Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/00442

 

                                     

 

 

 

 

2019 оны 01 сарын 25 өдөр         Дугаар 101/ШШ2019/00442             Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,0 хороо, Эрдэнэ толгой 0 гудамж, 0 тоотод оршин суух Ц овогтой Б-ийн Х-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  дугаар хороо, 0-р хороолол, 0-р байр, 0 тоотод оршин суух Ц овогтой Л-ийн Б-д холбогдох,

 

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэрггийн анхан шатны шүүхийн 2015.12.07-ны өдрийн 8484 дугаартай захирамжаар Л.Бгаас 63,744,847 төгрөг гаргуулж “П” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Гэвч Б.Х би энэ гэр бүлийн гишүүн өмчлөгч Л.Бгийн төрсөн охин юм. Л.Бгийн өмчлөлийн Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай 0 мкв талбайтай 0 өрөө орон сууц нь гэр бүл гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно. Л.Б нь охин Б.Х намайг 17 настай байхад буюу хязгаарлагдмал чадамжтай байхад надад мэдэгдэлгүй, надаас зөвшөөрөл авалгүйгээр “П” ХХК-тай гэрээ байгуулж зээл авч дээрх орон сууцыг барьцаалсан байна.

Б.Х би Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-т зааснаар Л.Бтай хамт амьдардаг байсан бөгөөд уг барьцаалсан хөрөнгө нь Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 20 дугаар тогтоол, мөн Монгол улсын иргэний хуулийн 125 дугаар зүйл 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно.

Иймд дээрх үл хөдлөх хөрөнгө нь 60.000.000 төгрөгийн хөрөнгө бөгөөд Б.Х миний хамтран өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо 0 хороолол 0 дугаар байр 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай 28 мкв талбайтай 2 өрөө орон сууц өмчлөх эрх зөрчигдөж байна.

Б.Х миний бие Л.Бгийн гэр бүлээс насанд хүрч байгаа тул Монгол улсын иргэний хуулийн 131.1-т заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай  мкв талбайтай 0 өрөө орон сууцыг би ээж аав дүүгийн хамт амьдардаг тул надад оногдох хэсэг болох 15.000.000 төгрөгийн хэмжээнд дээрх үл хөдлөх эд хөрөнгө ноогдох тул хамтран өмчлөгч мөн болохоо тогтоолгох хүсэлттэй байна.

Иймд Монгол улсын иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасны дагуу Л.Бгийн өмчлөлийн Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай 0 мкв талбайтай 0 өрөө орон сууцыг хамтран өмчлөгч Б.Х мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Хгийн нэхэмжлэлтэй Л.Бд холбогдох Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар хороолол 0 дугаар байр 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй 28 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б миний бие Б.Хг тус үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болоход татгалзах зүйлгүй бөгөөд Б.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Б.Х нь одоо энэ байраа барьцаанд алдвал орох оронгүй болно. Б.Хг 18 нас хүрэхээр нь байрны гэрчилгээг нь гаргаж авах гэсэн боловч барьцаанд байсан учраас авч чадахгүй байсан гэв.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг гэрээг байгуулж байхад тус байр нь 1 хүний өмчлөлийн 2016.10.08-ны өдрийн гэрчилгээтэй байсан. Иймээс бид 45 сая төгрөгийг зээлсэн. Харин зээлээ төлөөгүй. Төлөх үүрэг хүлээсэн байгаа. Иргэний хуульд зааснаар Л.Бгийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 9 сард “П” ХХК-д шилжүүлэхээр болсон. Уг барьцаанд хамтран өмчлөгч тогтоох нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гаргасан. Тиймээс уг нэхэмжлэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад болсон гэж үзэж байна. Мөнгөн хэлбэрээр иргэний журмаар ээжээсээ нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя. Манай байгууллагын зүгээс энэхүү нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна

Нэхэмжлэгч Б.Х нь орох оронгүй болно гэж ярьж байна. Яг энэ байгаа байрны урд талд дүү нь байдаг. Гэрчилгээ гаргуулах үед 18 насанд хүрээгүй байсан учраас гаргах боломжгүй байсан гэж байна. Хуульд 18 насанд хүрсэн бол хамтран өмчлөгчөөр тогтоох гэсэн заалт байхгүй. Тиймээс уг нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Х хариуцагч Л.Бгийн өмчлөлийн Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай 0 мкв талбайтай 0 өрөө орон сууц нь гэр бүл гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Л.Б уг байр гэр бүлийн дундын эд хөрөнгө учраас маргахгүй зүйлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Маргааны зүйл болох Б дүүрэг,0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг 2011 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу Л.Б өөрийн өмчлөлдөө 0дугаарт бүртгүүлж авчээ.

 

Л.Б 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 0 тоот зээлийн гэрээг “П” ХХК-тай байгуулан 45.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 13 дугаар байрны 32 тоот орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 164-171 дүгээр тал/

 

Хариуцагч Л.Б 2015.04.24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүйн улмаас “П” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, зохигчид 2015 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 8484 дүгээр захирамжаар Л.Б нэхэмжлэлийн шаардлага болох 63.472.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон эвлэрчээ. /хх-ийн 12 дугаар тал/

 

Уг шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, хариуцагчийн барьцааны зүйл болох орон сууцанд шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээ, төслийн ”Л” ХХК Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот 0 м.кв талбай бүхий 0 өрөө орон сууцыг 60.800.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 192 дугаар тал/

 

Л.Б уг үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1021 дүгээр шийдвэрээр Л.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр 04-ний өдрийн 108 дугаар магадлалаал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1021 шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 301 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1021 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 108 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээжээ. /хх-ийн 205-212 дугаар тал/

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6.-д “гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэжээ.

 

Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Уг орон сууцыг Л.Б өөрийн өмчлөлдөө 2011 онд авсан бөгөөд үүнээс хойш тэрээр өөрөө захиран зарцуулж, “П” ХХК-д барьцаанд тавихад тухайн эд хөрөнгө нэг хүний буюу Л.Бгийн өмчлөлд байсан тул түүний охин Б.Хс зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

 

Мөн нэхэмжлэгч хамтран өмчлөгчөөр тогтоолгох орон сууцыг 60.000.000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох хэсэг болох 15.000.000 төгрөгийн хэмжээнд хамтран өмчлөгч болохоо тогтоолгохоор шаардаж байгаа, харин уг орон сууц “Прогресскапитал ББСБ” ХХК-ийн барьцаанд байгаа, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийгдэж байна.

 

Иймд Б.Х өөрт хохирол учирсан гэж байгаа бол Л.Бгаас 15.000.000 төгрөгөө шаардах эрхтэй юм.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэх тайлбар гаргасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүссэн хэрэгт нэхэмжлэлийг буцаах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Б.Хгийн нэхэмжлэлтэй, Л.Бд холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6.-д зааснаар хариуцагч Л.Бд холбогдох орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Б.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.СОЛОНГО