| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03712/И |
| Дугаар | 0528 |
| Огноо | 2019-03-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 0528
|
|
|
|
2019 оны 3 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2019/00528 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.О холбогдох,
гэрээний үүрэгт 3,915,200 /гурван сая есэн зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 6 сарын 25-ны өдөр иргэн Э.Отэй “Хүнсний бараа зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний зорилго нь Э.О нь өглөөний хоол буюу овьёос бэлтгэдэг гэх өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хүнсний барааг тогтмол нийлүүлэх, төлбөрийг нийлүүлснээс хойш 10 хоногийн дотор худалдагчид төлбөрийг бүрэн төлж байхаар тохиролцсон. Эхлээд 3.915.200 төгрөгийн 9 нэр төрлийн хүнсний барааг 2018 оны 6 сарын 28-ны өдөр би хүлээлгэн өгч зарлагын падаанд гарын үсэг зуруулсан ба манай нөхөр Э.Оийн Баянзүрх дүүрэг Халдвартын тэнд байрлах ажлын байранд нь хүргэж өгсөн. 10 хоногийн дотор 3.915.200 төгрөгийг барааны үнэд төлөх байсан ч утсаа авахгүй салгаад зугтааж эхэлсэн. Удаа дараа асууж сурагласан ч мөнгийг минь өгөөгүй. Ингээд арга ядаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандахад Иргэний асуудал байна гээд гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Иймд худалдан авсан 9 нэр төрлийн хүнсний барааны үнэ 3.915.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.М нь Э.Од холбогдуулан худалдан авсан 9 нэр төрлийн хүнсний барааны үнэ 3.915.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ төлбөр төлөх үүргээ биелүүлэгүй гэж тайлбарлав.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг тайлбарын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Зохигч 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Хүнсний бараа зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, Б.М нь өөрийн өмчлөлийн хүнсний барааг худалдах, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Э.О нь төлбөрийг бараа нийлүүлснээс хойш 10 хоногийн дотор худалдагчид төлөхөөр тохиролцсон байна.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.
Хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар 3,915,200 төгрөгийн үнэ бүхий 9 нэр төрлийн хүнсний барааг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн Баянзүрх дүүрэг Халдвартын тэнд байрлах ажлын байранд нь хүргэж өгөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь Зарлагын баримтаар нотлогдож байна.
Харин хариуцагч Э.О нь тухайн өдрөөс хойш 10 хоногийн дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч Б.М нь худалдсан барааны үнэ 3,915,200 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 77,600 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 77,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн 88825215 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Оээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,915,200 /гурван сая есэн зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан,Б.М олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 77,600 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 77,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ