15.Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27, 94-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын газраас Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нарыг 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нар нь Архангай аймгийн Өгий нуур явж амраад буцах замдаа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Орхон сумаар дайрч өнгөрөхдөө замын дэлгүүрүүдээр орохдоо Б.Эрдэнэсайхан нь худалдагчаас хүнсний барааны үнэ өртөгийг асууж, саатуулж байх хооронд шүүгдэгч Б.Батсүрэн мөнгө, эд зүйл, утсыг нь хулгайлж авсан бөгөөд хулгай хийх талаараа урьдчилан тохиролцоогүй боловч, дэлгүүрт ороод хулгайн үйлдэлдээ гүйцэтгэхдээ үйлдлээрээ санаатай нэгдэж, 2 дэлгүүрээс хамтран бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, үнэлгээ тогтоосон баримт, шүүгдэгч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хулгайн эд зүйлээ хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай, энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчид болон шүүгдэгч Б.Батсүрэнгийн өмгөөлөгч улсын яллагчтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй юм.

Иймд шүүгдэгч Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нарыг бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар хулгайлан авч бусдад эд хөрөнгийн буюу 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чинхүсэлийн  Samsung А-51 загварын гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Капитал зууч ХХК-ын шинжээчийн дүгнэлтээр, хохирогч Н.Нямсүрэнгийн I PHONE -X загварын гар утас, хүүхдийн цүнхтэй хувцас, дэлгүүрийн орлого зэрэг эд зүйлийг хулгайлан 770.000 төгрөгийн хохирол учруулсан нь 2022 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн Капитал зууч ХХК-ын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Чинхүсэл, Н.Нямсүрэн нарт 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гар утас, эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн “эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” ээр тогтоогдож байна. /хх-ийн 27, 94 хуудас/

Мөн хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо хохирогч нарт хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нарт 2 жил 1 сарын хорих ял оногдуулж,  Б.Батсүрэнгийн өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 28 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 04 жил 01 сар 28 хоногийн ялыг оногдуулах саналыг,

Шүүгдэгч Б.Батсүрэнгийн өмгөөлөгч Д.Даваахүү: ...2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Хархорины шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 12 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон бөгөөд 2022-ны 07 дугаар сарын 09-ны өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлээд явж байсан байх тул хэрэг үйлдэх үе хүртэл хугацаагаар тооцоход 11 сарын ял эдлээгүй үлдсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар 11 сарын ялыг нэмж нэгтгэж өгнө үү... гэх саналыг,

 Шүүгдэгч Б.Эрдэнэсайхан: ... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгөөч гэж хүсч байна... гэх санал, хүсэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Батсүрэн, Б.Эрдэнэсайхан нар эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд 6.6 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хор хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан шударга ёсны зарчмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулав.

Шүүгдэгч Б.Эрдэнэсайханд тэнсэн харгалзах ялаар шийтгэх боломжгүй /хувийн байдлыг харгалзан/ тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.Батсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Батсүрэн нь урьд нь 6 удаагийн ял шийтгэлтэй, хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 01-ний өдөр 631 дугаартай шийтгэх тогтоолоор

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  7 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 6 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоосон байна.  

Шүүгдэгч Б.Батсүрэн нь Өвөрхангай аймаг дахь Хорих 423 дугаар ангид ялаа эдэлж байхад нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч Б.Батсүрэнгийн эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 12 хоногийн хорих ялыг 02 жил 10 сар 12 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна. /хх-ийн 177 хуудас/

Шүүгдэгч Б.Батсүрэнд Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Батсүрэн нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 23 цаг 15 минутын орчим цахим бугуйвчийг унтраан, хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, оргон зайлсан тул  2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх бөгөөд Б.Батсүрэнг эрэн сурвалжилж олж тогтоон 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээжээ./хх-ийн 179-218 хуудас/

Шүүгдэгч Б.Батсүрэн нь өмнөх зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн байх ба эдлээгүй үлдсэн 2 жил 28 хоногийн ялын үлдэгдэлтэй байгаа болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 03/859 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад, Б.Алтанцацралын “нэмж нэгтгүүлэх тухай”албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т “ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Батсүрэн нь өмнөх шүүхийн тогтоол болон шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ял нь 02 жил 28  хоногийн ял байх ба энэ ялыг хорих ялын нэг хоногоор тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн тогтоолоор / Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоол/ оногдуулсан 04 жил 06 сарын ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 28 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсүрэнд оногдуулсан 3 жил 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эрдэнэсайханд мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Батсүрэнгийн цагдан хоригдсон буюу 2022 оны 07 сарын 08-аас хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 80 хоногийн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.    

Шүүгдэгч Б.Эрдэнэсайхан энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Батсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Батсүрэн, шүүгдэгч Боржигон овогт Бямбасүрэнгийн Б.Эрдэнэсайхан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн  Бямбасүрэнгийн Эрдэнэсайханыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын Батсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар /Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жил 6 хоногийн хорих ялаас/ Б.Батсүрэнгийн эдлээгүй үлдсэн 02 жил 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 жил 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн тогтоолоор / Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоол/ оногдуулсан 04 жил 06 сарын ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 28 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсүрэнд оногдуулсан 3 жил 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эрдэнэсайханд мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Батсүрэнгийн цагдан хоригдсон буюу 2022 оны 07 сарын 08-аас хойш 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 80 хоногийн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Эрдэнэсайхан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Батсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН