Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/шцт/67

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч Г.Ундрах,  

Өсвөр насны хохирогч Ц.Алтансүх, түүний хууль ёсны төлөөлөгч О.Цэндбазар,

Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргал, түүний хууль ёсны төлөөлөгч С.Алтанцэцэг,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Азжаргалд холбогдох эрүүгийн 2233000700074 тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Дархан-Уул аймгийн Уул уурхай эрчим хүчний политехник коллеж 0-р курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р багийн 00-00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Хамжлага овогт Билэгтийн Азжаргал /РД:МФ05210710/.

 

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргал нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр хүүхдийн паркийн хашаан дотор Ц.Алтансүхийн нүүрэнд цохиж хамар ясны хугарал, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

Улсын яллагчаас:

-Өсвөр насны хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 4 хуудас/,

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10 хуудас/,

-Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 84 хуудас/,

-Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Х.Ихбаярын мэдүүлэг /хх-50-51 хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Хүслэнгийн мэдүүлэг /хх-ийн47-48 хуудас/,

-Насанд хүрээгүй яллагдагч Б.Азжаргалын мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/ зэргийг,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

-Насанд хүрээгүй гэрч Б.Хүслэнгийн мэдүүлэг /хх-ийн47-48 хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Х.Ихбаярын мэдүүлэг /хх-50-51 хуудас/, 

-Иргэний нэхэмжлэлийн баримт /хх-ийн 35-39-р хуудас/,

-Нас тоолсон баримт /хх-ийн 84-р хуудас/,

-Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 94-126-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргал нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр хүүхдийн паркийн хашаан дотор Ц.Алтансүхийн нүүрэн тус газар нэг удаа цохиж, хамар ясны хугарал, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1.Өсвөр насны хохирогч Ц.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 06 сарын 15-ны орой эхлээд Ихбаяр надтай Вест шопын урд надтай таарчихаад  надтай уулзаад тэгээд яваад өгсөн. 10-р байрны урд очиход баахан хүүхдүүд бөөгнөрсөн байсан. Сандал дээр суусан чинь Азжаргал ирээд ямар нэгэн асуудал байна уу? гээд байхгүй гээд явсан. Парк орчихоод харих гэж байсан ч замд найзууд нь таараад Содбилэг над руу дайраад есөн шидээр хараасан. Чи над руу дайрч томорлоо гээд тэгээд яриагүй байхад ярьсан гээд Содбилэгийн хацарт нь зүгээр хүрсэн. Өөр юм байхгүй. Тэгээд жоохон байж байсан Азжаргал нь ирээд цохисон. Тэгээд тарсан...”  гэх мэдүүлэг,

2.Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2022 оны 06 сарын 15-ны өдөр би ганцаараа гадуур явж байсан. Ихбаяр гээд манай найз руу залгаад Алтансүх чатаар залгасан гэсэн. 1-р сургуулийн ард темсийн хүүхдүүдээ аваад хүрээд ир гэсэн. Тэгээд Ихбаяр, Содбилэг бид гурав нэг дүгээр сургуулийн ар луу явж байсан. Явж байхад Бест шопын урд Алтансүхтэй таарсан. Ихбаяр Алтансүх хоёр уулзсан юу ярьсныг нь мэдэхгүй. Бид хоёр хоёулхнаа үлдсэн. Тэгээд байж байгаад 9-р байрны урд очсон. Тэгээд байж байгаад 0-р байр, 00-р байрын завсраас баахан хүүхдүүд гараад ирсэн. Алтансүх найзуудтайгаа гараад ирсэн. Бид хэд юм ярьж байсан болохоор нээх тоогоогүй. Алтансүх нь залгаад  юм яриад байсан болохоор Алтансүх дээр очиж уулзсан. Тэгээд янз бүрийн асуудал байгаа юм уу гэж асуусан байхгүй гээд байж байсан чинь 2 эргүүлийн цагдаа таараад бид хэдийг тараасан. Бид хэд тэгээд парк орсон. Парк дээр байж байсан чинь манай Орхоны найз Эрдэнэхүү таксины мөнгө босгох талаар ярьж байгаад би гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод удаагүй 20 минутын дараа араас Хүслэн гээд хүүхэд гараад ир гээд нөгөө хүүхдүүд чинь ирээд Содбилэгийг алгадаад байна гэсэн. Тэгээд би Алтансүх нь Содбилэгийг алгадсан байна гэдгээс болоод зодоон болсон. Өөрийнхөө бурууг ойлгож байгаа. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

1.Өсвөр насны хохирогч Ц.Алтансүхийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Сайхан сумын 0-р багийн нутагт байдаг хүүхдийн паркаас гэртээ харихаар явж байтал урдаас Азжаргал гэдэг Дархан-Уул аймгийн Дархан-Өртөө гэдэг сургуульд сурдаг надаас 2 ах хүүхэд Содоо, Жагаанаа хоёроос гадна нэлээд хэдэн хүүхэдтэй ирсэн юм. Би тухайн үед Сүхболд, Сүхээнээ, Бат-Амгалан, Золжаргал, Баяржавхлан, Зоригтсайхан нарын хамт явж байсан юм. Тэгтэл Содоо гэдэг хүүхэд над руу хараалын үг хэлээд дайраад байсан юм. Тэгээд байж байтал Азжаргал нь миний нүүр рүү буюу хамар амны зааг руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл Жагаанаа гэх хүүхэд миний цээж рүү хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Тэгээд би газар унасан. Тэгтэл намайг хэд хэдэн удаа хөл гар бие рүү өшиглөж цохисон тухайн үед ямар хүүхдүүд намайг өшиглөж цохисныг мэдэхгүй байна. Би нүүрээ хамгаалаад гараараа толгой нүүрээ дарчихсан байсан юм. Тэгээд нэг хүн шүгэлдсэн чинь тэд нар зугтчихсан юм. Тэгээд босоод ирсэн чинь хамар амнаас цус гарчихсан үүдэн 3 шүд үүрээд унасан юм. Тэгээд гэртээ харьсан. Тэгээд би шалгалттай байсан болохоор гомдол гаргаж чадахгүй байж байгаад 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл бичиж цагдаад хандсан. Манай найзууд тухайн зодоонд оролцоогүй. Надтай хамт явж байсан Баяржавхлангийн зүүн нүд нь хөхөрсөн байсан. Асуухад Жагаанаа цохисон гэж хэлж байсан. Өөр гэмтсэн, тухайн асуудалд оролцсон хүн байхгүй. Миний 3 үүдэн шүд хугарч эмтэрсэн, миний хамар хугарсан, тухайн үедээ зүүн дээд уруул дотор талдаа язарсан байсан, нүүр хавдсан байсан, толгой өвдөж нүд улайсан байсан. Өөр гэмтэл шарх сорви хөхөрч няцарсан зүйл байгаагүй. Содоо гэдэг хүүхэд нь Сайхан сумын 2-р сургуулийн 00А ангийг сая төгссөн хүүхэд юм. Бусад нь Дарханы МСҮТ-д сурдаг байх. Би хэнд ч гар хүрээгүй. Тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Би тэд нартай хамт явсан Ихбаяр гэдэг найз руугаа залгаад хаана байгаа талаар нь асуусан юм. Тэгтэл миний дараа өөр хүн Содоо гэдэг хүүхэд рүү залгаад хэрүүл маргаан хийсэн юм шиг байна лээ. Тэгээд тэд нар намайг гэж бодсон гэсэн. Азжаргал болон хамт явсан хүүхдүүдтэй урьд нь харилцаж байгаагүй. Гомдолтой байна. Хамар, шүдээ эмчлүүлмээр байна. Одоогоор эмчилгээ замын зардалд 130.000 гаран төгрөг зарцуулсан байгаа. Мөн эмчилгээ хийлгэх мөнгөө нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

2.Насанд хүрээгүй гэрч Б.Хүслэнгээс өгсөн мэдүүлэгт "... 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Содбилэг хүүхдийн хамт 40-р байрны гадаа Билгүүнээ гэх найзыгаа хүлээгээд сууж байтал Алтансүх залгаад хаана байна 1-р байрны ард сачий чинь байвал хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Миний дараа Содбилэг, Алтансүхтэй утсаар ярьсан бөгөөд Содбилэг утсаар яриад надад Алтансүх хүрээд ир гээд байна гэсэн. Тэгээд Содбилэг бид 2 Азаагийн утас руу залгаад Алтансүх залгаад зодолдъё гээд байна хүрээд ир гэсэн. Содбилэг бид 2, 40-р байрнаас гарч яваад паркийн ойролцоо явж Азаа, Хүслэн, Батзориг, Мөнхбаяр нартай таарсан. Тэгээд бид нар Алтансүхтэй уулзах гээд 3-р байр руу явсан. 5-р байрны урд буюу Цацрал дэлгүүрийн урд Алтансүхтэй таарсан бөгөөд тэрээр Сүхболд, Батсайхан, Энхтөр нарын хамт явж байсан бөгөөд түүнтэй уулзах гэтэл чимээгүй яваад өгсөн. Алтансүх юу ч ярихгүй байхаар нь буцаад парк орох гээд алхаж байтал Алтансүх найзуудын хамт 09-р байрны урд зогсож байсан бөгөөд тэгээд би өөрийн найзуудын хамт Алтансүхийн найзуудтай ярилцсан. Би Алтансүхэд хандан яагаад зүгээр байхад хатгаад байгаа юм бэ? гэж асуутал Алтансүх хариулт өгөхгүй байхаар би дэлгүүр яваад буцаад найзууд дээрээ иртэл Хүслэн над дээр ирээд Алтансүх, Содбилэгийн алгадсан гэж хэлсэн. Тухайн үед Алтансүх найзуудын хамт парк руу явсан байсан учир би Содбилэг, Хүслэн, Мөнхбаяр, Батзориг, Жагаанаа, Азаа нарын хамт Алтансүх болон түүний найзуудын ардаас явсан. Паркийн эргэдэг тоглоомын дэргэд би найзуудын хамт Алтансүх болон түүний найзуудтай таарсан бөгөөд бид нар хоорондоо маргалдаж эхэлсэн улмаар Азаа, Алтансүхийн нүүр хэсэг pvy 1 удаа цохисон. Уг цохилтын улмаас Алтансүх газар унасан. Тэгээд би Баяржавхлангийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиж газар унагаад Бадар-Ууган гэх надаас бага зэрэг зайтай зогсож байхаар нь түүн рүү гүйж очоод 1 жийсэн тэгтэл төмөр гулгуурын цаанаас гэрэл тусаад хүмүүс орилж хашхираад байхаар нь зугтаасан. Парк гэрэлтүүлэггүй бороотой гадаа харанхуй байсан учир үзэгдэх орчин муу байсан. Алтансүх, Содбилэгийг алгадсан байсан түүнээс болж зодоон болох болсон. Азаа, Алтансүхийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиж унагаасан. Жагаанаа, Болдоогийн нүүр хэсэг рүү 1 удаа цохисон гэсэн. Содбилэг, Алтансүхийн нуруу хэсэг рүү цохисон гэсэн. Би Баяржавхлангийн нүүр хэсэг рүү 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Мөн Бадар-Ууганг 1 удаа жийсэн. Тухайн үед мэдээгүй бөгөөд маргааш нь мэдсэн. Алтансүхийн үүдэн шүд, 2 ломбо нь гэмтсэн гэж сонссон. Азаа, Алтансүхийг 1 удаа цохисон өөр хүн халдаж зодсон эсэх талаар хараагүй. Паркийн төмөр савлуурын хажууд зодоон болсон. Тухайн үед миний биед халдаж зодсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар хуудас/

3.Насанд хүрээгүй гэрч Х.Ихбаярын өгсөн мэдүүлэгт "... 2022 оны 06 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Содбилэг хүүхдийн хамт 40-р байрны гадаа Билгүүнээ гэх найзыгаа хүлээгээд сууж байтал Алтансүх залгаад хаана байна 1-р байрны ард сачий чинь байвал хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Миний дараа Содбилэг, Алтансүхтэй утсаар ярьсан бөгөөд Содбилэг утсаа яриад надад Алтансүх хүрээд ир гээд байна гэсэн. Тэгээд Содбилэг бид 2 Азаагийн утас руу залгаад Алтансүх залгаад зодолдъё гээд байна хүрээд ир гэсэн. Содбилэг бид 2, 40-р байрнаас гарч яваад паркийн ойролцоо явж Азаа, Хүслэн, Батзориг, Мөнхбаяр нартай таарсан. Тэгээд бид нар Алтансүхтэй уулзах гээд 3-р байр руу явсан. 5-р байрны урд буюу Цацрал дэлгүүрийн урд Алтансүхтэй таарсан бөгөөд тэрээр Сүхболд, Батсайхан, Энхтөр нарын хамт явж байсан бөгөөд түүнтэй уулзах гэтэл чимээгүй яваад өгсөн. Алтансүх юу ч ярихгүй байхаар нь буцаад парк орох гээд алхаж байтал Алтансүх найзуудын хамт 09-р байрны урд зогсож байсан бөгөөд тэгээд би өөрийн найзуудын хамт Алтансүхийн найзуудтай ярилцсан. Би Алтансүхэд хандан яагаад зүгээр байхад хатгаад байгаа юм бэ? гэж асуутал Алтансүх хариулт өгөхгүй байхаар би дэлгүүр яваад буцаад найзууд дээрээ иртэл Хүслэн над дээр ирээд Алтансүх, Содбилэгийг алгадсан гэж хэлсэн. Тухайн үед Алтансүх найзуудын хамт парк руу явсан байсан учир би Содбилэг, Хүслэн, Мөнхбаяр, Батзориг, Жагаанаа, Азаа нарын хамт Алтансүх болон түүний найзуудын ардаас явсан. Паркийн эргэдэг тоглоомын дэргэд би найзуудын хамт Алтансүх болон түүний найзуудтай таарсан бөгөөд бид нар хоорондоо маргалдаж эхэлсэн улмаар Азаа, Алтансүхийн нүүр хэсэг pvy 1 удаа цохисон. Уг цохилтын улмаас Алтансүх газар унасан тэгээд би Баяржавхлангийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиж газар унагаад Бадар-Ууган гэх надаас бага зэрэг зайтай зогсож байхаар нь түүн рүү гүйж очоод 1 жийсэн тэгтэл төмөр гулгуурын цаанаас гэрэл тусаад хүмүүс орилж хашхираад байхаар нь зугтаасан. Парк гэрэлтүүлэггүй бороотой гадаа харанхуй байсан учир үзэгдэх орчин муу байсан. Алтансүх, Содбилэгийг алгадсан байсан түүнээс болж зодоон болох болсон. Азаа, Алтансүхийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиж унагаасан. Жагаанаа, Болдоогийн нүүр хэсэг рүү 1 удаа цохисон гэсэн. Содбилэг, Алтансүхийн нуруу хэсэг рүү цохисон гэсэн. Би Баяржавхлангийн нүүр хэсэг рүү 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Мөн Бадар-Ууганг 1 удаа жийсэн. Тухайн үед мэдээгүй бөгөөд маргааш нь мэдсэн. Алтансүхийн үүдэн шүд, 2 ломбо нь гэмтсэн гэж сонссон. Азаа, Алтансүхийг 1 удаа цохисон өөр хүн халдаж зодсон эсэх талаар хараагүй. Паркийн төмөр савлуурын хажууд зодоон болсон. Тухайн үед миний биед халдаж зодсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дугаар хуудас/

            4.Насанд хүрээгүй гэрч Т.Баяржавхалангийн: ...Давкагийн дагуулж ирсэн хүүхдүүдтэй Алтансүх юм яриад зогсоод байсан бөгөөд улмаар Алтансүхийн нүүр хэсэгрүү Азаа цохиод авсан... түүний дараа Жагаанаа гэдэс хэсэгрүү нь жийгээд унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/

            5.Насанд хүрээгүй гэрч Д.Сүхболдын: ...Би Жагаанааг өөрийн найзаасаа холдуулаад байж байтал Алтансүхийн шүд хэсэгрүү нь Азаа цохиод унагаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

            6.Насанд хүрээгүй гэрч Т.Содбилэгийн: ...Би Азжаргалд Алтансүх намайг алгадсан талаар хэлсэн чинь Азжаргал очиж уулзья гээд бид хэд Алтансүхийн байгаа газарт нь очсон юм. Тэгээд тэнд очоод Алтансүх Азжаргал хоёр маргалдаад эхэлсэн юм. Тэгээд Азжаргал Алтансүхийн нүүр хэсэгрүү нь гараараа цохиод авсан чинь Алтансүх газар уначихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/

           7.Ц.Алтансүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас,

           8.Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Одмаа 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №643 дугаартай “1.Ц.Алтансүхийн биед хамар ясны хугарал, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

           9.Б.Азжаргалын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдлоо.

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргал нь найзыг нь алгадлаа гэх шалтгаанаар өсвөр насны хохирогч Ц.Алтансүхийн нүүрэнд цохиж хамар ясны хугарал, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Азжаргалын 1 удаагийн үйлдлээр гараараа Алтансүхийн нүүрэн тус газар цохьсоны улмаас  хамар ясны хугарал, зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа ба үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэндбазар шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргалаас 2,782,600 төгрөг гэж нэхэмжилж байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргал болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өсвөр насны хохирогч Ц.Алтансүх болон түүний төлөөлөгчид хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон 110,000 төгрөгийг шүүх хуралдаанд бэлэн бусаар /дансаар/ төлсөн бөгөөд өсвөр насны хохирогч Ц.Алтансүх нь  хэргийн 36 дугаар хуудаст байгаа 2600 төгрөгийн хүнсний зүйл худалдаж авсан нотлох баримтыг хэрэгт хамааралгүй баримт хавсаргуулсан талаараа дурьдаж нэхэмжлэхээс татгалзсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал 2.670.000 төгрөгийг /шүдээ эмчлүүлэх/ нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж Харзтай шүдний эмнэлгийн 2.670.000 төгрөгийн нэхэмжлэхийг хэрэгт хавсаргуулжээ.

Энэ зардал нь цаашид буюу ирээдүйд гарах зардал байх бөгөөд Эрүүгийн хэргийн гэм хорын хохиролд бодит баримтаар тогтоогдсон зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэдэг.

Иймд дээрх шүд эмчлүүлэх зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байгаа тул өсвөр насны хохирогч, түүний ёсны төлөөлөгч нар нь эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөрийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба  арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ

Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргал нь 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 08 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 84 хуудас/, Б.Азжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 91 хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Азжаргалд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүхийн эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагч шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах саналыг оруулж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Энэ хүүхэд маань өөрөө Дархан-Уул аймагт суралцдаг. Ийш тийшээ явах асуудал гарна. Зорчих эрх хязгаарлах ял нь тохиромжгүй байна. Ямар нэгэн байдлаар дадлага хийх, амралтын өдөр гэртээ ирж очих асуудал гарна. Гэрээсээ хол байдаг. Ээж нь үйлдвэрт ээлжийн ажил хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй 1 дүүтэй. Аав нь хол ажил хийдэг. Ээждээ туслах ганц хүн нь тул торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Хамгийн бага торгуулийн ял оноогоод 5, 6 сараар төлөх боломж олгооч. Ээж нь ажил хийж байгаа тул төлбөрийг төлөх цалингаасаа хуваах боломжтой” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Азжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /Дархан-Уул аймагт коллежид суралцдаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.2 дугаар зүйлийн 1-т заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах ялын төрөл /Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих/-өөс сонгож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд торгох ялаар шийтгэх хууль зүйн боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан сонгох санкцтай хэрэг байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь тохиромжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүрэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргалд мэдэгдэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хамжлага овогт Билэгтийн Азжаргал /РД:МФ05210710/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух /суралцаж байгаа газар/ Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргалд мэдэгдсүгэй.

4.Өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргал нь өсвөр насны хохирогч Ц.Алтансүхэд хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон 110,000 төгрөгийг төлсөн бөгөөд өсвөр насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь ирээдүйд гарах зардал 2.670.000 төгрөг нэхэмжилснийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Энэ хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Азжаргалд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН