Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/00255

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр         Дугаар 101/ШШ2019/00255             Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, Х овогт Б-ын Б-ын нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч:  өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би тус байгууллагад 2016 онд хог тээврийн хэсгийн авто машины жолоочоор ажилд орж ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж шийтгэл авагдаж байгаагүй. Гэтэл ажил олгогч 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/177 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, ажлаас халагдсан. Мөн манай байгууллага сахилгын шийтгэл мөнгөн дүнгээр оногдуулахдаа нэг сарын 30 хувиар тооцон цалин хөлснөөс суутгал хийж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчдөг. Ажилчдын ар гэрт гачигдал зовлон тохиолдоход чөлөө авах тухай хүсэлт гаргахаар чөлөө олгодоггүй боловч өөрийнх нь ар гэрт гачигдал гарсан гээд хүссэн цагтаа, хүссэн хугацаандаа өөртөө чөлөө олгоод явдаг, ажилчдаас санал хүсэлт авахгүй өөрийнх нь хүсэлт бол хааны зарлиг шиг л хүчинтэй гэж тэрээр үздэг. Сахилгын шийтгэл ногдууллаа гэхэд ямар нэгэн байдлаар гэм буруутай эсэх талаар тайлбар авдаггүй, амаараа хэлээд л өнгөрдөг. Миний бие яагаад ажлаасаа халагдаж байгаа тухай асуухаар тайлбар хэлээгүй болно. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Б нь 2016 онд тус компанид хог тээврийн хэсгийн автомашины жолоочоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байхдаа ямар нэгэн сахилгын шийтгэл гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/117 тоот тушаалаар ажлаас нь гэнэт чөлөөлсөн. Ажил олгогч байгууллага нь хөдөлмөрийн тухай хуульд заасан дүрэм, журмаа зөрчиж ажиллуулдаг. Захиргааны ажилчдынх нь гэр бүл бол хүн, бусад ажилчдын гэр бүл бол хүн биш гэсэн байдлаар ханддаг. Сахилгын шийтгэл авахдаа хүртэл цалингийн 30 хувиар тооцдог. Мөн ажлын санал хүсэлт хэлэхээр хүлээж авдаггүй. Ямар үндэслэлээр ажлаас халсныг асуухад тайлбар өгдөггүй. Иймээс урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх цалин болох 2,427,896 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлхийг даалгаж байна... гэв.

 

Хариуцагч БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.Бын нэхэмжлэлтэй БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ холбогдох ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Б.Быг БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ-ын даргын 20169 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 49 дүгээр зүйлийн 49.1, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 190 тоот “Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрын дүрэм батлах тухай” тогтоолын 2.4, байгууллагын дотоод журмын 7.6 дахь хэсгийг үндэслэн тус байгууллагын авто тээврийн хэсгийн хог тээврийн автомашины жолоочийн үүрэгт ажилд томилон ажиллуулсан болно.

Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сахилгын зөрчил гаргаж байгаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, ажилчинтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах тухай газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тоот тушаалыг үндэслэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулан олгох сахилгын шийтгэл эдэлж байсан болно. Б.Б нь тус байгууллагыг сахилгын шийтгэл ногдуулахдаа нэг сарын цалингийн 30 хувиар тооцон цалин хөлснөөс суутгадаг гэсэ үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2 дахь заалтуудыг үндэслэн 20 хувиар тооцон суутгасан болно. Нэхэмжлэгч Б.Б нь тус байгууллагын авто тээврийн хэсгийн 22.51 УБА хог тээврийн автомашиныг хариуцан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны хог тээврийн автомашины жолоочоор ажиллаж байх хугацаандаа ашиг сонирхлын зөрчил гаргасан бөгөөд hosting.smartgps.mn Жи Пи Эс программаар нэхэмжлэгч Б.Бын 22-51 УБА хог тээврийн автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ажилласан явцыг хог тээврийн рейсийн баримттай тулган шүүж шалгахад нийт 44 удаагийн рэйсийн тээвэрлэлтээс 18 удаагийн зөрчил илэрч хий рейс явсан, зорчих замыг холуур тойрч явсан, Жи Пи Эс программ дээр зааж байгаа байршил нь жолоочийн хог тээврийн баримт /шар хуудас/ дээрх тэмдэглэлтэй зөрсөн гэх зөрчил гаргасан нь үнэн тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, байгууллагын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7 дахь заалтуудыг үндэслэн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/177 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөрийн тухай хууль, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчиж, үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй учир гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

  Хариуцагчийн өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байхад ажлаас халсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Үүнийг нягталж үзэхэд хөдөлмөрийн гэрээнд техникийн алдаа гаргасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг 20 хүртэл хувиар бууруулан тооцож ногдуулна гэсэн байдаг. Иймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллага ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулж байсан гэх нотолгоо байхгүй. Ажлаас халсан нь хуулийн дагуу болохыг, эд хөрөнгө шамшигдуулсан болохыг нотолно. Гэхдээ зохих үүргээ гүйцэтгэлгүйгээр явуулсан болох нь баримтын дагуу маршрутыг харахад мэдэгдэнэ. Нэг байгууллагаас 3 тонн хог ачна гэдэг бодит байдал дээр байж болохгүй. 10-аад байгууллагуудын хогийг хаяж байж, 3 тонн хог болдог юм. Ганц удаа энэхүү зөрчлийг гаргасан биш. Энэ тодорхой хугацаанд гаргасан зөрчил юм. Үүнээс гадна өмнөх зөрчлүүдийг шалгасан байдаг. Түлш шатахууныг өөрөө дур мэдэн дуртай газрынхаа хогийг хаядаг, өөрийн хувийн ашиг сонирхлоо хангах ажилладаг байсан. Ажлын чанарын доголдол гаргасан гэх нотолгоонууд байгаа юм. Б.Быг 2018.10.31-ний өдөр хөдөлмөрийн хуулийн 41.4-т зааснаар ажлаас нь халсан юм. Хавтаст хэрэгт байхгүй зүйлийг яриад байна. Нотолгоо гаргаад энэ байгууллагад нэхэмжлэлээ гарга гэж хэлмээр байна. Анх ажилд ороход нь ар гэрт нь дэмжлэг үзүүлдэг байсан. Энэ хүн нь маш олон зөрчил гаргасан учраас аргагүйн эрхэнд халсан. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байгаа түлшийг ямар ч хэрэггүй зүйлд ашигласан байгаа. Тушаалыг аргагүйн эрхэнд гаргасан байдаг. Байрлал тогтоогч бол ажлыг нь хянадаг учраас суурилуулсан. Мөн өөрийг нь хариуцсан шууд удирдах эрхтэй захирал, инженерүүд байгаа. Зөрчил байлгаж болохгүй гэдгийг удаа дараа сануулсан. Хэлээд байхад хариуцлагагүй ханддаг байсан. Үйлчлүүлэгч байгууллагуудаас маш олон гомдол гаргасан байдаг. Нотлох баримтаа авчирч чадсангүй. Хөдөлмөрийн дотоод журмын 3.6.7-д зааснаар ноцтой зөрчил гаргасан байгаа. Иймээс үндэслэлгүйгээр ажлаас халсан гээд байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Б хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан, хөдөлмөрийн дотоод журмын 3.6.7-д зааснаар ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ нь Б.Быг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авто тээврийн хэсгийн жолоочоор томилж, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 19-21, 41 дүгээр тал/

 

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус газрын Б/117 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.1.4. дэх заалт, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7 дахь заалтуудыг үндэслэн Б.Быг  \\үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн  39 дүгээр тал/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

 

Ажил олгогч ажилчинг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн алийг баримталсан талаараа тушаалдаа тусгаагүй байна. /хх-ийн 39 дүгээр тал/

 

БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариу тайлбар шүүхэд ирүүлэхдээ “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тушаалаар сахилгын зөрчил гаргаж байсан” гэжээ. /хх-ийн 17 дугаар тал/

 

Хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан ажил олгогчийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тушаалаар Б.Бт сахилгын шийтгэл ногдуулж, үндсэн цалинг 20 хувиар 1 сараар бууруулжээ.

 

Ажил олгогчийн уг сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа тул сахилгын шийтгэлгүйд тооцохоор зохицуулсан байна.    

 

Мөн Б.Быг байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7.-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан /хх-ийн 26 дугаар тал/ ноцтой зөрчил гаргасан гэжээ.

 

Хавтаст хэрэг авагдсан баримтаар Б.Б нь байгууллагын дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал нотлогдоогүй, ажилчин, ажил олгогч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан зөрчлийг Б.Б гаргасан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардуулсан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариу тайлбар холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч байгууллага өмгөөлөгч томилуулах эрхээ эдлэх үүднээс шүүхэд хүсэлт гаргажээ. /хх-ийн 90 дүгээр тал/

 

Ажил олгогчийн өмгөөлөгч авах эрхийг эдлүүлж, шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13:30 минутад товложээ. Уг шүүх хуралдаанд хариуцагч байгууллага өмгөөлөгч аваагүй, өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх дахин хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдааныг товложээ.

 

Хариуцагчид өмгөөлөгч авч, эрхээ хамгаалуулах эрхийг шүүх 2 удаа олгосон байхад хариуцагчийн өмгөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах боломжийг олгосон. Мөн өдрөө шүүх хуралдааныг явуулахад гэрчээр Б, Х нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байна.

 

Шүүх хариуцагч буюу ажил олгогчид өмгөөлөгч авах эрхийг 2 удаа олгосон, мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хэргийн материалтай танилцаж, хүсэлт гаргах боломжтой хугацаа байхад шүүх хуралдаанд гэрч асуулгах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадаагүй байна.

 

Иймд Б.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт /дундаж цалин хөлс тодорхойлох журам/-д ажлаас буруу халсан үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар Б.Бын 2018 оны 8,9,10 дугаар сарын дундаж цалин хөлс 1 сарын 949.087 төгрөг байх ба 1 өдрийн цалин хөлс нь 949.087:21.5=44.143 төгрөг байна.

 

            Б.Бын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 2 сар 11 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 949.087х2=1.898.174 төгрөг, 11х44.143=485.573, 1.898.174+485.573=2.383.747 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Бын нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х овогт Б-ын Б-г БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ-ын авто тээврийн хэсгийн хог тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ-аас 2.383.747 төгрөгийг гаргуулж, Б.Бт олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Б.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шиймтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч БЗДНҮГ-1 ОНӨААТҮГ-аас 53.090 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО