| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2022/0066/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/144 |
| Огноо | 2022-11-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Хохирогч Б.Ө /цахимаар/
Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ст холбогдох 2216000640043 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 41 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... ажилтай, Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, Б овогтой С-н С.
Хэргийн товч утга: Шүүгдэгч С.Сыг Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэлтрүүлэх” гэсэн,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэсэн
Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсэгт заасан “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт баримт бичигт заасан журмын дагуу ашиглана” гэснийг тус тус зөрчиж,
2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/48 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх нийлүүлэгчээр “******” ШТС-ыг шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байхад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргасан, улмаар уг захирамжийг үндэслэн “Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахуун”, “Эрүүл мэндийн төвийн тээвэр шатахуун” нийлүүлэх ажлуудыг ****** ХХК-тай худалдан авах гэрээ байгуулж, уг компанид давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамааруулан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие С.С 2021 оны 01 дүгээр сард тендерийн хороо байгуулсан. Үүн дээр сумын Эрүүл мэндийн төв, сумын Засаг даргын Тамгын газрын шатахуун нийлүүлэх талаар захирамж гаргаж тендерийн хороо байгуулсан. Гэхдээ 10 сая төгрөгөөс дээш бараа, ажил үйлчилгээн дээр тендер шалгаруулах ёстой. Тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын төсөв нь 5 сая төгрөг байсан. Гэхдээ иргэдэд нээлттэй байлгая гэдэг үүднээс тендер явуулсан. Миний хувьд төрд хохирол учруулаагүй, хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Намайг ажилд орохоос өмнө сумын төрийн байгууллагууд бүгд тухайн үеийн Засаг дарга байсан М.Тын нөхөр Х.Гын шатахуун түгээх станцаас бензин авдаг байсан. Тухайн үед ажиллаж байхад “Магнай Трейд” ХХК нь сумаас 5-6 километрийн зайтай байдаг. Энэ талаар жолоочийн замын хуудсан дээр байгаа байх. Бензин авах бүрдээ колонкоос ирж очих бүрдээ 12 километрийн зөрүү байнга гардаг. Энэ хооронд төрийн мөнгө зүгээр урсаж байна гэсэн үг. 2021 оны 02 дугаар сараас 05 сарын хооронд сумын Эрүүл мэндийн төвийн шатахуун авсан баримт байгаа. Үүнд 125 удаа шатахуун авсан байдаг. Төрийн албан байгууллагууд 10 километр газар, 20 километр газар явах байсан ч тухай бүр жолооч нь шатахуунаа авч явдаг. Үүнээс хагас жилд 125 удаа явна гэдэг нь 1500 километр УАЗ Пургон машин нь 100 километрт ойролцоогоор 18 литр шатахуун иддэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр 270 литр бензин зарцуулсан байгаа юм. Тендер шалгаруулалтын дүнг би мэдээгүй, сонсоогүй байхад “Магнай Трейд” ХХК-ийн эзэн, тендерт оролцогч Х.Г барьж орж ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1 дүгээр зүйлд захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Би энэ талаар мэдээгүй байхад үнэлгээний хорооны нарийн бичиг нь оролцогчид бичгээр өгсөн. Иргэн Х.Г өөрөө тендерт шалгарсан бичгийг барьж над дээр орж ирсэн. Би үүнийг мэдээгүй, гарын үсэг зураагүй тохиолдолд та орж ирлээ гээд тухайн үед Гэрэлмааг өрөөндөө дуудаж оруулж ирээд чи яагаад хууль зөрчиж байгаа юм гэхэд энэ хүн чинь намайг загнаад байхаар нь өгсөн юм гэдэг хариултыг өгч байсан. Миний тухайд энэ талаар мэдээгүй байсан. Мөн 2 дугаар сард төрийн хэмнэлтийн тухай хууль гарсан. Үүн дээр төр тухайн төсвийн 10 хувийг зайлшгүй хэмнэх ёстой гэсэн Засгийн газрын тогтоол ирсэн байдаг. Үүнээс харахад Х.Гын колонкоос шатахуун авсан, 500 метрт байгаа Мон-Суль ХХК-иас шатахуун авсан хоёрын ****** ХХК-иас шатахуун авсан нь хэмнэлттэй байна. 6 дугаар сард ****** ХХК-тай гэрээ байгуулахын өмнө тендерийн материалуудыг эргэж харсан юм. Тэгэхэд ****** ХХК-иас зах зээлийн ханшаар бензин нийлүүлнэ гэсэн бичгийг үндэслээд шалгаруулаагүй байсан. Зах зээлийн ханш гэдэг нь тухайн орон нутагт 2 колонк байдаг. Тэгэхээр Х.Гын шатахууны ханш, ****** ХХК-ийн шатахууны ханш ижилхэн байдлаар шийдвэрлэнэ гэсэн үг. Одоо ч гэсэн Х.Гын колонкын шатахууны үнэ, ****** ХХК-ийн шатахууны үнэ адилхан байдаг. Өмнөх жилүүдийн гэрээг ч гэсэн харсан. Тэгэхэд бензинийг хэдэн төгрөгөөр нийлүүлнэ гэж гэрээ байгуулсан боловч бензиний зах зээлээс шалтгаалаад хямдруулж өгч байгаа, үнийг нь нэмж өгч байгаа байдал харагдсан. Тэр дүнгээр гэж байгуулсан боловч тэр дүнгээр байгуулаагүй тухайн үеийн зах зээлийн ханшаар гэрээнд үнийн дүн хэлбэлзэж байгаа нь харагдсан. Ажлын хэсгээс энэ талаар санал ирүүлээгүй байсан. 29.1-д заасан миний эрхийг ажлын хэсэг аваад явсан. Уг нь би тэрийг тухайн оролцогчид мэдэгдэх ёстой байсан. Миний гарын үсэгтэй тендерт шалгарсан гэдгийг өгөх ёстой байтал тендерийн хороо өөрөө тэрийг өгсөн. Яллах дүгнэлт дээр уншиж байна. Тухайн байгууллагуудын нягтлангууд нь Х.Г шалгарсан Сүхбаатар гэрээ байгуулаагүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Би бодохдоо тендерийн үнэлгээний хороо эхэлж намайг мэдээллээр хангаад дараа нь бусад хүмүүсийг мэдээллээр хангах байсан болов уу. Тэгэхээр тэр албан байгууллагууд захиалагчаас мэдээлэл авах ёстой байтал үнэлгээний хорооноос мэдээлэл авсан зүйл байгаа. Тэгэхээр 02 дугаар сарын 05-ны өдрийн тендерийн хорооны бичгийг 02 дугаар сарын 20-ны үеэр Х.Гад өгсөн байна. 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан бичигт 6 хоногийн дотор гэрээ байгуулах ёстой бичгийг би 20-ны үед биелүүлэх боломжгүй гэж бодож байгаа. Тухайн үед би өөрийн буюу Засаг даргын байгуулсан тендерийн үнэлгээний хороонд эргэлзэж байсан. Яаж ч бодсон ****** ХХК-иас шатахуун авах нь аль ч талаараа хэмнэлттэй байсан. Би ямар ч гэсэн төрд хэмнэлт хийсэн. Төрд хэрэгтэй байдлаар шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гээд шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Шарга сумын Засаг даргаар ажиллаж байгаа. Аймгийн иргэдийн хуралд 2020 онд нэр дэвшсэн. Энд М.Т гэдэг хүнтэй өрсөлдөж ялсан. Намайг аймгийн иргэдийн хуралд өрсөлдөж байхад М.Т сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд миний бие ялалт байгуулаад өнөөдрийг хүртэл алба хашиж байна. Миний хувьд ажил авснаас хойш Авлигатай тэмцэх газар болон өөр олон газар М.Т гэдэг хүн өргөдөл өгч шалгуулсан. 2021 оны 11 дүгээр сард зөвхөн Шарга сумын Засаг даргыг шалгаж мэдүүлэг авахаар Улаанбаатар хотоос Авлигатай тэмцэх газраас ирж мэдүүлэг авч байсан. Гэр лүүгээ халаалтын шугам татсан байна гэж бас гомдол гаргаж байсан. Х.Г гэж байгаа ч гэсэн цаана нь М.Т гэдэг хүнийг хэмжээгүй эрхт хаан байсан мэтээр 12 жил Засаг дарга хийсэн. Энэ хугацаанд Х.Г буюу Магнай трейд ХХК-иас тендер зарлахгүйгээр авч байсан тохиолдол байгаа. Миний хувьд санхүүгийн сургууль төгсөж олон жил санхүүгийн чиглэлээр ажилласан. Хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллаж явж байгаа. Ийм учраас Х.Гын колонк хүртэл 12 километр зайтай байдаг. Энэ бүгд төсвийн мөнгө. Төсвийн мөнгө гэдэг нь бидний татварт төлж байгаа мөнгө учир улсын төсвийг өрхийн төсөв шиг хайрлаж явах ёстой гэж бодсон. Үр ашиггүй зардал гаргахгүй гэж ажилласан. Манай сум дээр эмнэлгийн түргэний машин 12 километр явж ирээд дуудлагадаа явна. Би жолоочоо явуулахад ойролцоогоор 30 минутын дараа ирдэг. Ойролцоогоор 30 минутын дараа ирнэ гэдэг нь тулгамдсан гэнэтийн асуудал их байдаг. Эмнэлгийн тухайд хүний бие муудах зэрэг асуудал гардаг. Тэгэхээр цаг хугацаатай уралдаж ажиллаж ёстой. Хэргийн процессыг өнөөдрийг хүртэл ажиглаж байхад С.Сыг буруутгах яллах байр суурьтай явлаа гэж бодож байна. ****** ХХК-г зөвхөн 06 дугаар сарын 15-аас хойш А92 шатахуун зарсан гэж хэлж байна. 2021 оны 11 дүгээр сарын 20-оос хойш Шарга сумд А92 шатахуун зарсан юм. Энэ хугацаанд ****** ХХК-ийн түгээгчийг яагаад асууж болоогүй юм. Үнэлгээний хороо байгуулахад 3 гишүүнтэй байсан. Үнэлгээний хороо хууль бус явагдсан эсэх талаар надаас мэдүүлэг авахдаа асуугаагүй. Ямар ажлын даалгавраар яаж ажилласан талаар тогтоож чадаагүй. Зөвхөн хавтасны нимгэн зузаанаар шийдвэрлээд байгаа юм. Үнийн хувьд зөрүүтэй байсан гэдэг. Гэтэл нэг бүрийн үнэ нь байгаа, мөн зах зээлийн үнээр гэж бичсэн байгаа. Нэгэнт С.Сыг тендерийн худалдан авах ажиллагаагаар буруутгаж байгаа учраас аймгийн орон нутгийн өмчийн газар, худалдан авах ажиллагааны газар, холбогдох мэргэжилтнүүдээс энэ талаар мэдүүлэг яагаад аваагүй юм. Үнэхээр хууль зөрчсөн юм уу, Говь-Алтай аймагт яаж явдаг талаар асууж болоогүй юм бэ? Мөн шатахуун авч байсан хугацааг шалгаж тооцоолж яагаад болоогүй юм бэ. Миний хувьд харамссан, гайхсан олон асуудал байна. Хувь хүний хувьд С.Сыг буруутгахаар материал цуглуулсан юм болов уу гэж бодож байна. Шударга шүүхдээ итгэж байна. Буруу зөвийг нь ялгаж өгнө үү гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Б.Ө нь хэргийн талаар мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн гээд улсын яллагчийн асуултад хариулахдаа: Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахууны 2021 оны төсөв 5.800.000 төгрөгөөр батлагдсан. Би 2020 оны 11 дүгээр сард жирэмсний амралттай байж байгаад 03 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. 5.800.000 төгрөгтэй холбоотой тендер зарлах асуудлыг ажилдаа орсны дараа 4 сараас эхэлж мэдсэн. Тухайн үеийн нөхцөл байдлаас болоод дизель тасрах, цар тахал, малын өвчин гарсан учир ****** ХХК-иас өөр газраас авч байсан. ****** ХХК эхлээд А92 байхгүй байсан. Манай машин 2019 онд ирсэн А92 шатахуунаар явдаг. Тэгээд манайх Х.Гаас авдаг байсан. Гэрээ байгуулснаас хойш ****** ХХК-иас авсан. Өвөл болохоор өвлийн түлш татаагүй. Татах боломжгүй байна гэдэг хариу өгч байсан. Хэсэг хугацаанд гэрээгээ зөрчөөд урд колонкоос авч байсан гэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын асуултад хариулахдаа: Авлигатай тэмцэх газраас намайг хохирогчоор татсан. Тамгын газрын нягтлангаар 2019 оны 03 дугаар сараас хойш ажиллаж байна. ****** ХХК-тай гэрээ байгуулснаас хойш дизель тасарсан үеэр Х.Гын колонкоос шатахуун авсан. Х.Гын шатахуун түгээх станц 5 километр, ирж очихын 10-12 километр байдаг. ...Тухайн үеийн засаг дарга нь М.Т байхад Тамгын газар Магнай трейдээс шатахуун авдаг байсан. Манайх төсөвтөө тааруулж бензин шатахуун авдаг. Илүү авсан зүйл байхгүй. Алдагдалтай зүйл гарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Манайх илүү гаргаж авсанд тодотгол хийгдсэн. Өр үүссэн зүйл байхгүй. 2020 оны шатахууны төсөв хэд байсныг сайн санахгүй байна. Жилд 13-15 сая төгрөг байдаг гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Л.О хэргийн талаар мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн гээд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын асуултад хариулахдаа: Шарга сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч ажилтай. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажиллаж байгаа. 2021 онд тээвэр шатахуун худалдан авах зардал 11.282.003 төгрөгөөр төсөв батлагдаж ирээд манайх хуулиар тендер зарласан. Авлигатай тэмцэх газрын байцаагчид байцаалт өгсний дараа, байцаагдаж байхдаа энэ асуудлыг мэдсэн. Өмнө нь тендер зарлагдсан талаар үнэлгээний хорооноос зөвлөмж ирсэн. Өмнө нь манай байгууллага Шарга Магнай трейд шатахуун түгээх станцаас шатахуун авдаг байсан. Тухайн үед тендерт оролцож байсан. Тендерт Магнай трейд шалгарч байсан байх. ****** ХХК-д А92 байдаггүй байсан. ****** ХХК-тай гэрээ байгуулсантай холбоотой ар авлага үүсэж байсан. Жилийн эцэст тооцоо судалгаа гаргаад 2 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт аваад өргүй гарсан. Тодотголоор авснаас хэмнэсэн. Өргүй гаръя гээд хэмнэснээ буцааж зарцуулсан. ****** ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 17-оос хойш гэрээ байгуулж ажилласнаас хойш Магнай трейдээс шатахуун аваагүй. Гэрээний дагуу ****** ХХК-аас авсан байгаа. Машин эвдрэл гэмтэл үүссэн. Амралтаар тийм зүйл гарна. Өөр тийшээ дуудлага гарсан бол гэнэт дуудлага гарсан үед өөр хүний нэрээр шатахуун авдаг. Цаг алдаж болохгүй шаардлагын улмаас ийм зүйл гардаг. ...Эмчийн бичсэн бичгээр яваад ирэхэд зарцуулсан шатахуун нь таардаг. Хол явах тусам хэмнэдэг. Манайх эрүүл мэндийн байгууллага учир стандартаас илүү бодож өгдөг. Үнэлгээний хорооны зөвлөмжийг Эрүүл мэндийн төвийн даргаас авч харсан. Үнэлгээний хорооны 3 гишүүн гарын үсэг зурсан, Засаг дарга гарын үсэг зураагүй байсан. Үнэлгээний хорооны даргад хэн өгсөнийг мэдэхгүй гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Говь-Алтай аймгийн Шарга сумын үнэлгээний хорооны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, /1хх-105-106-рт/, Говь-Алтай аймгийн Шарга сумын үнэлгээний хорооны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Тендерийн нээлт хийх тухай 02 дугаартай хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 107-109 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Тендерийн нээлт хийх тухай 03 дугаартай хурлын тэмдэглэл, /1-р хх-ийн 110-111 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ГААШСЗДТГ/2022101005 дугаар бүхий “Шарга сумын Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо үнэлгээ хийж дараах дүгнэлтийг гаргаж байна. Үнэлгээний хороо ГААШСЗДТГ/2022101005 дугаар бүхий “Шарга сумын Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд “Хамгийн сайн үнэлэгдсэн” тендер ирүүлсэн “******” ШТС Х.Гтай 10,882,305 төгрөгөөр дээрх барааг нийлүүлэхээр гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгож байна гэх тайлан /1-р хх-ийн 113-115 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “******” ШТС Х.Гад мэдэгдэл хүргүүлэх тухай үнэлгээний хорооны мэдэгдлийн хуулбар /1хх-ийн 112 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга Р.Оийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/120 дугаартай иргэн Х.Гад “...тээвэр шатахууны худалдан авалтын гэрээ байгуулах Засаг даргын захирамж гараагүй байна...” гэх албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 95 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга С.Сын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийн хуулбар /2-р хх-ийн 73 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ****** ХХК-тай хийсэн “Шатахуун худалдан авах гэрээ”-ний хуулбар /2-р хх-ийн 74-75 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ****** ХХК-тай хийсэн “Шатахуун худалдан авах гэрээ”-ний хуулбар /2-р хх-ийн 74 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/68 дугаартай С.Сыг Шарга сумын засаг даргаар томилох тухай захирамжийн хуулбар /4-р хх-ийн 36 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын засаг дарга С.Сын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай үнэлгээний хороо байгуулсан тухай захирамж /2-р хх-ийн 137 дугаар тал/, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Тендерийн баримтад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 134-135 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оийн мэдүүлэг /2-р хх-ийн 52-53 дугаар тал/, хохирогч Б.Өын мэдүүлэг /2-р хх-ийн 60-61 дүгээр тал/, Л.Оийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 23-26 дугаар тал/, гэрч М.Тын мэдүүлэг /1-р хх-ийн 216-219 дүгээр тал/, гэрч Х.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 239-241, 244-245 дугаар тал/, гэрч Н.Ггийн мэдүүлэг /2-р хх-ийн 2-6, 8-9, 11-12 дугаар тал/, гэрч Н.Нарантуяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч Б.Баярбаатарын мэдүүлэг /2-р хх-ийн 17-18 дугаар тал/, гэрч Р.Оийн мэдүүлэг /2-р хх-ийн 32-34 дүгээр тал/, гэрч Э.Лгийн мэдүүлэг /2-р хх-ийн 36-38 дугаар тал/, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Х.Гын гар утсанд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 247-249 дүгээр тал/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 250 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 98 дугаар тал/, тендерийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл /2-р хх-ийн 134-135 дугаар тал/ зэргийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр, Д.Ариун-Эрдэнэ нарын хүсэлтээр: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-1-рт/, ахлах комиссар Энхболдын албан бичиг /1хх-4-5-рт/, М.Тын гомдол мэдээлэл /1хх-6-15-рт/, Говь-Алтай аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн танилцуулга /1хх-51-рт/, тухайн аудитын дүн нь 2021 оны 07-10 дугаар сар буюу ****** ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 4 сарын хугацаанд 276 литр бензин шатахуун хэмнэгдсэн байна гэж танилцуулга хийгдсэн. Улсын байцаагчийн албан шаардлага /хх67-рт/, С.Сын тайлбар /1хх-77-78-рт, 90-рт/, Н.Ггийн мэдүүлэг /хх92-рт/, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай Засгийн газрын тогтоол /1хх-101-102-рт/, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1хх-110-111-рт/, М.Тын гомдол /хх-160-172-рт/, тухайн өргөдөл гомдол дээр гарын үсэг зурагдаагүй байгаа. С.Сын тайлбар /1хх-194-195-рт/, гэрч М.Тын мэдүүлэг /1хх-216-218-рт/, М.Т нь манай нөхрийн компанитай гэрээ байгуулаагүй байна гэж Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан гэж ойлгож байгаа. С.Сын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-221-227-рт/, гэрч Р.Оийн мэдүүлэг /1хх-234-237-рт/, гэрч Х.Гын мэдүүлэг /1хх-239-242-рт/, Засаг даргын өрөөнд бичлэг хийж орсон өдөр нь 03 дугаар сарын 01-ний өдөр байдаг. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-247-248-рт/, гар утасны зураг /1хх249-рт/, гэрч Н.Ггийн мэдүүлэг /2хх 1-12-рт/, гэрч Н.Нарантуяагийн мэдүүлэг /2хх-14-15-рт/, гэрч Л.Оийн мэдүүлэг /2хх-20-26, 52-53-рт/, гэрч Б.Өын мэдүүлэг /2хх-27-30, 60-61-рт/, гэрч Р.Оийн мэдүүлэг /2хх-32-34-рт/, гэрч Э.Лгийн мэдүүлэг /36-38-рт/, сонгон шалгаруулалтад үнийг огт бичээгүй биш бичсэн болох нь Э.Лгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Гэрч Н.Уын мэдүүлэг /2хх-43-44-рт/, шатахуун авсан гэрээ түүнтэй холбоотой баримтууд /2хх-72-133-рт, энэ баримтууд дунд зөвхөн ****** ХХК-ийн баримтууд авагдсан. Тухайн хугацаанд Х.Гын колонкоос шатахуун авсан баримтуудыг шинээр гаргаж өгсөн. Эрүүл мэндийн төвийн баримтад Х.Гаас шатахуун авсан баримтууд байгаа. /2хх128-рт/ Х.Гын шатахуун түгээх станц гэж байгаа. ****** ХХК-тай гэрээ байгуулснаар Х.Г гэдэг хүн хохироод байсан зүйл байхгүй. Тендерийн материал /3хх-65-66, 71-рт/, үнэлгээний хорооны шийдвэрт эргэлзсэн гэж шүүгдэгч С.С хэлдэг. /3хх65-рт/ ****** ХХК шалгараагүй талаар мэдүүлсэн баримт дээр зөвшөөрсөн Шарга сумын Засаг дарга С.С гээд гарын үсэг байхгүй. /3хх-66-рт/ Х.Гад мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Үүн дээр Шарга сумын Засаг дарга С.С гэж нэр байхгүй. Энэ материалууд тендертэй холбоотой баримтаас хуулбарлаж авсан байдаг. Үнэлгээний хорооны 3 гишүүн Засаг даргын нэртэй нэг гаргаад, Засаг даргын нэргүй нэг гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /3хх-242-248-рт/, зөвлөмж хэзээ хүргүүлсэн болох нь тогтоогдохгүй байгаа. Эх сурвалж нь яллагдагчаар татах тогтоол дээр байхгүй шууд яллагдагчаар татсан байгаа. Яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-5-8-рт/, хх13-рт иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 15-рт, гэрлэлтийн лавлагаа, хх36-рт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/68 дугаартай Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж, /4хх39-40-рт/ гэр бүлийн хүн болох гэрч С.А-ийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд болох 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын А/09 дугаартай үнэлгээний хороо байгуулах тухай захирамж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар иргэн Х.Гтай гэрээ байгуулах үүргийг өгч байсан. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн зураг ****** ХХК-ийн зураг, дараагийн зурагт иргэн Х.Гын шатахуун түгээх станцын зураг байгаа. Хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт авагдаагүй байсан. Шарга сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сангийн яамны албан бичиг, Сангийн яамны тендерийн үнэлгээний заавар гээд маягтууд авагдсан. Маягт-11 гэрээ байгуулах тухай санал, тендерийн үнэлгээний хорооноос нэн тэргүүнд Засаг даргад хүргүүлэх ёстой. Хуулийн дагуу явагдаагүй байгаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.С нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсэгт заасан “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт баримт бичигт заасан журмын дагуу ашиглана” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлж 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх нийлүүлэгчээр “******” ШТС-ыг шалгаруулж, улмаар уг компанитай гэрээ байгуулах талаар Үнэлгээний хорооны зөвлөмжийг өөрт нь хүргүүлсэн байхад “******” ШТС-тай гэрээ байгуулахгүйгээр 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргаж, уг захирамжийн дагуу тус сумын Засаг даргын тамгын газрын дарга болон Эрүүл мэндийн төвийн дарга нар нь ****** ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсны улмаас ****** ХХК-д давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээ байгуулах эрх олгох захирамж гаргаж ****** ХХК-д давуу байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.С гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ****** ХХК-д давуу байдал олгосон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй “...02 дугаар сарын 05-ны өдрийн тендерийн хорооны бичгийг 02 дугаар сарын 20-ны үеэр Х.Гад өгсөн байна. 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан бичигт 6 хоногийн дотор гэрээ байгуулах ёстой. Би 20-ны үед биелүүлэх боломжгүй. ...Төсвийн 10 хувийг зайлшгүй хэмнэх ёстой гэсэн Засгийн газрын тогтоол ирсэн байдаг. 10-12 километрт байрлах Х.Гын колонкоос шатахуун авсан, 500 метрт байгаа ****** ХХК-иас шатахуун авсан хоёрын ****** ХХК-иас шатахуун авсан нь хэмнэлттэй байна. ...Тендерийн хороо ****** ХХК-иас зах зээлийн ханшаар бензин нийлүүлнэ гэсэн бичгийг үндэслээд шалгаруулаагүй байсан. Тухайн үед би өөрийн буюу Засаг даргын байгуулсан тендерийн үнэлгээний хороонд эргэлзэж байсан...” хэмээн мэтгэлцэж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар С.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ****** ХХК-д давуу байдал бий болгосон гэдэг нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан болох Шарга сумын Засаг дарга С.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерийн хорооноос хамгийн сайн тендер гэж үнэлэгдсэн “******” ШТС-тай шатахуун худалдан авах гэрээг байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж явсаар Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай босго үнэ шинэчлэх гаргах тогтоол гарснаар ****** ШТС-тай шууд гэрээ байгуулж, байгууллагын хэрэгцээт шатахуун худалдан авахыг ЗДТГ-ын дарга Р.О, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярбаатар нарт зөвшөөрч, гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллахыг үүрэг болгосноор 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ****** ШТС-д давуу байдал бий болгожээ.
Уг үйлдлийг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь ****** ХХК-тай гэрээ байгуулагдсанаар ирж очих бензиний зардал хэмнэгдэж төрд төсвийн хэмнэлт үүсэх хэдий ч 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар үнэлгээний хороо байгуулж, тендер зарлаж Шарга сумын Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар засаг даргын захирамж гарсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчтой гэрээ байгуулах ёстой байсан байна. Улмаар тендерт шалгараагүй, хамгийн сайн гэж үнэлэгдээгүй, үнийн санал ирүүлээгүй аж ахуйн нэгж болох ****** ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулах захирамж гаргаж хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Мөн шүүгдэгч С.С нь ****** ХХК-д хууль зөрчиж шатахуун нийлүүлэх боломж олгосноор тухайн компанид эдийн ашигтай байдал үүсгэсэн нь бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч С.Сын зүгээс “02 дугаар сарын 05-ны өдрийн тендерийн хорооны бичгийг 02 дугаар сарын 20-ны үеэр Х.Гад өгсөн байна. 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан бичигт 6 хоногийн дотор гэрээ байгуулах ёстой бичгийг би 20-ны үед биелүүлэх боломжгүй гэж бодож байгаа, мөн үнэлгээний хорооны шийдвэрт хардах сэтгэл төрж байсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч гэрч Н.Ггийн “...Тухайн үед үнэлгээний хорооноос тендерийн материалаа бүрэн ирүүлсэн гэдэг утгаараа “******” шатахуун түгээх станцыг шалгаруулаад үнэлгээний хорооны мэдэгдлийг гаргаад Засаг дарга Сүхбаатараар гарын үсэг зуруулах гэсэн боловч Сүхбаатар дарга “ерөнхийдөө танай үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй...” гэсэн мэдүүлгээс үзэхэд Засаг дарга С.С нь тухайн ажлын байран дээр явагдаж байгаа тендерт ямар байгууллага шалгарсныг мэдэх боломжтой байсан бөгөөд уг үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж холбогдох арга хэмжээ авсан талаарх баримт хэрэгт байхгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаярын “Бодит байдал дээр ирж очихын 12 километр газраас шатахуунаа авч байна. 4 сарын хугацаанд 125 удаа Х.Гын шатахуун түгээх газраас шатахуун авсан. Нийт 1250 километр газар байгаа. Тухайн хугацаанд хэр их төсвийн мөнгө идсэн бэ. Энэ хэмжээгээр төрд хохирол учирсан. Тэр хохирлыг ****** ХХК-тай гэрээ байгуулснаар 276 литр шатахуун буюу 700.000-1.000.000 төгрөгийн хэмнэлтийг хийсэн. Тухайн хэрэгт авагдсан баримтаас харахад гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байгаа. С.С нь ****** ХХК-тай илүү ашиг олоогүй, ямар нэгэн шан харамж өөртөө болон бусдад давуу байдал олгоогүй. Төсвийн мөнгийг хэмнэх зорилготой ийм зүйл хийсэн. ****** ХХК-тай гэрээ байгуулсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. С.Сын хийсэн үйлдэл нь төрийн төлөө, төсвийг хэмнэхийн төлөө ашигласан. Төрийн эрх ашгийн төлөө хийсэн байгаа. Төрийн эрх ашгийн эсрэг ямар нэгэн зүйл хийгээгүй учир гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Миний үйлчлүүлэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 заасны дагуу гэмт хэргийн шинжгүй байгаа учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлт болон Д.Ариун-Эрдэнийн “...Албан эрх ашгийн төлөө төсвийг хэмнэсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Иймээс гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд үнэлгээний хорооноос зарласан тендерт хамгийн сайн гэж үнэлэгдсэн “******” шатахуун түгээх станцтай гэрээ байгуулах эрх олголгүй тендерт шалгараагүй, хамгийн сайн гэж үнэлэгдээгүй, үнийн санал ирүүлээгүй аж ахуйн нэгж болох ****** ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үеэс уг гэмт хэрэг төгссөн бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгч С.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ “...өмнөх засаг дарга М.Т нь өөрийн гэр бүлийн хүнд илт давуу байдал олгож байгаа асуудлыг яагаад шалгаагүй юм. Энэ талаар хэлэх нь зүйтэй...” гэж мэтгэлцэж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн яллах дүгнэлтэд прокурор хэргийн үйл баримтыг бичихдээ * Яллагдагч Боржигон ургийн овогт С-н С нь ...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/48 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвд шатахуун нийлүүлэх нийлүүлэгчээр “******” ШТС-ыг шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байхад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/93 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргасан, улмаар уг захирамжийг үндэслэн “Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахуун”, “Эрүүл мэндийн төвийн тээвэр шатахуун” нийлүүлэх ажлуудыг ****** ХХК-тай худалдан авах гэрээ байгуулж, уг компанид давуу байдал бий болгосон гэмт хэргийг ....” гэж он сар өдөр, утга найруулгын хувьд алдаатай бичсэн байна. Өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны 2021 оны 2 сарын 5-ны өдрийн хуралдааны дараа буюу 4 сарын 15-нд Засаг дарга Үнэлгээний хороо байгуулах захирамж гаргасан байдлаар, мөн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А/93 дугаартай захирамж гаргаад ****** ХХК-тай худалдан авах гэрээг С.С хийсэн байдлаар утга найруулга, он сар өдрийн алдаатай бичигдсэнийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил биш гэж үзээд хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтад үндэслэн тогтоож засаж залруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.Сыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэг хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ст мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан нэмэгдэл ял болох нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэг хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА