Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/00498

 

                                     

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр         Дугаар 101/ШШ2019/00498            Улаанбаатар хот

                                              

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, Барилгачдын талбай, 0 байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр 0 тоотод оршин суух, М овогт М.С-т холбогдох,

 

            39.150.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох 109.708.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Г.Э, хариуцагч М.С, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.

                                

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК болон М.С нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16/11 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр “М” ХХК нь өөрийн хамаарал бүхий “М******* *******” ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай XG955 маркийн авто ачигчийг захиран зарцуулах зөвшөөрлийн дагуу иргэн М.Сийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн. Гэрээний 2.1 болон 7.4-д заасны дагуу авто ачигчийн нийт үнэ 85.000.000 төгрөг бөгөөд урьдчилгаа төлбөрт 40.000.000 төгрөгийг М.С нь гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл 45.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр, 11 сарын хугацаанд гэрээний 7.7-д заасан хуваарын дагуу төлөхөөр тохиролцсон. Гэтэл иргэн М.С нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөөр 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 45.000.000 төгрөгийг төлсөн. Энэ үед гэрээний дагуу хүү 3.600.000 төгрөг, алданги 25.125.000 төгрөг болсон байна. Манай компанийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар 22.500.000 /45.000.000:50%/ төгрөгөөр тооцож хүү, алдангийн төлбөр 2017 оны 10 дугаар сарын 28-ны байдлаар 26.100.000 /3.600.000+22.500.000/ төгрөг болсон. Үүнийг тус өдөр төлсөн төлбөрөөс хасч тооцоход 18.900.000 /45.000.000-26.100.000/ төгрөг гарсан. Гэвч иргэн М.С нь дээрх төлбөрийг төлсөн өдрөөс өнөөг хүртэл санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

Иймд М.Сээс санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр 26.100.000 төгрөг, алданги 13.050.000 төгрөг нийт 39.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: М.Ст бид эрхийн доголдолгүй ачигчийг шилжүүлсэн. Бид эрхийн доголдолтой  ачигч шилжүүлсэн бол тэрээр эрхийнхээ дагуу биднээс шаардах эрхтэй байсан. Түрээсийн гэрээний хугацаанд энэ талаар хэлээгүй байж, одоо ийм зүйл ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Тэрээр гэрээний хугацаа дуусаны дараа бидэнд төлбөр шилжүүлсэн байсан нь бид эрхийн доголдолгүй ачигч нийлүүлсэн. Мөн тухайн ачигчид 18 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Өөрийнх нь хэрэглэж байгаа ачигчид наад захын элэгдэл гаргах нь зүйн хэрэг юм. Иймд сөрөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ: М.С би “М” ХХК-ийн захирал Н.У-тэй 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн XG-955 маркийн авто ачигчийг улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын дугааргүйгээр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд нийт 85.000.000 төгрөг төлөх ёстойгоос урьдчилгаа 40.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгсөн. Сонгинохайрхан дүүргийн “Монос” эмийн үйлдвэрийн зүүн талын хашаанаас “М” ХХК-ийн менежер Д.Б, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М нараас уг авто ачигчийг хүлээн авахад хашаанаас хулгайгаар гаргаж байгааг тухайн үед мэдээгүй. “М” ХХК-ийн захирал гэх Н.У нэхэмжлэл гаргах үед л мэдсэн. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ хийх үед уг өөрөө явагч тээврийн хэрэгсэл нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/07002 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2-т заасны дагуу “М” ХХК-ийн эзэмшлийн XG-955 маркийн ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн байсныг Н.У******* нь мэдсээр байж санаатайгаар М.С миний биетэй түрээсийн гэрээ байгуулан хууль бусаар ажилчдаараа гаргуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.2-т зааснаар хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямарваа нэгэн ажиллагааг явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглоно гэсэн заалтын дагуу шүүгчийн захирамж гарсан цаг хугацаанаас хойш “М” ХХК нь хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулах эрхгүй. Шүүгчийн захирамж зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээх бөгөөд бүхий л хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцогдоно. Өөрөөр хэлбэл энэ нөхцөлд “М” ХХК нь бусдад хүнд даацын машин механизмыг санхүүгийн түрээсээр өгсөн нь шүүхийн захирамжийг зөрчсөн гэж үзэж байна.

“М” ХХК-ийн захирал Н.У-тэй хийсэн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр байж чадахгүй бөгөөд уг гэрээний дагуу бусдаас санхүүгийн түрээсийн төлбөр, хүү, анз нэхэмжлэх эрхгүй болно. Энэ байдлыг мэдэхгүй гэрээний нэг тал болох М.С нь мэдсэн даруй уг санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах бусдад төлөхгүй байх гэсэн заалтаар төлсөн бол учирсан хохирлоо нэхэмжлэн шаардах эрхтэй болно.

Гэрээний 4.2.1-д түрээслүүлэгч нь түрээсэлж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам болон баталгаат хугацааны талаарх мэдээллийг түрээслэгчдэд өгөх үүргээ зөрчсөн өөрөөр түрээсийн зүйлийн талаар үнэн бодит мэдээллийг түрээслэгч талд өгөөгүй түрээслэгч нь тухайн түрээсийн зүйлийг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг мэдээгүй, гаалиар оруулж ирсэн гаалийн мэдээллийг мэдээгүй түрээслэгч байгууллага хувь хүн, эд хөрөнгөтэй холбоотой тодорхой ажиллагаа явуулах эрхийг нь хуулиар хязгаарласан байсныг мэдээгүй, түрээслүүлэгч боломжоор хангаагүй. Иймд түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шилжүүлсэн төлбөрөө нэхэмжлэх, шилжүүлэх төлбөрөөс татгалзах үндэслэлээр М.С миний бие 109.708.000 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулна гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

“М” ХХК санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг 39.150.000 төгрөгийг М.Сээс гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-иас 109.708.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Зохигчийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр санхүүгийн түрээсийн 16/11 дугаар гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр XG955H маркийн шар өнгийн авто ачигчийг 85.000.000 төгрөгөөр, сарын 2 хувийн хүүтэй 11 сарын хугацаатай түрээсэлжээ. /хх-ийн 7-12 дугаар тал/

 

Хариуцагч М.С санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл 45.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний дотор сарын 2 хувийн хүүтэй төлөх нөхцөлтэй байна. /хх-ийн 9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т зааснаар гэрээний үүргийн дагуу төлбөрөө хугацаанд нь төлөх нь хариуцагчийн үүрэг бөгөөд гэрээний хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар 29-ний өдөр хүртэл М.С 46.300.000 төгрөгийг төлсөн, үүнээс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 45.000.000 төгрөг төлжээ.

 

Санхүүгийн түрээсийн нийт үнэ 94.900.000 төгрөгөөс гэрээний хугацаанд түрээслэгч 46.300.000 төгрөг төлсөн, гэрээ дууссанаас хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 45.000.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь 48.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний 7.8.-д зааснаар түрээслэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги төлөх үүрэгтэй ба 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр /45.000.000 төгрөг төлсөн/ хүртэл буюу нийт 61 хоногийн гүйцэтгээгүй үүргийн дүн 48.600.000 төгрөгийн 0,5 хувийн алданги /243.000 төгрөг х 61 хоног=14.823.000 төгрөг/, гэрээний дагуу төлөөгүй хүү 3.600.000 төгрөг, нийт 18.423.000 төгрөгийг М.С төлөх үүрэгтэй байна.

Иймд М.Сээс 18.423.000 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.727.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

           

М.Сийн “М” ХХК-нд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн 91.300.000 төгрөг, XG955H маркийн шар өнгийн авто ачигчид 18.512.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн тул нийт 109.708.000 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 09 дүгээр сарын .29-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ хийх үед уг өөрөө явагч тээврийн хэрэгсэл нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/07002 дугаар захирамжаар “М” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн, эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглосон байхад Н.У******* нь мэдсээр байж санаатайгаар М.Стэй түрээсийн гэрээ байгуулсан гэжээ.

             

Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох ХG955Н маркийн ачигч нь “М” ХХК-ийн өмчлөлийн /хх-ийн 14 дүгээр тал/ эд хөрөнгө байх бөгөөд “М” ХХК 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр уг ачигчийг бусдад түрээслүүлэх, худалдах бүрэн эрхийг “М” ХХК-нд олгосон байна. /хх-ийн 15 дугаар тал/

 

Уг үйл баримтаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд түрээслүүлэгч нь эд хөрөнгийн доголдолтой ачигчийг М.Ст нийлүүлсэн байвал Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.7.-д зааснаар уг доголдлыг арилгуулж, холбогдох зардлыг нэхэмжлэх эрх нь түрээслэгчид нээлттэй байхад санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөр төлсөн байгаа нь эд хөрөнгийн доголдолгүй байсан гэж үзэхээр байна.

 

Мөн тухайн ачигчид 18.512.000 төгрөгийг сэлбэг тоног төхөөрөмжийг зарцуулсан гэх боловч хавтаст хэргийн 91-94 дүгээр талд авагдсан баримтууд нь ХG955Н маркийн ачигчид зарцуулагдсан гэх байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 109.812.000 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч М.Сээс 18.423.000 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.727.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.7.-д зааснаар “М” ХХК-д холбогдох 109.812.000 төгрөг гаргуулах тухай М.Сийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоусгай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.700 төгрөг, хариуцагч М.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706.490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сээс 250.065 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.СОЛОНГО