Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2019/00110

 

  

 

 

  

2019 оны 01 сарын 04 өдөр

   Дугаар 101/ШШ2019/00110

Улаанбаатар хот

 

 

    

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “И Б” ХХК-д холбогдох

 

Тээврийн хөлс 8.749.099,55 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв

.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ө нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Олон улсын Төмөр замын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч компанитай тогтмол харилцаж ирсэн. Хариуцагч компанийн захирал Д.Э нь солонгос /БНСУ/ улсын Пянтаяк боотмоос 40тн чингэлгээр ачаа авах хүсэлтийг утсаар мэдэгдсэний үндсэн дээр 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр компанийн зүгээс цахим шуудангаар хариуцагчийн цахим шуудан руу тээврийн үнийн санал илгээсэн бөгөөд хариуцагч үнийн саналыг зөвшөөрснөөр тээвэрлэлтийг эхлүүлсэн.

2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр хариуцагч компанийн SEGU4821227 серийн дугаартай 40 тонны чингэлэгтэй ачаа Пеонтак боомтоос гарч 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд нийт тээврийн зардал 4264 ам доллор болсон ба хариуцагч компаниас 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 5.000.000 төгрөг буюу 2149 ам доллар /USD2149=2326.58 төгрөг/-ийг нэхэмжлэгч “А” ХХК-ийн Голомт банкны 1825101050 тоот дансанд төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 2115 ам доллар болон талбайн дотоод зардал 410,000 төгрөгийг ачаа хүлээн авсны дараа 7 хоногийн дотор төлөхөөр тохиролцоод зээлийн гэрээг өөрсдийн албан ёсны цахим шуудан ашиглаж байгуулсан боловч хариуцагч компани тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймд “И б” ХХК-иас тээврийн хөлсний үлдэгдэл 5.422.733 төгрөг, дотоод талбайн зардал 410.000 төгрөг, 2016.10.28-ны өдрөөс эхлэн алданги 2.916.366 төгрөг, нийт 8.749.099 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 онд манай компани Баянгол дүүрэгт байрлах “UB PLATINIUM” барилгын 602 тоотод байрлан үйл ажиллагаа явуулж байх үедээ мөн тэнд байрлан үйл ажиллагаа явуулж байсан “А” ХХК-ийг олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг гэхээр нь сонирхсон юм. Тухайн үед “А” ХХК-ийн ажилтан У гэх эмэгтэй анх уулзаж ярилцан Солонгос улсаас бараа татах тээвэрлэлтийн талаар сонирхсон. Тухайн үед манай компанид яаралтай Солонгос улсаас түүхий эд,  материал татаж захиалагчийн захиалгыг яаралтай нийлүүлэх асуудал байсан болохоор тэр байдлаа танилцуулахад Урнаа нь “манайх богино хугацаанд, хурдан шуурхай тээвэрлэнэ, ямар нэгэн асуудалгүй” гэсний дагуу Солонгос улс дахь нийлүүлэгч компанийнхаа хаяг, утасны дугаарыг өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 05-нд “А” ХХК-ийн цахим  хаягаас миний цахим хаягт тээвэрлэлтийн зардал 3500 ам доллар гэсэн үнийн санал, тээвэрлэлтийн хугацааг 18-20 хоногт багтахаар тусгаж илрүүлсэн байсан. Гэтэл тохирсон хугацаанаас 25 хоногийн хугацаа хэтрүүлж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийлгэж ачаагаа хүлээн авахаар “А” ХХК-иас тээврийн бичиг баримтуудыг өгсний  дагуу нэхэмжилсэн мөнгө буюу 2000 ам доллар төлөн бараа, материалаа гаалийн хашаанаас авсан. Миний бие тээврийн хөлсийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах ёстой гэсэн байгаа. Зээлийн төлбөрийн гэрээг харсан боловч, хуурамч нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан. Иймээс энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Хугацаа хэтрүүлсэн асуудал бол гэрээнд заагдаагүй нэхэмжлэгч тал гэрээ байгуулах үүрэгтэй байсан учраас нэхэмжлэгчийн шаардлага хууль бус гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “А” ХХК “И Б” ХХК-иас тээврийн хөлсний үлдэгдэл 5.422.733,1 төгрөг, талбайн дотоод зардал 410.000 төгрөг, 2016.10.28-ны өдрөөс эхлэн тооцсон алданги 2.916.366,55 төгрөг, нийт 8.749.099,55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч “И Б” ХХК тээврийн хөлсийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            “И Б” ХХК захиалга өгсний дагуу “А” ХХК Солонгос улсаас 40 тн контейнер барааг Монгол улсад тээвэрлэн хүргүүлжээ.

            Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх зохигчийн емайл хаягт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр 2016.09.19-ний өдрийн емайл хаягт Солонгос улсын Бусан хотоос тээвэр хийхэд 3500/40 доллар, Инчон хотоос тээвэр хийхэд 4240/40+/ байхаар дурдсан байна. /хх-ийн 81, 82-р тал/

            Хариуцагчийн өмгөөлөгч тээврийн гэрээг байгуулах ёстой зохигчид тээврийн гэрээ байгуулаагүй гэх боловч Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1.-д ...тээврийн гэрээг заавал байгуулах ёстой... гэж заасан байх бөгөөд бичгээр байгуулах хуулийн шаардлагыг тавиагүй байгаа тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1., 196.1.2.-т зааснаар зохигчдийн хооронд тээврийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

            Учир нь тээврийн гэрээний дагуу хариуцагч нь бараагаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ачаа тээврийн хөлс төлж, хүлээн авсан, мөн емайл хаягаар харилцсан мэдээллийн дагуу тээврийн гэрээний хөлсийг 4240 ам доллар байхаар тохирч гэрээ байгуулагдсан байна.

            Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид тээврийн хөлсний зөрүү төлөх үүрэгтэй юм.

            Зохигч тээврийн хөлсөнд 5.000.000 өгсөн талаар, нэхэмжлэгч 5.000.000 төгрөгийг 2149 ам доллар /USD2149=2326.58 төгрөг/-тай тэнцэх маргаагүй байна.

            Иймд 4240 ам доллараас 2149 ам долларыг “И Б” ХХК төлсөн байгаа тул зөрүү 2091 ам доллар буюу Монгол банкны 2018.11.01-ний лавлагаагаар 1 доллар 2563,94 төгрөгтэй тэнцэж байгаа тул 2091х2563,94=5.361.199 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, “А” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

            Харин нэхэмжлэгч нь дотоод тээврийн зардал 410.000 төгрөгийн талаар баримтаар нотлоогүй, мөн төлбөрийн зээлийн гэрээний дагуу алданги 2.916.366,55 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэргийн 15-16-д авагдсан төлбөрийн зээлийн гэрээ нь зээлийн гэрээ байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иймд “И Б” ХХК-иас тээврийн хөлс 5.361.199 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.387.900,55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1., 380 дугаар зүйлийн 380.1.-д зааснаар “И Б” ХХК-иас 5.361.199 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.387.900,55 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И Б” ХХК-иас 100.729 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО