Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2019/00027/И |
Дугаар | 60 |
Огноо | 2019-02-22 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 60
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг
.................... оршин суух, Хөрхийн
шарнууд овогт Ө.Э
/РД:К................./
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг,
........................ оршин суух ******* овогт Б.О
/РД:*******/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Э , хариуцагч Б.О , нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Э миний бие 2010 онд Б.О тэй танилцаж, 2012 оноос дотносож гэр бүл болон амьдарч байсан. Хэдийгээр айл болж тусдаа гараагүй ч гэсэн гэр бүлийн харьцаатай амьдарч байсан. Б.О 2012 онд Өмнөговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгсөөд 2012 онд Улаанбаатар хотод “Эко-Ази” дээд сургуульд оюутан болж, 2016 онд төгсөж ирсэн. 2010 оноос танилцаад 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охиноо төрүүлсэн. Энэ хугацаанд бид эвтэй байсан. Гэтэл сургуулиа төгсөж ирээд нэг л хөндий хүйтэн байдал гаргаж, ирж очих нь цөөрч улмаар хамтран амьдрахгүй болсон. 2016 онд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.О нь ирээд охиноо бодож байна. Цаашид нэг гэрт орж амьдарна гэж уйлан гуйгаад байсан тул эвлэрсэн гээд өргөдлөө буцаан авсан юм. Өргөдлөө буцаан авснаас хойш ямар ч холбоогүй. Хүүхдээ нэг ч харж хандаагүй. Хүүхэд нялх байсан учир өвдөж шаналж байхад ямар ч хэлбэрээр туслаагүй алга болсон. Нэгэнт энэ хүн охин бид хоёрт хань болохгүй байгаа тул 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Б-ийн төрсөн эцэг Б.О охин Б-гийн 18 насанд хүртэлх хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор өргөдөл гаргаж байна. Эцгээс нь тэтгэлэг гаргуулснаар охиныхоо өдөр тутмын хэрэгцээнд шаардах зүйлийг хангаж, сурч боловсроход нь анхаарал тавьж хэрэгтэй зүйлд зарцуулах болно. Б.О бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь намайг жирэмсэн байх хугацаанд ч анхаарал халамж тавьдаггүй байсан. Охиноо төрөхдөө тархины даралттай болчихсон шаналаад байж байхад нэг ч удаа яриагүй, сэтгэлгүй хүн. Намайг төрсөн дараа хоёр найз нь очиж эргэе гэхэд ичиж байна гэсэн. Хүүхдээсээ ичээд байгаа юм уу, хүүхдийг нь төрүүлсэн надаас ичээд байгаа юм уу мэдэхгүй. Хүүхэд өвдөөд эмнэлэгт үзүүлээд явж байхад нэг удаа эм аваад ирээч гэхэд за за гээд утсаа хаагаад алга болчихсон. Охиноо Б.О т өгч чадахгүй байна. Манайх аваад явж чадна. 10 сар тээж төрүүлээд өдий 3 нас хүртэл нь Б.О ээс туслалцаа аваагүй өсгөсөн учраас охиноо би өөрөө дээрээ авна. Хүүхэд 3 нас хүртэл байна над дээр байсан. Аав нь гэж энэ хүнийг мэдэхгүй. Нэрнээс нь өөр зүйл мэдэхгүй. Б.О 07 сард 100 000 төгрөг8 09 сард 100 000 төгрөг өгсөн. Хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоод хүүхдийнхээ ирээдүйд сурч боловсроход зарцуулах болно гэв.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.О миний бие Ө.Э ийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ө.Э нь тогтсон ажилгүй, ажилд орсон ч тогтвор суурьшилтай ажилдаггүй учир хүүхэд асран халамжлах баталгаагүй гэдэг үүднээс хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байгаа тул миний саналыг нааштайгаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Э бид хоёр албан ёсоор айл гэр болоогүй. Анх хүүхэдтэй болсон. Төрснөөс нь хойш холбоогүй байгаа. Эд хөрөнгийн болон мөнгөн дэмжлэг үзүүлж байсан. 600 000 төгрөг өгч байсан. Хүүхдээ өөр дээрээ авъя гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Би 28 хоног ажиллаад 14 хоног амардаг учраас олон хоногоор хөдөө ажилладаг болохоор хүүхдээ өөр дээрээ авъя гэсэн сөрөг нэхэмжлэлээ болиод хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. 150 000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Үүнээс илүү мөнгө өгсөн. Дансны хуулга үзүүлж болно. Тэгээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Ө.Э ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Бурмаагийн төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн-Хүслэн” ӨЭМТөвийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, Өмнөговь аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/33 дугаартай тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч Б.О ээс охин Э.Б-д хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ө.Э , Б.О нарын дундаас 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Э.Бтөрсөн, түүний эцэг Б.О болох нь 4601000470 бүртгэлийн дугаартай Ж.Б-гийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий эцэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул хүүхдээ асрамжлаагүй эцгээс уг үүргүүдийг шаардах эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй Э.Б-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Э.Бурмааг 18 нас хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар зохигчид санал нэгтэй байх ба тэрээр одоо эх Ө.Э ийн асрамжид байгаа, хүүхдийн санал зэргийг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
Нэхэмжлэгч Ө.Э нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 48665 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 21535 төгрөгийг гаргуулан буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.О / РД:......................./-аас 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Б-г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.О аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Б-г 18 нас хүртэл эх Ө.Э ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О аас улсын тэмдэгтийн хураамж 48665 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 21535 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Э олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ