Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/256

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

иргэний хариуцагч Д.Тэмүүжин,

хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

шүүгдэгч Ц.О******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О*******т холбогдох эрүүгийн 2215001230222 дугаартай, 163/2022/0244/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Ц******* О*******, Архангай аймгийн Хашаат суманд ...............өдөр төрсөн, Архангай аймгийн Хашаат сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Ула хотод “Экстир” ХХК-д ажилтай, ам бүл 4, ээж, эгч, эмээгийн хамт амьдардаг, 22 настай, эрэгтэй, урьд

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД:...../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд Майнд” хязгаарлагдмал хувьцаат компанийн цахилгаанчин Г.Ү******* ажил үүргээ гүйцэтгэж утасны шонгийн модонд авирсан байхад автогридерийг жолоодож байгаад шонгийн модтой хамт татаж унагааж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215001230222 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.О******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Вайнд Майнд” хязгаарлагдмал хувьцаат компанийн ажлын талбайд автогридерийг жолоодож цахилгааны шугам зөөвөрлөх ажлыг гүйцэтгэх явцдаа газарт унжсан цахилгааны шугамыг автогридерийн хусагч хутгаар чирж орооцолдуулснаас шон унаж, шонд авирсан байсанВайнд Майнд” хязгаарлагдмал хувьцаат компанийн цахилгаанчин Г.Ү******* бие эрх чөлөөнд нь баруун хөхлөг, суурь ясны хугарал, эрүү ясны бяцарсан зөрөөтэй хугарал, баруун чих, нуруу, бүсэлхий, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.О*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Шүүх хуралдаанд иргэний хариуцагч Д.Т******* өгсөн: Тухайн үед осол болох үед би уурхай дээр байгаагүй. Маргааш нь ирээд мэдсэн. Манай уурхай зүгээс анхан шатны тусламж үзүүлж хот руу хохирогчийг авч явсан. Манай байгууллага хохирлыг хариуцахгүй. Экстир компанийн асуудал гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

  1. Хохирогч Г.Ү******* өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай суманд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг Вайнд Майнд хязгаарлагдмал хувьцаат компанийн кемпээс олборлолтын талбай руу хоёр М******* хамт ажилдаа гарсан. Тэгээд олборлолтын талбайн ойролцоо байх цахилгааны модон шон дээр цахилгааны утас татах ажил хийж гүйцэтгэсэн ба би модон шон дээр авирсан. Тухайн үед цахилгааны модон шонд авирахдаа хоёр хөлөндөө резинэн дөрөө, өндрийн хамгаалах бүс, бээлийтэй гарсан. Тухайн өглөө би 2 цахилгааны модон шонд авирч цахилгааны утас холбож тогтоогоод 3 дахь цахилгааны шон дээр гараад тухайн шон дээрээ цахилгааны утсыг холбож тогтоож байх үед шонгийн хажуугийн замаар өнгөрч байсан зам хусдаг автогридер механизм цахилгааны утсыг өөртөө орооцолдуулан татахад би наадах машинаа зогсоогооч ээ шон уналаа гэж хэлэхэд нөгөө автогридер механизм машин зогсохгүй явсаар байгаад цахилгааны утсаар шонгийн модыг татаад унагаасан. Миний тухайн үед гарч ажиллаж байсан цахилгааны модон шон ойролцоогоор 11 метр өндөрт байрлаж байсан. Тэгээд би тухайн шонгийн модтой унахдаа цахилгааны утас тогтоодог дэгээнээс барьж байгаад шонгийн мод газарт унахад дээр нь унасан. Тэгээд ухаан алдсан. Тэгээд нэг мэдэхэд ажлын кемп дээрээ ирчихсэн байсан ба миний баруун чих, хамарнаас цус гарчихсан, эрүү зуураад юм ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 20- 21 дэх тал/,

2. Иргэний хариуцагч Д.Т******* өгсөн “...Манай компанийн туслан гүйцэтгэгч Экстир хязгаарлагдмал хувьцаат компанийн буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан. Тус компаниас хохирогчийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Манай компани зүгээс хохирогчид мөнгө төгрөг өгөхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27дахь тал/,

3. Гэрч Б.Б өгсөн "... 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед Вайнд Майнд хязгаарлагдмал хувьцаат компанийн уулын мастер ирээд танай ажилтан чинь шонгийн мод татаж унагаагаад хүн бэртээчихлээ гэж хэлээд би осол болсон газарт ирэхэд унасан бэртсэн гэх хүнийг эмч нь ирээд аваад явсан. Манай автогридерийн оператор О******* нь зам түрэх ажил хийгээд явж байхдаа цахилгааны утсан дээгүүр гарах үед зам хусагч хутга болон дугуйнд нь цахилгааны утас орооцолдож улмаар шонгийн модыг татаж унагасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

4. Гэрч Ц.Г өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай хэсгийн насосын туслах ажилтан Б над руу утсаар яриад цахилгаанчин Ү цахилгааны шонтойгоо уначихлаа гэж мэдэгдээд тэгээд эмч ХАБЭА-н ажилтан 2-ийг аваад ирэхэд Ү******* хамар, баруун чихнээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд манай эмч аваад яаралтай Ула хот руу хөдөлсөн юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 32 дахь тал/,

5. Гэрч Л.Г “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр оффис дээрээ байж байхад 11 цагийн үед шонгийн модноос хүн унаад бэртчихлээ гэсэн мэдээ ирсэн. Тэгээд эмчийн хамт яваад очиход цахилгаанчин Ү шонгийн модноос унасан байдалтай хэвтэж эмнэлэг рүү явсан юм. Тухайн үед Ү нь цахилгаан татах ажил хийгээд шон дээр авирчихсан байсан. Цахилгааны утас нь тээврийн хэрэгслийн зам дээгүүр явж байхад нь автогридерийн хутга, дугуйнд нь орооцолдож шонгийн модыг татаж унагасны улмаас цахилгаанчин Ү гэмтсэн асуудал гарсан юм...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 35 дах тал/,

6. Гэрч Г.Б өгсөн “...Би Вайнд Майнд ХХК-нд насосын туслах ажилтнаар ажилд ороод 1 сар 14 хонож байгаа юм. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 07 цаг 30 минутад аюулгүй ажиллагааны заавартай танилцаад ажилдаа гарсан. Өглөө наряд авахад цахилгаанчин Ү, насосын туслах Б бид 3-ыг цахилгааны модон шон босгоод голын захаас цахилгааны төхөөрөмж рүү тог татахаар болсон. Эхлээд бид 3 шонгуудаа газар ухаж суулгачхаад цахилгааны утсаа татаад 2 дахь шон дээр цахилгаанчин Ү авирчихсан Б бид 2 утсыг нь болон өөр хэрэгтэй багаж хэрэгслийг нь авч өгөөд байж байхад замаар явж байсан автогридерийн газар хусдаг хусагчинд цахилгааны утас өлгөгдөөд шон дээр байсан Ү******* шонтой нь татаж унагасан. Ү ертөнцийн зүгээр хойд зүгт овоолсон төмөрнүүдийн захад газар шороон дээр унасан юм. Унахдаа модныхоо хажуу талд унасан юм. Тэгээд эмчийг дуудаад Ү******* аваад явсан Б бид хоёр дээр өөр цахилгаанчин ирээд ажлаа дуусгасан юм. Уг цахилгаан татах ажил нь уурхайн машин замын дээгүүр цахилгааны утас явж таарсан юм. 2 дахь шонгоос 3 дахь шон руу очих утсыг газраар явуулаад 3 дахь шонгийн доод талд хүргэсэн байсан юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

7. Гэрч Б.Бн өгсөн “...Би Вайнд Майнд ХХК-нд насосын туслах ажилтнаар ороод 7 хонож байгаа юм. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутад аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад ажилдаа гарсан. Өглөө наряд авахад цахилгаанчин Ү ах, насосын туслах Б ах бид 3-ийг цахилгааны модон шон босгоод голын захаас цахилгааны төхөөрөмж рүү тог татахаар болсон. Тэгээд 3 шонгоо газарт зоож дуусаад утсаа шон дээрээ өлгөх ажил хийгээд 2 дахь шон дээрээ утсаа байрлуулаад цахилгаанчин Ү ах шон дээрээ авирчихсан Б ах бид 2 утаснуудыг нь авч өгөөд зогсож байхад замаар явж байсан автогридерийн газар хусдаг хусагчинд утас татагдаад Ү ахын авирчихсан байсан шон унаад Ү ах овоолчихсон байсан төмөрнүүд дунд газарт унасан. Би гүйж очиж автогридерийг зогсоогоод эмч дуудсан юм. Тэгээд эмч ирээд Ү ахыг машинд суулгаад аваад явсан. Голын захаас татсан шон болон цахилгааны утас уурхайн тээврийн хэрэгслүүд явдаг замыг хөндлөн гарч цахилгааны төхөөрөмжинд хүрэх ёстой байсан юм. 2 дахь шон дээр цахилгааны утсаа тогтоогоод 3 дахь шонруу цахилгааны утсыг газраар явуулсан байсан юм. Тэгээд автогредэр уг утсан дээгүүр гарч явахдаа хусагчинд нь утсыг татаж унагасан юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

8. Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ...үйлдвэрлэлийн осолд тооцогдох болно... гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №6399 дугаартай “...Б.Ү******* биед баруун хөхлөг, суурь ясны хугарал, эрүү ясны бяцарсан зөрөөтэй хугарал, баруун чих, нуруу, бүсэлхий, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасан амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

10. Г.Ү нь тархины суурь ясны хугарал оношоор Дархан-Уул аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0519792 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12 сараар тогтоосон тухай шийдвэр /хавтаст хэргийн 215 дахь тал/,

11. Хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтууд /хавтаст хэргийн 178-197, 216-222 дахь тал/,

12. Яллагдагч Ц.О*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Вайнд Майнд хязгаарлагдмал хувьцаат компанийн талбайд туслан гүйцэтгэгч компани болох Экстир ХХК-нд автогридерчээр ажиллаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, тухайн өдөр ил уурхайн замыг түрж дуусаад эсрэг талд нь карьерийн замыг түрх замд гарсан. Тухайн карьерт хүмүүс цахилгааны шон дээр ажиллаж байсан. Би карьерийн замыг түрж байгаад цахилгааны утас хараад хусагчийг тултал нь дээш нь өргөөд тэгшхэн байрлалд оруулаад зөөлхөн гарсан. Тэгтэл хусагчны хутганд цахилгааны утас өлгөгдөж чирээд шон дээр ажиллаж байсан хүнийг цахилгааны шонгийн модны хамт татаж унагаасан юм. Би тухайн үед цахилгааны утас механизмын хутгуурт өлгөгдсөнийг анзаараагүй. Осол болох үед миний араас нэг хүн орилох шиг болохоор нь зогсоход цахилгааны шон унасан байгаа талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Ү******* мэдүүлэг, иргэний хариуцагч Д.Т******* мэдүүлэг, гэрч Б.Б, Ц.Г, Л.Г, Г.Б, Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Ц.О******* нь “Вайнд Майнд” хязгаарлагдмал хувьцаат компанийн ажлын талбайд автогридерийг жолоодож цахилгааны шугам зөөвөрлөх ажлыг гүйцэтгэх явцдаа газарт унжсан цахилгааны шугамыг автогридерийн хусагч хутгаар чирж орооцолдуулснаас шон унаж, шонд авирсан байсанВайнд Майнд” хязгаарлагдмал хувьцаат компанийн цахилгаанчин Г.Ү******* бие эрх чөлөөнд нь баруун хөхлөг, суурь ясны хугарал, эрүү ясны бяцарсан зөрөөтэй хугарал, баруун чих, нуруу, бүсэлхий, хүзүү, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Вайнд Майнд хязгаарлагдмал хувьцаат компани нь Экстир хязгаарлагдмал хувьцаат компанитай машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр Экстир хязгаарлагдмал хувьцаат компани нь түрээслүүлсэн техникийг операторын хамт түрээслэгчийн ажлын талбай руу ажилд гаргах, түрээслэгчийн талбайгаас гадна /засварын талбай/ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй болон биеэ авч явах байдлыг түрээслүүлэгч, түүний ажилчид өөрсдөө бүрэн хариуцахаар тохиролцон гэрээ байгуулан ажиллаж байсан /хавтаст хэргийн 95-101 дэх тал/ бөгөөд шүүгдэгч Ц.О******* нь түрээслүүлэгч Экстир хязгаарлагдмал хариуцлагатай компанид автогридерийн оператор, хохирогч Г.Ү нь түрээслэгч Вайнд Майнд хязгаарлагдмал хувьцаат компанид цахилгаанчны албан тушаалд тус тус ажиллаж, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө тус тус аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч баримтад гарын үсэг зурж ажлаа эхлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэргийн хохирогч Г.Ү******* эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүнд хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийн онолоо дэвшүүлж яллах байр сууринаас, хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчийн байр суурийг дэмжиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нөхөн төлүүлэх байр сууринаас хэргийн онолоо тус тус дэвшүүлж мэтгэлцсэн болно

Харин шүүгдэгч Ц.О******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргаж, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Г.Ү******* биед учирсан хүнд гэмтэл бүхий эрүүл мэндийн хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Ц.О******* нь Экстир хязгаарлагдмал хувьцаат компанид автргридерийн оператороор ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.2-т “ажилтан өөрийн буруугаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан бол сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээсэн зэргийг үл харгалзан эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагыг хүлээнэ” гэж заасны дагуу өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан эрүүл мэндийн хохирлыг хариуцан төлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Г.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 356.440 төгрөгийн, шүүхийн шатанд 503.326 төгрөгийн нийт 859.766 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч Ц.О******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримтгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2 удаагийн шилжүүлгээр 570.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 482.850 төгрөг нийт 1.052.850 төгрөгийг эмнэлгийн болон эм тарианы төлбөрт хохирогчид төлсөн, дээрх цаг хугацаанаас хойш гарсан эмчилгээний зардалд нэмж нэхэмжилсэн 859.766 төгрөгийн эм тарианы болон бензин шатахууны төлбөрийг төлөхөө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн байна.

Шүүх хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.О*******аас нийт 859.766 /найман зуун тавин есөн мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Үад олгох нь зүйтэй гэж үзсэн болно. 

Мөн хохирогч Г.Ү******* биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасан амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан зэргийг харгалзан хохирогч Г.Ү нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хариуцагч буюу Вайнд майнд хязгаарлагдмал хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.2-т ...үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон төслийн менежер Д.Тэмүүжин нь хохирогч Г.Үад ажилгүй байсан хугацааны цалинг компанийн зүгээс олгож байгаа, цаашид хохирогчтой уулзаж дараагийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.О*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 76-85 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч Ц.О******* нь ам бүл 4, ээж, эмээ, эгчийн хамт Архангай аймгийн Хашаат сумын 3-р багт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллаагаа дуусгавар болсон тухай Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч С.Лхамсүрэнгийн тогтоолоор шүүгдэгч Ц.О*******ын Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсныг тодорхойлжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 250.000 төгрөгөөр төлүүлэхээр тогтоох ялын саналыг,

хохирогчийн өмгөөлөгч ял эрүүгийн хариуцлагын хувьд хохирогч ажил үүргээ биелүүлж байх үед нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас амьдралын амин чухал эрхтэн болох тархины сэртэн ясны суурь хугарал, бусад олон гэмтлийг биедээ авсан. Үүнээс болж хөдөлмөрийн чадвараа 80 хувь хүртэл алдсан байгаа. Сэтгэл санааны болон эрүүл мэндийн хор уршиг нь өнөөдрийн байдлаар арилаагүй байгаа. Нүүрэн тус газарт зажлах рефлекс байхгүй болсон. Энэ хугацаанд шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийг нь асууж нэг ч удаа холбогдож байгаагүй. Энэ талаар хохирогч гомдолтой байгаа гэж надаар дамжуулан хэлсэн. Ялын хувьд хохирлыг төлөх боломж олгох үүднээс нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ялыг оногдуулах саналыг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.О*******ын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь ажлын байран дээрх аюулгүй байдлыг хангаагүй, болгоомжгүй үйлдлээс үйлдэгдсэн байх ба Г.Ү******* эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д механикжсан тээврийн хэрэгслийн M- ангилалд “трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Ц.О******* нь автогридерийн оператороор ажиллаж байх үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******т оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, шүүгдэгч Ц.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Ц******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******аас 859.766 /найман зуун тавин есөн мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг, Найрамдлын 03 дугаар гудамжны 34 “А” тоотод оршин суух /РД:ТВ90111874/ хохирогч Г.Үад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.О*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ