| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 174/2019/0039/э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 17.12.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 09
2019 оны 04 сарын 24-ний өдөр Дугаар 2019/ДШМ/09 Баруун-Урт
Г.Г, У.А, Н.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Бсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Э.Хосбаяр,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Т.Хүдэр
нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалсан шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Г.Г, шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, шүүгдэгч Бы өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Н.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон У.А нарт холбогдох эрүүгийн 1830001820139 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Баянцогтын 1000-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Б
Хоёр. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Г
Гурав. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 76 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, У.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газраас У.Аын адуунд байсан 1 тооны хүрэн зүсмийн алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г, У.А нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх газраас бусдын 1 тооны хүрэн зүсмийн адууг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Б 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх газраас бусдын 1 тооны хүрэн зүсмийн адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан,
Шүүгдэгч Н.Б, Г.Г, У.А нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-наас 07-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газраас иргэн О.Бийн 4 тооны үхэр, Т.Хийн 1 тооны бяруу, О.Лгийн 1 тооны бярууг тус тус тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас иргэн Б.Бын 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 07 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “У” гэх газраас иргэн С.Эын 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Н.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, У.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б, Г.Г, У.А нарыг бүлэглэн, олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
шүүгдэгч Б.Быг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
шүүгдэгч Г.Гг алдуул мал ыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 8/найм/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан,тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ялтан Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн 2 сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 30 хоног буюу 1 сараар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Г, Н.Б, У.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Н.Бы цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Г, Н.Б, У.А нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Г, Н.Б, У.А нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга болох 9781 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машины үнэ 6.000.000 төгрөг, 5510 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машины үнэ 7.500.000 төгрөг, Даюунг маркийн мотоциклийн үнэ 300.000 төгрөг, хонгор зүсмийн морины үнэ 800.000 төгрөг, нийт 14.600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 4.866.666 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,
Ялтан Г.Г, У.А нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч О.Бийн 2.300.000 төгрөг, Т.Хийн 250.000 төгрөг, О.Лгийн 250.000 төгрөг, Б.Бын 900.000 төгрөг, С.Эийн 1.800.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгчийн 830.000 төгрөгийн хохирлууд бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,
Ялтан нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгын үнийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн У.Аын 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/09, Г.Ггийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/10, Н.Б 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/11 тоот тогтоолуудыг тус тус хэвээр үргэлжлүүлж, 9781 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05/07 дугаартай, 5510 СҮЭ улсын дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05/08 дугаартай Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо: Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, барагдуулсан учир ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Н.Бы машины хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэхээр гаргасан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Баар төлүүлэхийг хүсэж, гомдол гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нар давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолоор У.Ат 1 жил 8 сарын хорих ял оногдуулсан. Шүүх шийтгэх тогтоолд хэргийн оролцогч нараас тээврийн хэрэгслийн болон уналганы үнэ гэж 4866666 төгрөгийг хүн тус бүрт нь хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, шүүгдэгч нарын хэргийн оролцоо зэргийг нарийвчлан тогтоогоогүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Бны өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: Н.Б нь 1100000 төгрөгийг Г.Ггийн дансанд хийж, мал авах талаар харилцан тохиролцож, 6 тооны үхрийг Э.Жтэй очиж авсан байдаг. Гэтэл түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Б нь бусдын 6 тооны үхрийг хулгайлаагүй, хулгайлах санаа зорилго байгаагүй нь Г, А нарт малын мөнгө өгсөн зэргээр тогтоогдож байна. Харин Бын 1 үхэр, С.Эын 2 үхэр, 2018 оны 03 сард 1 тооны адууг хулгайлсан үйлдлээ хүлээн мэдүүлдэг. Иймд түүнийг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан зүйл ангийг өөрчлөн хөнгөрүүлж, 2018.05.05-07-ны үед “Э” гэх газраас иргэн О.Б, Т.Хэ, О.Л нарын 6 тооны үхэр хулгайлсан гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Г, У.А, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатараатар, шүүгдэгч Бы өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлалгүй, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Н.Б, Г.Г, У.А нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 05-наас 07-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газраас иргэн О.Бийн 4 тооны үхэр, Т.Хийн 1 бяруу, О.Лгийн 1 бяруу, нийт 6 тооны үхрийг тус тус тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас иргэн Б.Бын соёолон насны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “У” гэх газраас иргэн С.Эын хязаалан насны 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г, У.А нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх газраас бусдын хүрэн зүсмийн 1 адууг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх газраас бусдын хүрэн зүсмийн 1 адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан,
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газраас У.Аын адуунд байсан хүрэн зүсмийн алдуул 1 адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, үнэлгээний комиссын үнэлгээ, хохирол төлсөн баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалтай нийцжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлаж, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г, У.А нар бүлэглэн 1 адууг болон тэд шүүгдэгч Н.Бтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр хохирогч О.Бийн 4 тооны үхэр, Т.Хийн 1 бяруу, О.Лгийн 1 бяруу, Б.Бын 1 үхэр, С.Эын 2 үхрийг тус тус буюу Г.Г, У.А нар нийт 10 бод, Н.Б нийт 9 бод хулгайлсныг хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл, уналга ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар,
Шүүгдэгч Н.Быг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Г.Гг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, тэднийг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн хэрэгт авагдсан яллагдагч Г.Ггийн “2018 оны 1, 2-р сарын орчим Баас тус тусад нь авсаар нийтдээ 1100000 төгрөгийг мал өгнө гэж авсан. 2018 оны 5 дугаар сард Б утсаар яриад малаа авмаар байна гэхээр нь үхэр өгөхөөр тохирсон. Б нь Түмэнцогт сумаас гарлаа гэж хэлэхээр нь би гэрээсээ нууж өгч байгаа шүү. Баруун-Уртаас Мөнххаан явах засмал замын 63 км-ын баганын орчим ирээд залгаарай гэсэн. Шөнийн 22-23 цагийн орчимд Б над руу залгасан. Атай хамт очиж уулзахад Б, Ж нар ирсэн байсан. Бид нар Баттөрийн үхрийг хөөж авчирч, нийт 6 тооны үхрийг бугуйлдаж бариад машинд ачсан. Бд хандаж, буруу гарын үхэр шүү. Надад үхэр мал байхгүй гэж хэлсэн.” /1-р хх 55-56, 97-98, 174, 2-р хх 110-112/ гэх,
-яллагдагч Н.Бы “Жгийн хамт Ггийн гэрийн урд засмал зам дээр ирсэн. Г нь Аын хамт ирж, 3 шүдлэн, 1 хязаалан насны үхэр, 2 бяруу барьж өгснийг нь ачаад аваад явсан. Тухайн үед буруу гарын юм өгчихлөө гэж бодож байсан. Мөнгө авсан юм чинь хулгайн юм гэж бодоогүй. Г, А нарын гэрээр ороогүй, хөдөө, бэлчээрээс нь авсан.” / 2-р хх 28, 101-102/ гэх,
-яллагдагч У.Аын “Орой болчихсон, багцаагаар 23 цагийн үед Г мотоциклтой яваад, буцаж ирээд намайг сэрээж, засмал зам дээр хамт ирсэн. Зам дээр ачааны машинтай 2 хүн байсан. Дэрсэнд олон үхэр хэвтэж байхаар нь хурааж байгаад 6 үхэр барьсан.” /1-р хх 61-62, 2-р хх 105 / гэх,
-гэрч Э.Жгийн “Баруун-Урт сумаас баруун зүгт 50 орчим км газар засмал зам дээр зогсож байгаад Б утсаар ярьсан чинь Г, А нар мотоциклтой ирсэн. Тэдний араас машинтай дагаж явахад хонхор газар ирээд үхэр хурааж, 6 тооны үхрийг бугуйлдаж бариад машинд ачиж, Түмэнцогт сум руу явсан.” /1-р хх 35, 131/ гэх мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаас үзэхэд Н.Б нь зээлсэн мөнгөнийхөө оронд мал авахаар Гтэй тохиролцсон хэдий ч Гг өөрийн гэсэн малгүй, буруу гарын мал өгсөн гэдгээ хэлсээр байхад утсаар ярьж, газар товлон, машин хөлслөн очиж, 3 удаагийн үйлдлээр 9 бодыг шөнийн цагаар, бэлчээр дээрээс нь ачиж, авч ашигласан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх түүнийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, ял ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г, У.А нарт оногдуулсан ял тохирсон байх ба шүүгдэгч Н.Бы хувийн байдал, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон үүрэг, оролцоо зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөв.
Түүнээс гадна шүүгдэгч Г.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх, мөн шүүгдэгч Н.Бд холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 лэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан” гэх хэргүүдийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, тэдгээрийн үнэ хамаарах бөгөөд хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс гадна хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулахаар хуульчилжээ. Энэ журмын дагуу шүүгдэгч нар мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, тэдний гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог нь харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналгын үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Г, У.А, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, шүүгдэгч Бы өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч Г.Г, У.А, түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, шүүгдэгч Бы өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын дараах заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
1/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан” хэргийг, шүүгдэгч Г.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 380000 төгрөгийн хохирол учруулсан” хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй.
2/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг
“Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хорих ялаар, шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
3/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Н.Б, Г.Г, У.А нарын цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БСҮХ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
С.ОЮУНТУНГАЛАГ