| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03105/И |
| Дугаар | 0466 |
| Огноо | 2019-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 0466
2019 оны 02 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2019/00466 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Б холбогдох,
үйлчилгээний төлбөрт 95,493 /ерэн таван мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б нь 2014 оны 6 сарын 24-ний өдөр 35501 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл хариуцагч гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг гэрээний 5.1.2, 5.1.3, 6.1.2, 6.3.1-д зааснаар 2015 оны 10 сарын 01-ний өдөр тасалбар болгон зогсоосон ч 2015 оны 3, 4 сарын үйлчилгээний төлбөр 91,993 төгрөг төлөөгүй тул нотариатын зардал 3,500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүх хуралдаанд оролцохгүй бөгөөд өмгөөлөгч Г.Батмөнхийг оролцуулан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“С” ХХК нь Т.Бт холбогдуулан үйлчилгээний төлбөрт 95,493 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үйлчилгээний хөлс төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалсан гэж тайлбарласан байна.
Хариуцагчид 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарласан боловч хуульд заасан хугацаанд татгалзсан эсхүл зөвшөөрсөн эсэх талаар тайлбар ирүүлээгүй, энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Т.Бтай “С” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын сарын 24-ний өдөр 35501 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг байгуулан, гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Захиалагч нь гэрээнд заасан нөхцлөөр гурвалсан үйлчилгээг үзүүлэх үүргээ биелүүлсэн, гүйцэтгэгч буюу Т.Б нь үйлчилгээ авсны хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Скаймедиа үйлчилгээний гэрээний 6.1.2-т хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, цуцлахаар тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ биелүүлээгүйгээс үйлчилгээг 2015 оны 10 дугаар сард зогсоож гэрээг цуцалсан гэж тайлбарлах боловч талуудын байгуулсан гэрээний 3.2.1-д хэрэглэгч нь тухайн сард ашигласан үйлчилгээний төлбөрөө дараа сарын 07-ноос 21-ний өдрийн дотор бүрэн төлөх, 3.2.3-т үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй бол хязгаарлалтын сарын сүүлийн өдөр үйлчилгээг бүрэн хаахаар тохиролцсоноор нэхэмжлэгчийг 2015 оны 3, 4 дүгээр сарын төлбөрийг хариуцагч төлөөгүй үндэслэлээр 2015 оны 5 дугаар сард үйлчилгээг зогсоосон гэж үзнэ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба тухайн тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх 2015 оны 5 дугаар сард үүсчээ.
Гэвч нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар хүртэлх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар болон хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргаагүй тул хариуцагч Т.Баас үйлчилгээний хөлс шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Т.Б Скаймедиа үйлчилгээний гэрээний төлбөрт 95,493 /ерэн таван мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ