Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/474

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

улсын яллагч Г.Ариунзул,

хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн 2234000000436 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоот оршин суух бүртгэлтэй боловч Төв аймаг Баян сум Цант 1 дүгээр баг, “Хавцлын булаг” гэх газарт оршин суух хаягтай, урьд:

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, Д.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э “2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 15-16 цагийн үед Төв аймаг Баян сум, Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Майхан” гэх газарт хохирогч Ц.Иолтой малын бэлчээрийн асуудлаас болж маргалдан улмаар зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Э нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000436 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э “2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 15-16 цагийн үед Төв аймаг Баян сум, Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Майхан” гэх газарт хохирогч Ц.Илоотой малын бэлчээрийн асуудлаас болж маргалдан улмаар зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Хохирогч Ц.Илоогийн “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутад гэртээ байхад Д.Э гэдэг айл хаана байдаг вэ гэж нүүдэлж байсан айл асуугаад удаагүй байж байтал вагончиг чирээд манай гэрийн баруун талд ирж байрлахад би очиж хаанаас хаа хүрч явна вэ гэж асуутал тэр өвгөн энд 10-аад хоноод нүүнээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хонины бэлчээр дээр Д.Э хүрч ирээд намайг үгээр доромжилж зодох гэж мотоциклноосоо бууж ирээд нүүдэл хийж байсан өвгөн болон нүүдэл хийгээд явж байсан улсууд нь нийлж Д.Эг хориод  байхаар нь тэгээд би яваад өгсөн. Тэгээд дараа өдөр болох 27-ны өдөр 16 цагт бэлчээр дээр хүрч ирээд хонинуудыг маань хөөж хэдэн хэсэг тараагаад байхад нь би уурлаад чи яаж доромжилж элэг барих гээд байгаа юм гэж хэлэхэд мотоциклноосоо бууж ирээд зодох гээд байхаар нь би зодчих гэж хэлсэн чинь зодсон ч яадаг юм гэж хэлээд байсан. Тэгээд намайг зодож эхлээд миний толгой руу 2-3 удаа цохиод дараа нь үстэж чирсэн. Тэгээд миний охин хүрч ирээд арай гэж Д.Эаас салгаад тэгээд би машин дээрээ очоод сууж байтал машины цонхоор хүрч ирээд шүд рүү маань 1 удаа цохисон. Тэгээд тэр түрүүлээд яваад өгсөн. Тэгээд би хонио тууж гэр лүүгээ хариуд гар утасны сүлжээтэй газар очиж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 тал/,

-Гэрч Б.Осоржамын “...Би 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян сум Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Майхан гэх газар хөдөө малын бэлчээр дээр ээж Ц.Илоогийн хамтаар хонь малаа бэлчээрлүүлээд явж байтал манай тэр хавийн малчин Д.Э гэх малчин залуу бид хоёр дээр хүрээд ирсэн. Ирснээ манай хонинд байгаа хонио ав та нар сүүлд хулгай зэлгийд хардаад унана шүү та нар гэх мэтээр бухимдалтай хэлсэн. Би тухайн үед бага нялх хүүхэдтэй байсан болохоор Д.Э гэх хүнийг манай ээжтэй маргалдаж байхад хол зайтай зогсож байсан. Тэгтэл манай ээжийг машин дотор сууж байхад цонхоор нь Д.Э гэх залуу гараа оруулаад цохиод авсан. Дараа нь машинаас буулгаад манай ээжийг үстэж авч газар чирж унагаад хэд хэдэн удаа толгой тархи руу нь цохиж авчаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

-Шүүгдэгч Д.Эы гэрчээр өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчим Төв аймаг Баян сум Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар тойром нэртэй гэх манай хөдөө гэр байгаа газар орчмоор Төв аймгийн Эрдэнэ сумаас Дундговь аймгийн Адаацаг сум руу отрын нүүдэл хийж яваа малтай айл дайрч өнгөрөхдөө манай энэ хавьд ганц хоног малын хөл амраагаад хоноглоод явах гэсэн юм гэхээр нь би манай гэрээс хойд талд байдаг тогтоол ус хавиар хоноод буудаллаад яв яв гээд хэлчихсэн юм. Тэгсэн нөгөө айл дөнгөж буудаллаад байж байтал манайхтай айл саахалт байдаг Ц.Илооо нөгөө айл дээр чинь давхиж очоод “Бэлчээр” ус дээр буулаа гэж хэрүүл маргаан хийгээд сум руу цагдаа энэ тэр дуудаад сүүлдээ намайг тэр айлыг буулгасан гээд бөөн хэрүүл болсон. Маргааш буюу 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нь манай гэрээс холгүй хонины бэлчээр Майхны ар гэх газар Ц.Илоогийн хонь бэлчээрлээд ороод ирсэн. Тухайн бэлчээр газар манай хаваржааны газар юм. Ц.Илооо тухайн үед машинтай хонио туугаад явж байсан. Би өөрийнхөө хонинд нийлсэн тэдний  хонийг ялгаад өөрийнх нь хонинд буцаагаад нийлүүлчихэе гэсэн чинь чи яаж наад хонио авсан тэрэн шигээ нийлүүлэхгүй юу гэх мэтээр намайг хулгай хийсэн мэтээр хэлсэн. Тэгээд би өөрийнхөө хонийг туугаад тэдний хоньтой ойртуулж байгаад тэдний хонийг ялгаж нийлүүлэх гэтэл машинаараа урдуур хойгуур хашиж зогсоогоод байсан тул би Ц.Илоогуатай маргалдсан. Тэгсэн чинь харин  Ц.Илоо машинаасаа буугаад надтай уулзах гээд ирсэн. Ирэхдээ газраас чулуу аваад шороо цацаад элдвээр хараал ерөөл уншаад ирсэн тул би шууд бариад авсан. Намайг гараараа самардаж шүлсээрээ нулимсан тул бид хоёр гарын цамцны ханцуйгаа атгаад авсан. Миний дээл хувцаснаас барьсан гарыг нь би хуу татаж салгаж авсан. Ингэж салгаж авахдаа л би тэр шүд ам руу нь савсан гараараа цохисон байх. Түүнээс би яг цохьё гэж гараа зангидаж байгаад цохиж авсан юм бол байхгүй. Сүүлдээ Ц.Илоо гуа цуг явсан охин Б.Осоржам ээжийгээ салгаж аваад би мотоциклтойгоо хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 490 дугаартай “...Ц.Илоогийн биед баруун 2 дугаар хурууны үений хугарал, баруун бугалга, баруун хурууны 2 хуруунд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, толгой, баруун 2 хуруу, зүүн чихний ар хэсэг зөөлөн эдийн няцралт, хуйханд зулгаралт, доод баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүд хөдөлсөн, буйланд хаван гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 17-18 тал/,
  • Шүүгдэгч Д.Эы яллагдагчаар өгсөн “...Би урьд сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Э нь Ц.Илоотой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Эыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Учир нь шүүгдэгч Д.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Эы холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Э нь хохирогч Ц.Илоог цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Э нь хохирогч Ц.Илоог гараараа цохиж зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд баруун 2 дугаар хурууны үений хугарал, баруун бугалга, баруун хурууны 2 хуруунд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, толгой, баруун 2 хуруу, зүүн чихний ар хэсэг зөөлөн эдийн няцралт, хуйханд зулгаралт, доод баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүд хөдөлсөн, буйланд хаван бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Улсын яллагч Г.Ариунзулаас: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх ялын дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “ улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Д.Эы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын, прокурорын, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаж мэтгэлцдэггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, эмчилгээний зардлыг төлсөн байдал, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Д.Эд оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

Шүүх шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч Д.Эы гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Илоогийн эрүүл мэндэд “баруун 2 дугаар хурууны үений хугарал, баруун бугалга, баруун хурууны 2 хуруунд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, толгой, баруун 2 хуруу, зүүн чихний ар хэсэг зөөлөн эдийн няцралт, хуйханд зулгаралт, доод баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүд хөдөлсөн, буйланд хаван” бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

            Шүүгдэгч Д.Эаас хохирогч Ц.Илоо нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжлээгүй ч шүүгдэгч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн байна

            Шүүх хуралдааны товыг хохирогч Ц.Илоод мэдэгдэхэд “гомдолтой, хохирлоо нэхэмжилнэ, шүүх хуралдаанд оролцохгүй, манай өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоно” гэсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

            Эрүүгийн 2234000000436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 /мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь хохирогч Ц.Илоод 500.000 төгрөг төлсөнг, хохирогч Ц.Илоо нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2234000000436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА