| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/1401/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1435 |
| Огноо | 2022-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1435
2022 11 22 2022/ШЦТ/1435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Р.Очирсүрэн,
хохирогч: Г.М,
шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох 2208000000000 тоот хэргийг 2022.10.31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дүнд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, хувиараа гар утасны лангуу эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Чулуут 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00Б-00 тоотод оршин сууж байгаа гэх, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Алтан овогт гийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26-р байрны 5 дугаар байрны орцны иргэн Г.Мийн баруун нүдэн тус газар гараараа цохисны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /х.х-04, 06/,
- Хохирогч Г.Мийн: “2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед би найз охин Энэрэлийн хамт Энэрэлийн найз Сондортой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны хамгийн урд талын орцны 0 дугаар давхарт буюу гэрт нь ороод удалгүй буцаж гарч ирээд найз охин бид хоёр шатаар доошоо нэг давхар руу буугаад орцны хаалган дээр очоод би орцны хаалгыг онгойлгох гээд оролдож байсан юм. Энэ үед би нуруундаа мотоциклийн хамгаалалтын малгай үүрчихсэн явж байсан. Тэгээд би орцны хаалгыг онгойлгож чадахгүй, онгойлгох гээд оролдож байх үед миний ард нэг танихгүй ах буюу нэрийг нь сүүлд нь мэдсэн бөгөөд Б гэх ах ирээд нүүрнийхээ хэсгээр миний нуруундаа үүрсэн байсан мотоциклийн хамгаалалтын малгайг санамсаргүй мөргөх шиг болсон. Тэр үед би юу болсон юм бол гэж гайхаад эргээд харахад Б гэх ах хоёр гараараа нүүрээ дараад тонгойсон байдалтай зогсож байсан. Тэгээд би буцаж хаалга руу хараад хаалгаа онгойлгох гэж дахин оролдоход Б гэгч ах шууд миний баруун нүдний хэсэг рүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-19-20/,
- Гэрч М.Эийн: “2022 оны 9 дүгээр сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байх үед найз залуу Мийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 5 дугаар орцны 299 тоотод найз Сондорын гэрт орж Сондороос юм аваад удалгүй Сондорын гэрээс буцаж гараад шатаар доошоо бууж нэг давхарт очоод орцны хаалган дээр очоод найз залуу маань орцны хаалгыг онгойлгох гээд оролдоод онгойлгож чадахгүй зогсож байсан, энэ үед манай найз залуу нуруундаа мотоциклийн хамгаалалтын малгай үүрсэн байсан. Яг энэ үед манай найз залуугийн хойно нэг танихгүй ах буюу нэрийг нь сүүлд мэдсэн Б гэгч ах ирээд "ингэж онгойлдог юм" гэж хэлэх шиг болоод орцны хаалга онгойлгож өгөх гэж урагшлахдаа нүүрээрээ манай найз залуугийн үүрсэн байсан хамгаалалтын малгайг мөргөсөн.Тэгээд Б гэдэг ах уурлаад "иймэрхүү юм яах гэж авч явдаг юм" гэж хэлээд манай найз залуугийн баруун нүднийхэн хэсэгт гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-31-32/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13302 дугаартай "Г.Мийн биед баруун дээд зовхинд няцарсан шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2022.09.25-ны өдөр үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /х.х-34-35/,
- Яллагдагч С.Бийн: “2022 оны 9 дүгээр сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байх үед би Сонгинохайрхан дүүргийн 00дугаар хороо 00 дугаар байрны 0 дугаар орцны 000 тоотод Нын гэрт ороод удалгүй буцаж гараад нэг давхарт орцны үүдэнд очиход орцны хаалган дээр нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн буюу одоо энэ хэргийн хохирогч болсон М гэгч залуу, найз охиныхоо хамт орцны хаалгыг онгойлгох гээд оролдсон байдалтай байсан. Уг орцны хаалга нь угаасаа гацаж онгойдог хаалга байгаа юм. Ингээд би М гэгч залууд хандаж Мийн хажуугаар нь зөрөх гээд ойртоход М гэгч залуу над руу эргэж хараад надад хаалга руу ойртох зай гаргаж өгөх гэсэн үйлдэл хийхдээ нуруундаа хөмсөгний хэсэгт цохисон. Энэ үед би хөмсөг их өвдөөд нүүрээ дараад доошоо тонгойгоод суухад М гэгч залуу намайг тоохгүй буцаад орцны хаалга онгойлгох гээд оролдоод эхэлсэн.Тэр үед миний уур хүрээд М гэгч залууд хандаж "ард урдахаа харахад яадаг юм” гэж хэлэхэд тоохгүй байхаар нь уурандаа М гэгч залуугийн баруун нүднийхэн хэсэгт гараараа нэг удаа цохисон" гэх мэдүүлэг /х.х-53-54/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны 0 дугаар байрны орцны хаалгыг онгойлгох гээд чадахгүй байсан М.Энэрэл, Г.М нарт туслахаар хаалга руу дөхөхдөө Г.Мийн нуруундаа үүрсэн байсан мотоциклийн хамгаалалтын малгайг нүүрээрээ мөргөсөн ба тийнхүү мөргөсний улмаас түүний нүүрэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Г.М, М.Э, өөрийнх нь мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13338 дугаартай “С.Бийн биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын улайлт, эрүү, хүзүү, зүүн алга, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-37-38/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. С.Бийн өөрийнх нь санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас өөрийнх нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
Мөн С.Б нь нүүрэндээ гэмтэл авсандаа уурлаж, хохирогч Г.Мийн хайхрамжгүй байдалд дургүйцэн нүүрэн тус газарт нь цохиж гэмтээсний дараа Г.М нь С.Бийг зугтаахаас сэргийлж /Г.Мийн мэдүүлгээр/ хүзүү хэсгээр нь боож унаган ноцолдсоны улмаас С.Бийн эрүү, хүзүү, зүүн алга, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл учруулсан ба эдгээр гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13338 дугаартай “С.Бийн биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын улайлт, эрүү, хүзүү, зүүн алга, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс эрүү, хүзүү, зүүн алга, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлтээр /хх-37-38/ тогтоогдож байх тул Г.Мийн дээрх хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
Шүүгдэгч С.Б нь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Г.Мийн баруун нүдэн тус газарт нь цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 13302 дугаартай дүгнэлт, С.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Бийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Г.М нь үрэвслийн эм тос авахад 20000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, нийт 28000 төгрөгийг ажилгүй байсан 5 хоногийн цалингийн хамт нэхэмжилсэн байна. Шүүх хуралдаан дээр энэ талаар тодруулахад 5 хоногийн цалин 1,5 сая төгрөг нэхэмжилж байгаа талаараа хохирогч мэдүүлсэн болно. Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулахын өмнө шүүгдэгч С.Бтай хохирогч Г.М нь харилцан тохиролцож 1 сая төгрөг шилжүүлэн авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болно.
Иймд хохирогч Г.Мийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүйг болон түүний биед цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэмтэл учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь урьд 4 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийх ял шийтгүүлсэн,
2. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 197 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай /2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар 1 жил 2 сар 3 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсан,
3. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж ялын хугацаа дуусаж суллагдсан,
4. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 297 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-82/, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-83-103/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, С.Бийн хувьд 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн тухайн ял биелэгдээгүй учраас С.Бийн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг болон торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлэх” саналыг, хохирогчоос “ял шийтгэлийн хувьд хүндрүүлэх бодолгүй байна. Намайг бодоход нас биед хүрсэн хүн учраас уураа барьж сурах хэрэгтэй” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байх, буруутай үйлдэл хийсэн харамсаж байна. Хохирогчийн хувьд залуу хүүхэд байж аливаа зүйлд хариуцлагатай хандаж уучлалт гуйх хэрэгтэй” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.
Шүүх дээрх нөхцөл байдал болон С.Бийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоон шийтгэж, С.Бт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ял болон Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул тухайн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Алтан овогт Сгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алтан овогт Сгийн Бт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан С.Бт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ял болон Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хохирогчид нэг сая төгрөг дансаар шилжүүлэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч Г.Мийн иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд, мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг, мөн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын ялыг тус тус хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг С.Бт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ