Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 04-ний өдөр        Дугаар 2019/ДШМ/20                       Баруун-Урт

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд: 

Прокурор: Л.Мөнхбаяр

Шүүгчдэгч: Г.А, түүний өмгөөлөгч Т.Хүдэр

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор С.Сугарын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн 1930001100102 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.А 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “Хүрэн худаг” гэх газар 2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн  3.7-д “ Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчиж, согтуугаар 90-87 СҮА улсын дугаартай Майти маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Г.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолоор: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Г.Ад яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Аыг цагаатгаж, шүүхийн шатанд шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Аы  өмчлөлийн Майти загварын 90-87 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад учруулсан гэм хорын хохиролд 3.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Сугар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэд буцаах тухай мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, тогтоол хууль ёсны болж чадаагүй байна. Иймд Г.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан хэргийн талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн 104 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр  шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй хэдий ч эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжгүй гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “Хүрэн худаг” гэх газарт “Hyundai Mighty” загварын 90-87 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож,  иргэн Ц.Бын гэрээс зам заалган явсан боловч, буцаж ирэн гэрийг нь дайрч эд хөрөнгөд нь 2700000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй юм. Иймд энэ асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ад холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Прокурорын эсэргүүцэлд дурдсан хуулийн үндэслэл нь буруу хэдий ч хэргийг буцааж авах тухай саналыг хүлээн авсан болохыг дурдав.

Мөн эд зүйлийн үнэлгээг хэрэг гарсан орон нутгийн үнэлгээгээр үнэлэх нь зүйтэй юм. 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч  Г.Ад холбогдох эрүүгийн 1930001100102 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцаасугай.

Хоёр: Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНТУНГАЛАГ 

                          ШҮҮГЧИД                    Д.БАЙГАЛМАА    

                                                                           О.БААТАРСҮХ