Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0330

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Чанцалням  даргалж,  шүүгч С.Ганбат, шүүгч У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.С

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Татварын газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Быг албан тушаалд томилох тухай Б/*2 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгах, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/*2 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Ч, хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Нийслэлийн Татварын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, иргэдийн төлөөлөгч Д.Э, гэрч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт зарлагдсан Х дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалын төлөө сонгон шалгаруулалтад оролцсон 4 хүнээс би ганцаар уг албан тушаалд тэнцсэн. Энэ тохиолдолд сонгон шалгаруулалтын дүнг Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл хуралдаанаар хэлэлцүүлж, албажуулан ялагчийг тухайн албан тушаалд томилуулахаар Татварын ерөнхий газрын даргад дүгнэлтийг хүргүүлснээр уг албан тушаалд томилох ёстой байсан гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл томилж өгөхгүй байгаа. Уг сонгон шалгаруулалтын үед Татварын ерөнхий газрын дарга нас барсан учир үр дүн удааширч, асуудал шийдвэрлэгдээгүй хугацаа алдсан. 2017 олны 7 дугаар сард агентлагийн шинэ дарга томилогдож ирсэн. 2017 оны 7 дугаар сард дарга томилогдож ирсэн учир даргад хүсэлт гаргасан. Хүсэлт гаргахад энэ хүн нь сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд томилогдоогүй гэх шалтгаанаар Төрийн албаны зөвлөлөөс Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн даргаар ажиллуулах албан ёсны шийдвэр гаргаж өгөөгүйн улмаас 2 жил гаруй хугацаанд энэ агентлагт ажиллах боломжгүй байсан. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтгүй бол сонгон шалгаруулалтын дүнгээр албан тушаалын томилгоо хийх боломжгүй гэх шалтгаанаар Татварын ерөнхий газар асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга н.Цд гомдол гаргасан. Ингээд 2017 оны 8 дугаар сараас хойш Татварын ерөнхий газрын дарга ба Нийслэлийн татварын газар, Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх зэрэг төрийн албан байгууллага, албан тушаалтнуудад хугацаандаа хүсэлт гаргаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Х дүүргийн татварын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын дүнг албажуулж энэ нь хууль ёсны дагуу явагдсан байгаа учир дүнг албажуулж нийтэд зарла гэсэн тогтоол гарсан. Энэ хэрэг нь гурван шатны шүүхээр явсаар байгаад 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд салбар зөвлөл байхгүй гээд шалгалтын дүнг албажуулж өгөхгүй байсан. Энэ хугацаанд шүүхээр салбар зөвлөлийг томилуулсан.

Би дүүргээс ганцаараа Нийслэлийн татварын орлогыг биелүүлдэггүй. Улсын гурван төсөв байдгаас улсын төсөв, орон нутгийн төсөл биелээд явж байсан. Нийслэлийн албан татвар нь 2016 оноос хойш огт биелдэггүй төсөв юм. 2016 оноос хойш төсөв батлахдаа нотлох баримт цуглуулдаггүй, шаардлага хүлээж авдаггүй байсан. 2020 оны орлогын төлөвлөгөө батлахад Нийслэлийн татварын газрын Орлогын хэлтсийн дарга н.Э******* даргад би өөрөө 2016 оноос хойш орлогын төлөвлөгөө биелэгдэхгүй ийм үндэслэл байна. Иймд орлогын төлөвлөгөөг хасаж өгнө үү гэдэг санал тавьсан боловч хэлэхдээ саналыг хүлээх авахгүй, гэхдээ энэ төлөвлөгөө биелэхгүй гэдгийг би мэдэж байгаа гэж хэлсэн. Энэ үед Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Г*******гэх хүн бидний чиглэл өөр гэдгийг Г.С чи мэдэж байгаа гэсэн. Нийслэлийн 2020 оны төлөвлөгөөг батлахдаа тасгийн дарга нараас нэг ч санал авахгүй гээд санал аваагүй. Улсын төсөв дээр бид Татварын ерөнхий газар очиж бүх тайлбар, нотлох баримтыг өгдөг. 2020 оны Нийслэлийн төлөвлөгөө нь батлахдаа үндэслэлгүй баталсан. Үндэслэлгүй гэдэг нь 2019 оны 9 дүгээр сард н.М дарга 2 тэрбум төгрөгөөр бууруулж өгсөн ч уг төлөвлөгөө биелээгүй гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан уу гэвэл явагдсан. Нэхэмжлэгч ялагч болсон уу гэвэл болсон. Хуулийн дагуу сул орон тоон дээр 14 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлаад 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулаад томилдог. 1995 оноос хойш Төрийн албаны тухай хуулийн энэ шаардлага өөрчлөөгүй. Энэ амьтан 4 жил горьдлого тээж тал талд очиж байгаа. Энэ тухай асуудлыг шүүх будлиантуулаад байгаа. Хэргийг нэг мөр шийдвэрлэхгүй. Зориуд хэн нэгний шаардлагаар эрх бүхий албан тушаалтны хавчлагаар ингэж байгаа. Хамгийн гол нь салбар зөвлөлийн шийдвэр гаралгүй хугацаа алдсан гэхэд 2019 оны 12 дугаар сарын 10-ы өдөр салбар зөвлөл шийдвэрээ гаргаж өгсөн байхад үүнээс хойш бүтэн 1 жил 6 сар шийдвэрээ гаргахгүй байгаа. Шүүх шийдэхдээ салбар зөвлөлийг томилгоо хийхийг даалгасан маргааныг эцэслэн шийдвэрлэж өгөөгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа 2018 оны 12 дугаар сараас хойш бүтэн жилийн дараа салбар зөвлөлийн нэхэмжлэгч ганцаараа ялагч болсон талаар гаргасан шийдвэр нотлох баримтаар байгаа. Үүнээс хойш бүтэн жил хэдэн сар болж байхад шийдвэр гаргаагүй байгааг эс үйлдэхүй гэж үзэж байна. Гаргах ёстой шийдвэрээ эрх бүхий албан тушаалтан нь гаргаж өгдөггүй. Үүний цаана байгаа нарын шалтгааныг хэлбэл улс төржсөн болох байх. Бодит байдал гэвэл энэ хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Хэргийн материалаас өмнө нь удаа дараа гаргасан хүсэлт, холбогдох хуулийн тайлбар байгаа. Томилохгүй байх шалтгаан байхгүй. Нэхэмжлэгчтэй өрсөлдсөн н.Б гэх хүнийг төр албан тушаалд 2 жил ажиллуулж байгаад тэтгэвэрт нь гаргасан. Дараагаар нь н.БАыг томилсон. Ингэх байсан юм бол сонгон шалгаруулалт явуулах хэрэггүй байсан. Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай журам, Төрийн албаны зөвлөлийн дүрэм гэх мэт олон хууль тогтоомж зөрчигдөж байгаа. Одоо н.З гэх хүн, гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу томилж өгнө үү гэх хүсэлтийн хариуг н.З дарга өгөхгүй байна. Харин дарга нь биш хуулийн хэлтсийн дарга н.Болдбаатар гэх залуу явж явж ажилдаа буцаж орсон байдаг. Хүний хувь заяагаад тоглоод, хүний гомдлыг авч хэлэлцэхгүй байсан. 11 дүгээр сард өгсөн гомдлын хариуд н.М******* гэх хүн чи дагуу байгаарай чамд ахлах байцаагчийн албан тушаал хангалттай гэсэн өнгө аястай байгаа.

Шударга ёсны зарчим байдаг бол түүнийг биелүүлж ажилламаар байна. Монголын төрийн шүүгч нар шударга ажилладаг бол шударга шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх эрхийг нэхэмжлэгч эдлэх эрхтэй, нэхэмжлэгчийн 4 жил чирэгдсэн чирэгдлийг нь арилгаж, асуудлыг нэг мөр шийдэж, гол гурван шаардлагыг биелүүлж өгнө үү гэв.

 

Гурав. Хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Татварын ерөнхий газрын даргын шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна. н.БАыг томилсон 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хувьд, энэ тушаалыг мэдсэн огноогоо нэхэмжлэлдээ дурдсанаар 2019 оны 4 дүгээр сард н.БАыг томилсон өдөр нь мэдсэн, ингээд 4 дүгээр сардаа Төрийн албаны зөвлөлд н.БАыг хууль бусаар томилсон тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байдаг.

Энэ хүчингүй болгуулах шаардлагын хувьд Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь мэдсэнээс хойш 30 хоног байдаг. Иймд Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд н.БАыг томилсон гэдгийг тухайн үед мэдэж байсан. Энэ асуудлаар тухайн үед гомдол гаргаагүй учир хүчингүй болгуулах шаардлагаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гаргаж байгаа нэхэмжлэл, тавьж байгаа шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дөрөв. Хариуцагч нийслэлийн Татварын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Нийслэлийн татварын газрын даргын тушаалаар н.БАыг томилсон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа. Тухайн үед н.Б нь ажлаасаа чөлөөлөгдсөний дараагаар н.БАын томилсон. Уг томилсон шийдвэрээ Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу Нийслэлийн татварын газрын даргыг дүүргийн татварын газрын даргыг Засаг даргатай зөвлөлдөөд, Авлигатай тэмцэх газрын ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан бичгийг үндэслэж томилсон. Тухайн үед шүүхийн шийдвэр Нийслэлийн татварын газарт ирээгүй учир төрийн албаны залгамж чанарыг үндэслэж н.БА гэх хүнийг томилсон. Иймд н.БАыг томилсон шийдвэрийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж үзэж байна гэв.

Тав. Гэрч Л.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Маргаан бүхий асуудлыг ойлгож байна. Хаана хаанаа шийдвэрлэхэд хэцүү хүнд асуудал болсон. Төрийн албан хаагч хүн өөрийнхөө төлөө явж байгаа нь буруу биш. Би 2017 оны 9 дүгээр сард Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон. Үүний урд талд ийм нэг будилаантай асуудал гарсан байдаг. Сонгон шалгаруулалттай холбоотой асуудалд би оролцдоггүй. Сонгон шалгаруулалт явагдаад дуусах үед Төрийн албаны салбар зөвлөлийн дарга сонгон шалгаруулалтын тогтоолыг баталгаажуулаад, баталгаажсан тогтоол агентлагийн даргад очих ёстой. Гэтэл энэ процесс хийгдээгүй байж байгаад энэ суудал хойшилсон байдаг. Энэ сонгон шалгаруулалт нь зөвхөн Г.Сын асуудал биш гэв.

Зургаа. Иргэдийн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлийн талаар гаргасан дүгнэлтээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Быг албан тушаалд томилох тухай Б/*2 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгах, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ы өдрийн А/*2 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах гэж тодруулжээ.

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

1. Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2017 оны 5 дугаар сард зарласан Татварын ерөнхий газрын харьяа Х дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад Г.С, О.Б, Б.О, Д.Б нарын 4 хүн бүртгүүлж оролцон, өрсөлдсөнөөс Г.С 60.1 оноо авч тэнцжээ. Энэ нь тус удирдах ажилтныг сонгон шалгаруулах комиссын гишүүдийн үнэлгээний нэгтгэл, сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнгийн хуудас, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэвч тус салбар зөвлөл нь тодорхой шалтгааны улмаас, сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, шаардлага хангасан иргэнийг нөөцөд бүртгэх шийдвэр гараагүй, Х дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох этгээдийг нэр дэвшүүлээгүй байна

Нэхэмжлэгч Г.Сын Татварын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 04-ний  өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлтэй захиргааны захиргааны хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Г.Сын Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Сын Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж, хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор шийдвэр магадлалын хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс ...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Татварын ерөнхий газарт шаардлага тавьснаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалтын дүнг сайтаар нийтэд зарласан, үүний дагуу миний бие Х дүүргийн Татварын хэлтсийн даргаар томилогдох хүсэлтээ Татварын ерөнхий газрын даргад удаа дараа гаргасан боловч өнөөдрийн хүртэл уг албан тушаалд томилохгүй хохироосоор байна гэж, хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд зааснаар Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг үндэслэн удирдах албан тушаалд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлсэн боловч сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, шаардлага хангасан иргэнийг нөөцөд бүртгэх шийдвэр гараагүй, салбар зөвлөлөөс Х дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох этгээдийг нэр дэвшүүлээгүй тул Г.Сыг Х дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилох боломжгүй гэж тус тус маргажээ.

Дээрх  сонгон шалгаруулалтад өрсөлдсөн иргэдээс нэхэмжлэгч Г.С 60.1 оноо авч тэнцсэн талаарх мэдээллийг Татварын ерөнхий газрын веб сайтаар дамжуулан нийтэд зарлан мэдээлсэн боловч сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, шаардлага хангасан иргэнийг нөөцөд бүртгэх шийдвэр гараагүй, салбар зөвлөлөөс Х дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох этгээдийг нэр дэвшүүлээгүй талаар талууд маргахгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.

Тэгвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Г.Сыг Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж, харин Г.Сыг Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Шүүхээс Г.Сыг Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ салбар зөвлөл сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй байна гэжээ.

Өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэх гэсэн хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор биелүүлсэн атлаа шүүхийн шийдвэрийн үлдэх хэсэг болох уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах хэсгийг биелүүлээгүй орхигдуулсан байх тул Г.Сыг Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл арилаагүй байна гэж үзэж нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулахад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах  комисс сонгон шалгаруулалтын дүнг комиссын хуралдаанаар хэлэлцэн зохих шийдвэр гаргах, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтын хамт салбар зөвлөлд  өгөх, салбар зөвлөл нь комиссын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, комиссын санал, өөрийн явуулсан судалгаа, холбогдох этгээдийн тодорхойлолт зэргийг үндэслэн   төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг  удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах  тухай шийдвэр гаргах, нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн нэр дэвшүүлэх, томилох эрх бүхий этгээд нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргах процессын журмыг тогтоожээ.

Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс хуралдаж, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нийтэд зарлаж мэдээлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон 2019 оны 01 дүгээр тогтоолоор нотлогдож байх боловч сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, шаардлага хангасан иргэнийг нөөцөд бүртгэх шийдвэр гараагүй, салбар зөвлөлөөс Х дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох этгээдийг нэр дэвшүүлэх ажиллагаа явуулахыг даалгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.С хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үлдэх хэсэг болох уг сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл даалгасан хэсгийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлсний дараа гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дахин шүүхэд хандах эрх нь нээлттэй болно.

 

2. Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Быг албан тушаалд томилох тухай Б/*2 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг Б/*2 дугаар тушаалаар Д.Быг Х дүүргийн Засаг даргатай зөвшилцсөнөөр Х дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Татварын ерөнхий хуулиар /2019 оны/ дүүргийн татварын хэлтсийн даргыг томилж чөлөөлөх эрх нь Татварын ерөнхий газрын даргад шилсэн байх тул хариуцагчаар Татварын ерөнхий газрын даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

Гэхдээ Г.С нь Х дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Быг томилсныг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар анх Төрийн албаны зөвлөлд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хандаж, Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 612 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдолд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/648 дугаартай албан бичгээр тус тус хариу өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна..

Тодруулбал нэхэмжлэгч Г.С Д.Бтай холбоотой асуудлаар 2019 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Төрийн албаны зөвлөлд үргэлжлүүлэн гомдол гаргасаар байсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох өргөдөл, гомдол, хариу албан тоотууд болон нэхэмжлэгчийн миний бие Төрийн албаны зөвлөлд тасралтгүй 11 удаа гомдол гаргасан гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол, 14.2-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар зааж, 14.6-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно гэжээ.

Дээрх хуулийн заалтуудыг тухайн тохиолдолд хамаатуулан үзвэл нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нэг удаа хийлгэх бөгөөд, тухайн гомдлоо гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад олон удаа давтан гаргах боломжгүй буюу гомдол гаргаад түүнийг шийдвэрлэсэн хариуг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотроо шүүхэд хандах, хариу өгөөгүй бол 30 хоног өнгөрсний дараа шүүхэд хандах зохицуулалт гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд тасралтгүй дээд шатны захиргааны байгууллагад хандаж нэг ижил хариуг авч байгааг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ы өдрийн А/*2 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/*2 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.13, 18 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3, 4.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагч Г.Сад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нийслэлийн Татварын газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаар хуралдаанаар Г.Сыг нийслэлийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөг эхний 9 сарын байдлаар дараалан тасалсан, албан тушаалын чиг үүргээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Татварын ерөнхий газар уламжлахаар шийдвэрлэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1086 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт санал хүргүүлжээ.

Мөн Нийслэлийн Татварын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг зөрчлийн үндэслэл бүрийг шалгаж тогтоон, сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлтийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална, 1.4.1-т хариуцлага гарцаагүй байх, 1.4.4-д ил тод байх, 1.4.5-д хууль зүйн үндэслэлтэй байх, 1.6-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоох, өөрт нь бичгээр мэдэгдэх, 2.2-д албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэ байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан тогтооно, 3.3-д сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ, зөрчил гаргасан нөхцөл, үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүйн хэлбэр, албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэн болон түүний үйлдэл, эс үйлдэхүйг хоорондын хамаарал гэж заажээ.

Хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч албан тушаалын тодорхойлолтод заасан албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйг удирдлагаар хангах, хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь мөн нийслэлийн орлогын төлөвлөгөөг 2019 оны эхний 9 сард тасалж, орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, татварын өр барагдуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн нь, удирдлагаас удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэл нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2019 оны эхний 9 сарын орлогын төлөвлөгөөг тасалсан гэдэг үйл баримттай маргадаггүй бөгөөд ажиллах орон тоо дутуу байсан, нийслэлийн орлогын төлөвлөгөө намайг ажил авахад ч тасардаг байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгчийн эрхэлж байгаа татварын орлогын тасгийн даргын албан тушаалын зорилгыг татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, орон нутгийн төсвийн татварын орлогыг төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах, татвар хураах, татварын өр барагдуулах, орлого бүртгэх ажлыг удирдлага арга зүйгээр хангах, хяналт тавихад чиглэгдэнэ гэж тодорхойлж 6 зорилт, 33 чиг үүрэг хэрэгжүүлэхээр заажээ.

Мөн удирдлагаас удаа дараа өгсөн үүрэг даалгавар гэдэгт нийслэлийн Татварын газрын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 03/201, 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 03/229, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03/238, 2019 оны 3 дугаар сарын 19 өдрийн 03/275, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03/318, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03/361, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 03/388, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/3992019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03/690 дугаартай албан бичгээр тус дүүргийн татварын хэлтэст Нийслэлийн төсвийн татварын орлогын төлөвлөгөө тасарсан тул татвар хураалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын чиглэл хүргүүлж байсныг дурдах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгөөр Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 77.7.8-д татварын албаны ажилтныг шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах бүрэн эрхтэй байна.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Татварын улсын ахлах байцаагч Г.Сад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 48.1.1-т заасан сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 48.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан байх ба нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болж, маргаан бүхий захиргааны актын үйлчлэл дууссан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан боловч дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.1.8-д заасныг баримтлан Г.Сын нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Быг албан тушаалд томилох тухай Б/*2 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Х дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.8, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.6-д заасныг баримтлан Г.Сын нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргаснаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/*2 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЧАНЦАЛНЯМ

ШҮҮГЧ  У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ  С.ГАНБАТ