Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2024/0559/З |
Дугаар | 221/МА2024/0665 |
Огноо | 2024-10-15 |
Маргааны төрөл | Газар, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2024/0665
2024 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2024/0665 | Улаанбаатар хот |
В.С***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч В.С***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч В.С***,
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд Н.Э***,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А***ын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6131 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0635 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г***.
Хэргийн индекс: 128/2024/0559/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.С***ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А***ын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6131 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0635 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.7 дахь хэсэг, 18.7.1 дэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.С***ийн гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А***ын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6131 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,
3.2. Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд оролцож, тайлбар өгсөн болох нь маргаан бүхий актад тэмдэглэгдсэн байх тул уг дүгнэлтийг мэдэгдээгүй, гардуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46.1-т зааснаас үзвэл маргаан бүхий актыг мэдэгдэх хүртэл хүчин төгөлдөр болох боломжгүй. Шүүхээс маргах эрхээ нэгэнт хэрэгжүүлсэн гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна,
3.3. Шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан зарчмыг хэрэгжүүлж, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасантай нийцээгүй,
3.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйл “Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа”, 124 дүгээр зүйлийн 124.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй”, 124.1.1-д “энэ хуулийн 6.3.1, 6.3.3, 6.3.4-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3 жил”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасан захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараах хэлбэртэй байна”, 12.1.3-д “тогтоол” гэж тус тус заажээ
Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаартай тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А***ын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6131 дугаартай дүгнэлт гаргаж байгаа нь нэхэмжлэгч миний эрх, ашгийг ноцтой зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасны дагуу тухайн харилцааг илүү нарийвчилан зохицуулсан хуулийг хэрэглээгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,
3.1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 94А дугаар шийдвэрээр иргэн Н.Э***ын нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 392 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай захирамжийн иргэн Б.Ц***, К.Э*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 415, нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн иргэн И.И***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 305 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Улмаар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 392 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай захирамжийн К.Э***д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, эдгээр захирамжуудын Б.Ц***д холбогдох хэсэг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 415, нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн И.И***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
3.2. Маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 1***б тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Г-220*** дугаарт бүртгэгдсэн газрын өмчлөх эрх К.Э***аас 2007 онд Х.Н***д, Х.Н***гаас 2012 онд иргэн Ц.П***т шилжиж, улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2023 онд иргэн Ц.П***аас дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 94А дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 305 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн тул тусгай тэмдэглэлийг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, мөн оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн З.М***тай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулснаа улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Улмаар иргэн З.М*** маргаан бүхий газрын өмчлөх эрхийг иргэн Д.Ч***д бэлэглэснийг Д.Ч***аас В.С*** худалдан, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн.
3.3. Иргэн Н.Э***аас улсын бүртгэлийн байгууллагад хандан “...Улсын дээд шүүхийн 2014 оны 216 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч маргаан бүхий газрын өмчлөгчөөр В.С*** нь бүртгэлтэй байгааг хуулийн дагуу шалгуулах” агуулга бүхий гомдол гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчаас Г-220*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, бүртгэлд хяналт, шалгалтыг хийж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6131 дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан болох нь тус тус тогтоогдож байна.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж,
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ”, 18.7.1-т Улсын байцаагч нь “... бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” бүрэн эрхтэй хэмээн тус тус заасан.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим ба захиргааны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хугацаа нь агуулга болон харилцан хамаарлын хувьд ялгаатай. Тодруулбал, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим нь хугацаагүй үйлчлэх зарчим бол захиргааны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн шийдвэрийг албадлагын журмаар гүйцэтгэх харилцаанд” хамааралтай талаар үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, хариуцагч нь иргэн Н.Э***аас гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2023 оны 05/3311 дүгээр албан бичгээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон гэх үйл баримт тогтоогдсонтой холбогдуулан маргаан бүхий захиргааны акт болох Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 6131 дугаар дүгнэлтийг гаргасан.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо дурдсан Улсын дээд шүүхийн 2014 оны 216 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос 3 жил өнгөрсөн байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, маргаан бүхий дүгнэлтийг үйлдсэн гэх үндэслэлийн тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 3888 дугаар захирамж, 168 дугаартай гүйцэтгэх хуудсаар “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх”-ээр шийдвэрлэсэн байх боловч энэхүү захирамж гарахаас өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт үйлдэгдсэн болох нь тус тус тогтоогдож байна.
7. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлснийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА