Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2022/0453/Э |
Дугаар | 2022/ШЦТ/478 |
Огноо | 2022-11-21 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-Улсын яллагчаар Г.Энхбат,
-шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Цид холбогдох эрүүгийн 2234002320219 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх хэрэг хариуцах чадвартай, О.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ц нь Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг Хуульчдын хотхон 202 тоотод 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч Д.Гын эд зүйлийг хулгайлж бусдад нийт 414.600 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Ц нь: “Би согтуу байсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч О.Ц нь Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг Хуульчдын хотхон 202 тоотод 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч Д.Гын эд зүйлийг хулгайлж бусдад нийт 414.600 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 тал/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 тал/,
-хохирогч Д.Год эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 тал/,
-Хохирогч Д.Гын “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв айман Зуунмод сумын 1 дүгээр баг 202 тоотод байрлах хүүгийндээ хүүхэд хараад байж байсан би тухайн үед гэртээ ганцаараа 1 давхрын өрөөнд хувцас янзлаад байж байсан байшингийн хаалга дотроосоо цоожлоогүй онгорхой байсан. Өөрөөр хэлбэл түгжээгүй гаднаасаа онгойлгосон бололтой байсан гэсэн үг. Тэгээд хувцас хунараа янзалчихаад гадаа гарах гээд үүдэнд өлгөөтэй байсан куртикээ өмсөх гэтэл куртик маань байхгүй байсан. Тэгээд гаднаа хүн орж ирээд авчих вуу гэж бодоод эрчим хүчний камерыг хартал яг манай байшинг харж байсан. Тэгээд шүүж үзтэл нэг эрэгтэй хүн манай гэрийн хаалгаар ороод миний куртикийг авч байсан харагдсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний куртикны халаасанд 5000 төгрөгтэй түрийвч, А-7 маркийн гар утас, 2 ширхэг гэрийн болон гражийн түлхүүр байсан. Эдгээр зүйлүүд халаасанд нь байсан. Мөн тамхи асаагуур, жижиг гар нүүрний алчуур байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-29 тал/,
-Шүүгдэгч О.Цийн сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Номин дэлгүүртэй ойролцоо хоёр зүс таних хүнтэй хамт гудамжинд зогсож байгаад 1 жил 0.75 литрийн шил архи хувааж уугаад нэлээн согтсон байдалтай хойшоо чиглээд явж байтал хашаагүй байшин тааралдсан. Тэгээд тэр байшингийн хаалгыг онгойлгоход байшинд хүн байх шинжгүй байхаар нь үүд хэсэгт нь өлгүүрт савхин куртик өлгөөтэй байсан. Тэгээд тэр хар өнгийн савхин куртикийг аваад байшингаас буцаж гаран цааш яван халаасыг нь ухаж үзэхэд хар бор өнгийн түрийвчинд 2000 гаран төгрөг байсан. Тэгээд тэр мөнгөөр такси бариад гэртээ харьсан. Халаасанд нь байсан түрийвчинд өөр юм байсан эсэхийг мэдэхгүй байна. Түрийвчийг би гудамжинд хаясан шиг санагдаж байна. Яг хаана хаяснаа мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор миний санаж байгаа зүйл л энэ байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч О.Ц нь Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг Хуульчдын хотхон 202 тоотод 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч Д.Гын эд зүйлийг хулгайлж бусдад нийт 414.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч О.Ц нь гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүгдэгч О.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч О.Ц нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч О.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч О.Цийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.
Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.
Шүүгдэгч О.Ц нь хохирогч Д.Гын Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг Хуульчдын хотхон 202 тоотод 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 414.600 төгрөгийн хохирол учруулсан нь хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй.
Тэрээр шүүгдэгч О.Ц нь бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Год учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч О.Ц нь бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Энхбатаас: “Шүүгдэгч О.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяраас: “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү. ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч О.Цийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт 7 хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч О.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан түүний гэм буруу дээрээ маргахгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн байдлын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Гын эд хөрөнгөд 414.600 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүх хуралдааны товыг хохирогч Д.Год мэдэгдэхэд “шүүгдэгчээс эд зүйлээ биет байдлаар нь буцаан хүлээн авсан. Харин үлдэх 77.600 төгрөгийн хохирыг төлбөл гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүгдэгч О.Ц нь шүүхийн шатанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 80.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч О.Цоос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзсэн.
Эрүүгийн 2234002320219 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч О.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Цийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч О.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Цид оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2234002320219 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА