Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0889/Э |
Дугаар | 2022/ШЦТ/936 |
Огноо | 2022-11-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Б.Дөлгөөн,
шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад Боржигон овогт Эрхэмбаярын Өт холбогдох эрүүгийн 2211 00000 1985 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хиад боржигон овогт Эрхэмбаярын Ө /РД:./,
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлтийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 58-912 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалантын 58 дугаар гудамжны 912 тоотод хамтран амьдрагч Ц.Одонтунгалагийн хоёр хөл рүү өшиглөж баруун зүүн өвдөг баруун зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 837 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалантын 58 дугаар гудамжны 912 тоотод хамтран амьдрагч Ц.Одонтунгалагийн хоёр хөл рүү өшиглөж баруун зүүн өвдөг баруун зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Ц.Одонтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 22-нд манай гэрт манай хамтран амьдрагч Э.Өын найз нар ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад явсан юм тэгээд тухайн хүмүүсийг явсны дараа бид хоёр хоорондоо муудалцаж маргалдаж байгаад би явлаа өөрийнхөө гэрт очно гэтэл Э.Ө нь намайг явуулахгүй чи согтуу байна хаана очих гэж байгаа юм бэ гээд миний хоёр хөл рүү ээлжлээд өшиглөөд байсан. Тэгээд би гарч яваад өөрийнхөө гэртээ очсон юм...” гэх /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Д.Дунгаамаагийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14622 дугаартай дүгнэлтэд:
Ц.Одонтунгалагийн биед дух, зүүн бугалга, баруун ухархайн гадны ирмэг, баруун бугуй, зүүн шуу, баруун, зүүн шилбэнд зулгаралт, хүзүү, баруун зүүн өвдөг баруун зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалантын 58 дугаар гудамжны 912 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Ц.Одонтунгалаг бид хоёр хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгэх явцдаа бид гэр бүлийн асуудлаас болоод хоорондоо маргалдсан чинь Одонтунгалаг уурлаад явна гээд байхаар нь би “согтуу явж яах гээд байгаа юм гэхэд” үгэнд орохгүй уурлаад гарч явах гээд байхаар нь би уур хүрээд Одонтунгалагийг гаргахгүй гээд үснээс нь зулгааж байгаад нүүр лүү нь гараараа цохиод хоёр хөлийн шилбэ хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн юм..., “...Би Одонтунгалагийн үснээс нь зулгааж байгаад нүүр рүү нь гараараа цохиод хоёр хөлийн шилбэ хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн юм...” гэх /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Ө 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Ц.Одонтунгалаг шүүгдэгч Э.Өаас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Эрхэмбаярын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД