| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2022/1404/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1428 |
| Огноо | 2022-11-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1428
2022 11 21 2022/ШЦТ/1428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,
улсын яллагч: Г.Билгүүжин,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Намжилцогт,
шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бэд холбогдох эрүүгийн 2202000000000 тоот хэргийг 2022.11.04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл-2, эхийн хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Богд ар хорооллын 0а байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Өлзийт овогт Сийн Б нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай яллах дүгнэлтэд дурьдсанаар: Яллагдагч С.Б нь 2022 оны 9 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 4042,3 грамм цэвэр жинтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
-Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-00 УАУ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 4042,3 грамм цэвэр жинтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ. /хх-186-188/
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 00 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумаас Улаанбаатар хот руу орох замд /Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр/ иргэн Т.Зын эзэмшлийн 00-00 УАУ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгсэлд “өвс” гэх нэршилтэй 4042,3 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлийг хадгалсан байдалтайгаар саатуулагдсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газрын болон “Хонда Инсайт” маркийн 00-00 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “жолооч талын арын хаалгыг оролцогчоор онгойлгуулахад арын суудал дээр 3 цэнхэр ууттай өвс гарч ирснийг №1, №2, №3 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхэд хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ууттай өвсний доор мөн цэнхэр ууттай өвс гарч ирснийг №4 гэж дугаарлан хураан авч үзлэгийн дараа цахилгаан жин дээр хэмжихээр тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-10-14/,
- С.Бийн биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-17-18/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №4378 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ‘Т-130 дугаартай мэдээлэлд хураан авсан 1, 2, 3, 4 гэж дугаарласан гялгар ууттай өвснүүд” гэж хаягласан 1, 2, 3, 4 гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна. 1 гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1239,4 грамм, цэвэр жин нь 1209,9 грамм, 2 гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1494,3 грамм, цэвэр жин нь 1461,1 грамм, 3 гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 670,1 грамм, цэвэр жин нь 622,2 грамм, 4 гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 773,7 грамм, цэвэр жин нь 749,1 грамм байна” гэх дүгнэлт /х.х-65-69/ зэрэг баримтуудаар;
Шүүгдэгч С.Б нь тухайн “өвс” нэршилтэй ургамлыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн болох нь дараахь баримтаар тогтоогдож байна.Үүнд:
- Гэрч М.Хын: “...хэсэг хүлээгээд байж байтал С.Б “энд өвс байна ш дээ үүнийг авчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “наадхаа авч яах гээд байгаа юм бэ, баригдвал бөөн асуудал болно ш дээ” гэж хэлсэн чинь “би өөрөө түүгээд авчихъя өөрөө хариуцлагаа хүлээнэ” гээд ганцаараа 4 тор өвс түүж авсан. Улаанбаатар хот руу орж ирж аваад Ар гүнт рүү эргэдэг уулзвар дээр цагдаа шалгаад машины хойд талын суудал дээр байсан өвсийг хараад саатуулсан” гэх мэдүүлэг /х.х-44-46/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Тын: “...С.Б ах сумын төвийн хойд хэсгээр салдаг шороон замаар 1 км орчим яваад зогсоод Хатнаа ах бид хоёрыг “машиндаа байж бай, хүн хараадах” гэхээр нь бид хоёр гайхаад “за” гээд үлдсэн. Б ах нэг жалга бүхий газар руу ороод 20-30 минут орчим болсон. Хатнаа ах бид хоёр утсаар тоглоод машин дотор сууж байсан. Хальт харсан чинь цэнхэр гялгар ууттай юм бариад машин дотор орж ирсэн. 4 хэсэг цэнхэр өнгийн гялгар ууттай зүйл байсан. Машины арын суудал дээр тавиад хоёрыг нь миний хар өнгийн үүрдэг цүнхэнд хийгээд нөгөө хоёрыг нь машины суудал доогуур хийсэн. Би тэр үед юу хийгээд байгааг нь ойлгоогүй. Харин Хатнаа ах С.Б ахыг загнаад “юу хийгээд байгаа юм бэ, наад болохгүй юм биш үү” гээд хэлээд байхад С.Б ах “зүгээр ээ, би өөрөө аргална” гээд зөрөөд машиндаа суугаад хөдөлсөн. Бид хэдийг хөдлөөд явахад 19 цаг өнгөрч байсан байхад харанхуй болж байсан. Тэгээд Улаанбаатар хот руу явахаар хөдлөөд засмал зам руу ороод явж байсан чинь Улаанбаатар хот руу орох гээд гурван замын уулзвар дээр цагдаа зогсоогоод шалгаж үзэхэд машины урд талын суудал доороос болон цүнхнээс өвс гаргаж үзээд саатуулсан юм” гэх мэдүүлэг /х.х-49-51/,
- Гэрч Т.Зын: “Би 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ажил болох Орон зай худалдааны төв дээр гар утасны лангуун дээр сууж байхад 16 цагийн үед байх найз С.Б шууд ажил дээр хүрч ирээд “найздаа машинаа өгчих маргааш өглөө болтол гадуур халтуур хийгээд өгье, хэдэн төгрөгтэй болмоор байна” гээд машин гуйсан. Би тэгэхээр нь машиныхаа түлхүүрийг салгаад өгсөн юм” гэх мэдүүлэг /х.х-40/,
- Яллагдагч С.Бийн: “Би хууль бус гэдгийг бол мэдэж байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-177-179/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, С.Бийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 9 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс “өвс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн тухайн ургамлыг иргэн Т.Зын эзэмшлийн 00-00 УАУ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Бийн түүж бэлтгэсэн “өвс” нэршилтэй ургамлаас илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ хэмээх бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх бодист хамаарах бодис болох нь шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4378 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Нэгдсэн үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1976 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон, Монгол Улс 199.04.22-нд соёрхон баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн “e” хэсэгт “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэж I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ” гэж, мөн зүйлийн “j” хэсэгт “хууль бус эргэлт” гэж энэхүү конвенцийн заалтыг зөрчиж, сэтгэцэд нөлөөлөх бодис бэлтгэх, эсхүл эргэлтэд оруулахыг хэлнэ” гэж, мөн конвенцийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “а” хэсэгт “тухайн бодис нь” хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг хямраах чадвартай, эсхүл ...II.. жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай бодис” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн “а” хэсэгт “II жагсаалтад орсон бодисын хувьд бэлтгэх...д 8 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардана” гэж тус тус заасан, Монгол Улсын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3.1.2-т “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх... хадгалах...үйл ажиллагааг ойлгоно” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дүгнэлт танилцуулах шатанд ”С.Бэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг бэлтгэсэн, биедээ хадгалсан гэх үйлдлүүд тогтоогдож байгаа, харин тээврийн хэрэгсэлд хадгалсан гэдэг нь нотлогдохгүй байна, цагдаагийн ажилтнуудад баригдахад өвс цүнхэнд, хагас өвс нь машины арын суудал дээр байсан гэдэг, шүүгдэгч хот ороод найздаа машиныг өгөх байсан гэж хэлж байна, хадгалах гэдэг бол аливаа зүйлд байршуулахыг хэлнэ, шүүгдэгч өвсийг хадгалахдаа машин ашиглаагүй гэж үзэж байна, хэрэв машин грашид байж байгаад багаажинд юм уу, халаасанд, обуданд байршуулаад нууж хадгалах үйлдлээ хэрэглэсэн бол машинд хадгалсан гэж үзэх байсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох эсхүл тээврийн хэрэгслийн үнэтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хохирол барагдуулахаар гаргуулна гэж заасан, хуулийн заалтад машин заавал тухайн хүний өмчид байхыг шаардана, гагцхүү өвсийг тээвэрлэж явсан, худалдах зорилготой байсан бол тээвэрлэх шинжийг хэрэглэсэн, бэлтгэсэн, биедээ хадгалсан гэм буруутайд тооцож өгнө үү. 100 гаран км газарт бол өвсийг машинд л тээвэрлэж явна, түүнээс халаасандаа хийгээд явах боломжгүй, машинд тээвэрлэхээс өөр аргагүй, гэмт хэрэг үйлдэхдээ гэж улсын яллагч ярьж байна, шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ машиныг ашигласан зүйл байхгүй, хулгай хийхдээ машин ашиглаж эд зүйлийг зөөж тээвэрлэх үйлдлээ хөнгөвчилдөг, хадгалах үйлдэл бол машинд болоогүй, үнэхээр машин грашид, эсхүл ил зогсоолд байхад шалгасан бол хадгалсан гэж үзнэ, гэтэл машинд тээвэрлээд явж байна, өөрийнхөө эд зүйлд хийгээд явж байгаад өөрийнхөө биед хадгалсан үйлдэл гэж үзнэ, шүүгдэгч тухайн машиныг хотод ирээд эзэнд нь өгнө гэж байсан гэдгээ хэлж байна, хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийднэ гэж байгаа, өмгөөлөгчийн зүгээс нэг биш удаа ийм хэрэгт өмгөөлөгчөөр явж байна, ийм асуудал дээр тээвэрлээгүй байна гэж явж байгаа, хуулийг нэг ойлголтоор тайлбарлах байх гэж үзэж байна, хэлбэрийн төдий шинж агуулсан бол гэмт хэрэгт тооцохгүй байх зарчимтай, өвсийг хадгалсан уу үгүй гэж үзэх нь хэлбэрийн төдий л зүйл, шүүх эдгээр байдлыг анзаарч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү, машины үнэлгээ 7 сая төгрөг байгаа, харин 700,000 төгрөг байсан бол өмгөөлөгчийн зүгээс юм ярихгүй” гэв.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хянаж үзээд хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч С.Б нь найз бүсгүй Н.Дг Төв аймгийн Батсүмбэр сумын төв дээр байх айлын гэрээс очиж авах зорилгоор иргэн Т.Зын эзэмшлийн автомашиныг жолоодон явсан ба Н.Дтай холбоо барьж чадалгүй Улаанбаатар хот руу буцаж явах замдаа Батсүмбэр сумын төвийн хойд хэсгээр салдаг шороон замаар 1 км орчим яваад “өвс” нэршилтэй ургамлыг түүж авсан болох нь гэрч М.Хын “2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад ажлын залуу С.Бийн найз охин Төв аймгийн Батсүмбэр гэх газарт амралтад байна, ирээд ав гэсэн юм шиг байсан. Хамт яваад ирье гэхээр нь эхнэрийн төрсөн дүү Тын хамт С.Бтэй Төв аймгийн Батсүмбэр сум руу явсан. Батсүмбэрт очоод С.Бийн найз охин руу залгахад утас нь холбогдохгүй байсан. С.Б найз охин руу залгахад утас нь холбогдохгүй байсан. С.Б найз охин руугаа 4-5 удаа залгасан. Тэгээд хэсэг хүлээгээд байж байтал С.Б “энд өвс байна ш дээ үүнийг авчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “наадхаа авч яах гээд байгаа юм бэ, баригдвал бөөн асуудал болно ш дээ” гэж хэлсэн чинь “би өөрөө түүгээд авчихъя өөрөө хариуцлагаа хүлээнэ” гээд ганцаараа 4 тор өвс түүж авсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Тын “Батсүмбэр сумын орох хаалган дээр зогсож С.Б ах нөгөө найз руугаа залгаад байсан. Нөгөө найз нь утсаа авахгүй болохоор нь буцахаар болсон. С.Б ах сумын төвийн хойд хэсгээр салдаг шороон замаар 1 км орчим яваад зогсоод Хатнаа ах бид хоёрыг “машиндаа байж бай, хүн хараадах” гэхээр нь бид хоёр гайхаад “за” гээд үлдсэн. С.Б ах нэг жалга бүхий газар руу ороод 20-30 минут орчим болсон. Хатнаа ах бид хоёр утсаар тоглоод машин дотор сууж байсан. Хальт харсан чинь цэнхэр гялгар ууттай юм бариад машин дотор орж ирсэн. 4 хэсэг цэнхэр өнгийн гялгар ууттай зүйл байсан. Машины арын суудал дээр тавиад хоёрыг нь миний хар өнгийн үүрдэг цүнхэнд хийгээд нөгөө хоёрыг нь машины суудал доогуур хийсэн. Би тэр үед юу хийгээд байгааг нь ойлгоогүй. Харин Хатнаа ах С.Б ахыг загнаад “юу хийгээд байгаа юм бэ, наад болохгүй юм биш үү” гээд хэлээд байхад С.Б ах “зүгээр ээ, би өөрөө аргална” гээд зөрөөд машиндаа суугаад хөдөлсөн” гэх мэдүүлэг, гэрч Н.Дгийн “...найзуудаараа Төв аймгийн Батсүмбэр сумын төв дээр айлд очиж ууцгааж байгаад би нэлээн муудаад 17 цагийн үед байх С.Бийг “ирээд авчихаа, Төв аймгийн Батсүмбэр суманд байна” гэж хэлж утсаар ярьсан. Тэгээд ирж байна уу гэж 18 цагаас хойш ганц нэг удаа ярьсан. С.Б очиж байгаа шүү гэж ярьж байсан. Би гэнэт тасраад унтсан байсан. Миний утасны цэнэг ч дууссан байсан юм. Тэндээ хоноцгоож өглөө сэрээд хартал С.Б баахан залгаад мессеж бичсэн байсан” гэх мэдүүлэг”, яллагдагч С.Бийн “2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь миний утсанд зүс таних Д гэх эмэгтэйгээс зурвас ирсэн. Би Дтай чатаар харилцаад хаана байгаа талаар асуусан чинь Төв аймгийн Батсүмбэр суманд байна, би ирэх боломжтой юм уу гэсэн. Би тэр өдөр ажлаасаа тараад найз Зын ажил дээр очоод машинаа өгчих, ойрхон таксинд яваад өгье гэж хэлээд авсан. Тэгээд хамт ажилладаг залуу болох Х, түүний дүү Т нарыг хамт ойрхон яваад ирье, хань болоод яваад ирье гэхэд тэр хоёр зөвшөөрсөн. Замдаа Дтай яриад очиж байна шүү гэхэд сумын төв рүү ороод утсаар яриарай гэж байсан. Бид гурав явсаар байгаад Батсүмбэр сум руу орсон. Дгийн утас руу залгахад утас нь холбогдохгүй болсон байхаар нь ...бид хэд 10-20 минут сумын төв дээр Дг хүлээсэн. Сумын төвөөс хойшоо гэж бодоод сумаас хойшоо гараад тариалангийн талбайны хажуу талд зогсож тамхи татаж машиндаа сууж байгаад би бие засахаар гараад тариалангийн талбайны хашааны дагуу ногоон өнгийн марихуан гэх өвсийг ургасан байхыг олж хараад түүхээр болсон. Би Х, Т нарт хэлээгүй машин руу очоод гялгар уут аваад “та хоёр машиндаа сууж байгаарай” гэж хэлээд цэнхэр өнгийн гялгар уутанд нэлээн их өвс түүсэн. Өвс түүж ирэхэд Х, Т нар “юу юм” гэж асуухаар нь зүгээр л өвс байгаа юм аа та хоёр мэдэхгүй байх гэж хэлээд нөгөө өвсөө гурваас дөрөв хүртэл хуваагаад өөрийн суудал доороо нэгийг хийж заримыг нь хар өнгийн үүргэвчтэй цүнхэнд хийгээд арын суудал дээр тавьсан байсан. Дг утсаа авахгүй сураггүй байхаар нь буцаад явъя гээд буцаад хөдөлсөн. Урьд өмнө нь 2018 онд цэргийн алба хааж байх хугацаанд төмс хураалтад Төв аймгийн Жаргалант суманд явж байхдаа марихуан гэх өвсийг харж мэдэж авсан, элбэг ургадаг юм билээ. Тухайн үед харж л байсан хэрэглэж бол огт үзээгүй байсан. Сая харин тариалангийн талбайны хажуу талд байсан болохоор сонирхоод хэрэглэж үзнэ гэж бодоод түүсэн юм. Уг өвсийг хэрэглэхдээ бол хатааж байгаад хэрэглэдэг болохоор нойтон өвч хатаад жоохон болчих байх гэж бодсон юм. Нэг удаа хэрэглэхдээ жоохныг хатааж байгаад тамхи шиг цаасанд ороож татдаг юм билээ. Энэ тухай мэдээллийг интернэт орчноос бичлэг, мэдээг маш ихээр харж сонсож байсан болохоор сонирхож үзсэн юм. Тэрнээс биш надад зарж борлуулах ямар ч зорилго байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-44-46, 49-51, 53/
Дээрх баримтуудаар шүүгдэгч С.Б нь найз бүсгүйгээ очиж авах зорилгоор Төв аймгийн Батсүмбэр сум руу автомашиныг жолоодон явсан нь тогтоогдож байх ба найз бүсгүй болох Н.Дтай холбоо барьж чадалгүй, Улаанбаатар хот руу буцаж явах замдаа Батсүмбэр сумын төвийн хойд хэсгээс “өвс” нэршилтэй ургамлыг түүж бэлтгэсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч С.Б нь сэтгэцэд нөлөөт бодис бүхий ургамлыг түүж бэлтгэсэн гэх газар нь орон зайн хувьд биеэр авч чадахгүй газар байрлаж байгаа нь болон С.Бийн түүж бэлтгэсэн ургамал нь овор хэмжээний хувьд биедээ авч явах боломжгүй тул автомашинд агуулан авч явсан болох нь баримтаар тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Б нь тухайн автомашиныг авч явсан анхны зорилго өөрчлөгдсөн нь тухайн автомашиныг “сэтгэцэд нөлөөт бодис бүхий ургамлыг бэлтгэж хадгалах” үйлдэлдээ хэрэглэснийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй, мөн тухайн ургамлыг биедээ авч явах боломжгүйн улмаас автомашиндаа агуулан авч явсныг “хадгалаагүй” гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч С.Б нь сэтгэцэд нөлөөт бодисын орц бүхий ургамлыг /4042,3 грамм цэвэр жинтэй/ худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтаар нотлогдож байх тул С.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүй хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-93/ тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа шударгаар хүлээсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон С.Бэд засарч хүмүүжих боломж олгон, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, ялын хугацааг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Мөн тухайн ялыг эдэлж байх хугацаанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн Т.Зын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-15/, Т.З нь өөрийнх нь автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласныг мэдээгүй болох нь өөрийнх нь мэдүүлэг, яллагдагч С.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тухайн автомашины үнэлгээ болох /х.х-79-84/ 7147671 төгрөгийг С.Бээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.
Мөн гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 4042.3 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгаж, баримтыг шүүхэд ирүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг уг эд зүйлийг хадгалж байгаа байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Өлзийт овогт Сийн Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өлзийт овогт Сийн Бэд 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, хот хооронд зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан С.Бэд 4 жилийн хугацаанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар С.Бийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 00-00 УАУ улсын дугаартай “Хонда инсайт” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 7147671 төгрөгийг С.Бээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 4042.3 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис бүхий ургамлыг зохих журмын дагуу устгаж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч С.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт, хураалгаж битүүмжлэгдээгүй, бусдад төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд, мөн шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг С.Бэд мэдэгдсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ