Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0253/Э |
Дугаар | 2022/ШЦТ/258 |
Огноо | 2022-11-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Г.Мөнх-Уянга,
шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2215000000282 дугаартай, 163/2022/0253/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Жамаа овогт Батжүгдэрийн Мөнх-Эрдэнэ, Булган аймгийн Тэшиг суманд ....оны ... дугаар сарын ......-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 104 дүгээр байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Петровис шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 29 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ......../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 1......айрлах өөрийн гэртээ эхнэр Ганбаатарын Мөнх-Уянгатай ахуйн шинжтэй хэрүүл маргаан хийж улмаар зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000282 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг ....... тоот гэртээ эхнэр Ганбаатарын Мөнх-Уянгатай гэрийн ажил хийсэнгүй, аяга, таваг угаалгүй олон хонолоо гэх ахуйн шинжтэй хэрүүл маргаан хийж хөлөөрөө өшиглөж хохирогч Г.Мөнх-Уянгын биед зүүн богтос ясны далд хугарал, хугарлыг ялтас шургаар хадах мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мөнх-Уянгын өгсөн: Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Г.Мөнх-Уянгын өгсөн "... 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутын орчимд нөхөр Мөнх-Эрдэнэтэй хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед би буйдан дээр сууж байсан. Харин Мөнх-Эрдэнэ газар хэвтэж байгаад гэнэт дүрс хийж уурлаж босож ирээд над руу өшиглөх гэхээр нь би зүүн гараараа хаасан. Тэгтэл миний гар хөндүүрлэж өвчин орсон. Улмаар хөдөлгөж чадахгүй болсон. Тэгэхээр нь нөхрийнхөө хамтаар эмнэлэг орох гээд байрнаас гарч явах үед цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Харин би найзаараа эмнэлэгт хүргүүлж үзүүлэхэд зүүн гарын шууны яс хугарсан байсан. Улмаар шинжилгээ өгч эмнэлэгт хэвтээд маргааш өдөр нь хадуулсан. Би хэрэг болохоос өмнөх өдрүүдэд ажил ихтэй байсан тул гэртээ цаг зав гаргаж чадахгүй яваад байсан юм. Тэгээд хэрэг болох өдөр болохоор манай нөхөр эмэгтэй хүн байж гэр орноо цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар маргалдсан. Мөнх-Эрдэнэ нь агсан согтуу тавьж байгаагүй бөгөөд надад хүчирхийллийн хэлбэртэй ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
2. Гэрч Э.Нармандахын өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд Булган аймгийн цагдаагийн жижүүр лүү утасны дугаараа нууцалж өөрийгөө хэн гэдгийг хэлэхгүйгээр цагдаагийн 104 тоот байрны 3 давхрын 14 тоотод чимээ шуугиан гараад байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй байна гэсэн дуудлага ирсний дагуу би шалгахаар цагдаагийн 104 тоот байр луу очиж явахад Мөнх-Эрдэнэ гэх залуу цагдаа дээр ирчихсэн байсан. Харин эхнэр Мөнх-Уянга нь эмнэлэг дээр байсан ба эмчид үзүүлэхэд гар нь хугарсан гэж байсан. Тэгээд би дээрх хүмүүсийн хувийн байдлыг тогтоохоор эхнэр Мөнх-Уянгатай уулзаж аюулын зэргийн үнэлгээ гаргасан. Мөн хөрш саахалт айлуудаар нь орж уулзахад урьд хавтаст хэргийн 08 дахь тал/,
3. Шинжээч Г.Ханхүүгийн 174 дугаартай “...1. Мөнх-Уянгын биед зүүн богтос ясны далд хугарал, хугарлыг ялтас шургаар хадах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...“ гэх дүгнэлт/хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
4. Яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн “...Би уг тогтоолыг танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болохын өглөө сэрээд эхнэр бид 2 жаахан гэрийн ахуйн зүйлээс буюу эмэгтэй хүн байж гэр орон аяга тавгаа угаасангүй гэсэн байдалтай хоорондоо маргалдсан. Улмаар би газар хэвтэж байсан ба манай эхнэр орон дээр сууж байх үед миний уур хүрээд байхаар нь босож ирээд хөл рүү нь зөөлхөн өшиглөх гэтэл манай эхнэр гараараа хаасан. Тэгээд манай эхнэр гар өвдөөд хөдөлгөж болохгүй байна гэсэн зүйл ярьсан. Улмаар эмнэлэг авч орох гээд гэрээс дагуулаад гарахад байрны үүд хэсэгт цагдаа намайг авч цагдаагийн газар луу авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүйгээр санал дүгнэлтээ тус тус гаргаж оролцлоо.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Мөнх-Уянгын мэдүүлэг, гэрч Э.Нармандахын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг ........ гэртээ эхнэр Ганбаатарын Мөнх-Уянгатай гэрийн ажил хийсэнгүй, аяга, таваг угаалгүй олон хонолоо гэх ахуйн шинжтэй хэрүүл маргаан хийж хөлөөрөө өшиглөж хохирогч Г.Мөнх-Уянгын биед зүүн богтос ясны далд хугарал, хугарлыг ялтас шургаар хадах мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Мөнх-Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 27-31 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, зөрчил шалган шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 104 дүгээр байрны 14 тоотод амьдардаг, Петровис шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/136 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Мөнх-Уянга нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жамаа овогт Батжүгдэрийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Мөнх-Уянга нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ