Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар  2022/ШЦТ/934

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Одончимэгийн Эад холбогдох эрүүгийн 2211 00000 1850 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Одончимэгийн Э /РД:./,

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 2-20А тоотод оршин суудаг, “Боса” ХХК-д түүгээгч ажилтай,

урьд Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы гудамжинд хохирогч Б.Сансартай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж хохирогчийн биед баруун дээд 2-р шүдний булгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 831 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Э нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы гудамжинд хохирогч Б.Сансартай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж хохирогч Б.Сансарын биед баруун дээд 2-р шүдний булгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Сансар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие хааяа хувийн автомашинаараа такси үйлчилгээнд явдаг, өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 цаг 30 минутын үед Офицерын тойргоос цайз зах руу өгсөх зам дагуу явж байхад туранхай биетэй, 170-175 см өндөртэй, малгайтай цамцтай, гадуураа саарал өнгийн гадуур хувцастай нэг үл таних хүн гараа өргөөд зогсож байхаар нь түүнийг суулгасан юм. Түүнийг суух үед нь ажиглахад тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэрээр суугаад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эсрэг талд очно гээд заагаад явсан. Машин дотор явж байхдаа найз бүсгүйтэйгээ утсаар яриад маргалдаад яваад байсан. Тэгээд явсаар байгаад Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эсрэг талд буюу Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун тасганы гудамжинд орж зогссон. Өөрөө намайг ийшээ ороод зогсчих гэхээр нь би орж зогссон юм. Тэгээд зогсоод таксины төлбөр 12,000 төгрөг болсон байна гэж хэлсэн чинь “яахаараа ийм их гардаг юм, би чамд 10,000 төгрөг л өгнө” гэхээр яаж байгаа юм бэ заалтаараа яг 12,000 төгрөг болж байна. 1 км-ыг 1,500 төгрөгөөр бодож явж байгаа гэсэн чинь чамд мөнгө өгөхгүй, буугаад ир, чамайг ална гээд над руу дайрч эхэлсэн. Ингээд бид 2 машинаасаа буугаад төлбөр тооцооноос болоод маргалдаж байх үед тэрээр тамхины цогоороо миний нүүрэнд хүрэхээр нь би тамхийг нь базаад хаячихсан юм. Гэтэл тэрээр уурлаад миний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохисон. Түүнд цохиулаад миний үүдэн дээд 2 шүдний баруун талын 1 шүд уначихсан...” гэх /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13651 дугаартай дүгнэлтэд:

Б.Сансарын биед баруун дээд 2-р шүдний булгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Шүүгдэгч О.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн  18-25 дугаар тал/,

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Э 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан  зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч О.Э хохирогч Б.Сансарт эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг өгч, хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч О.Эыг цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Одончимэгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.АРИУНБОЛД