Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0514

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч:“В” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүүд 4,728,000 /дөрвөн сая долоон зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 оны 11 сарын 20-нд “В” ХХК-тай Баянзүрх дүүргийн 26 хороо Санрайз хотхон 40И байр 17 тоот хаягтай 90 м2 талбайтай 3 өрөө байрыг 2013 оны 4-р улиралд гүйцэтгэгч нь ашиглалтад оруулах, захиалагч нь байрны үнэ болох 216,0 сая төгрөг төлөх болзолтой Захиалгын гэрээ хийсэн. Би үүргээ биелүүлж бүх төлбөрийг төлсөн. Харин хариуцагч 2014 оны 4 сард уг байрыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. 2014 оны 7 сард тухайн үед байрны м2 дутуу байгааг анзаарч тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж мэдсэн. “В” ХХК-аас дутуу 2.72 м2-ын үнэ 6,528,000 төгрөгийг шаардахад зөвшөөрч 2014 онд багтаад төлнө гэж зөвшөөрсөн, гэтэл 2017 оноос 2018 оны хооронд нийт 1,800,000 төгрөг өгч, үлдэгдэл 4,728,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гэрээний үүргийн дагуу гаргуулан өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д нь “В” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 4,728,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, энэ өдрийн хуралдаан дээр шаардлагаа 200,000 төгрөгөөр багасгалаа. 

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохиролцсоны дагуу хүлээлгэн өгөх орон сууцны талбай дутуу байсан тул гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг тайлбарын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

 

Ц.Д нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “В” ХХК-тай Баянзүрх дүүргийн 26 хороо Санрайз хотхон 40И байр, 17 тоот 90 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2013 оны 4-р улиралд гүйцэтгэгч нь ашиглалтад оруулах, захиалагч нь орон сууцны төлбөрт 216,000,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулжээ.

       Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

       Талууд гэрээг Захиалгын гэж нэрлэсэн байгаа боловч хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

        Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 216,000,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, 2014 оны 4 дүгээр сард хариуцагч нь орон сууцыг худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

       Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Уран-асар” ХХК-иар дээрх орон сууцанд хэмжилтийг хийлгэж, шинжээч 87.28 м2 буюу 2.72 м2 талбайн зөрүүтэй болохыг тогтоожээ.

      Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдагч буюу “В” ХХК нь эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргийг хүлээсэн байх бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч буюу Ц.Д нь уг доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

      Ц.Д нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд догодлдлыг илрүүлэн “В” ХХК-д мэдэгдэхэд төлөхөө зөвшөөрсөн талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр 2,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 452530954 тоот дансаар “орон сууцны буцаалт” утгатайгаар шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байна.

      Ийнхүү хариуцагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байна.

      Талууд гэрээний 2.2-т зааснаар 90 м2 талбай бүхий орон сууцыг 216,000,000 төгрөгөөр буюу 1 м2 талбайг 2,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд 2.72 м2 талбайн зөрүүг 6,528,000 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах боломжгүй юм.

      Нэхэмжлэгч нь энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас төлсөн 200,000 төгрөгийг дутуу тооцсон үндэслэлээр шаардлагаа багасгасан ба дээрх үндэслэлүүдээр орон сууцны талбайн зөрүүд 4,528,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 90,598 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 87,398 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

Энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид Хан-Уул дүүрэг, 11 хороо, 7 хэсэг, Зайсан 74-2Б тоот болон Баянзүрх дүүрэг, 26 хороо, Санрайз хотхон хаягаар хүрүүлэхэд ,,,, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд мэдүүлсэн 80006488 дугаар утсаар холбогдоход орох ярианы эрх нь хаагдсан байсан, Итгэмжлэл дээр Баянгол дүүрэг, 4 хороолол, Энэбишийн гудамж 75 тоот хаягаар  хүргүүлэхэд ажилтан Чаминцэцэг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “В” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,528,000 /дөрвөн сая таван зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулан Ц.Дд  олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 90,598 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 87,398 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ