Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0641

 

 

 

 

 

 

 

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.С

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.С

Хариуцагч Б аймгийн М сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Х ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 02 дугаар сарын 10-н болон 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд явагдсан дуудлага худалдаануудыг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2024/0025 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б

Хэргийн индекс: 158/2024/0006/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С нь Б аймгийн М сумын Засаг даргад холбогдуулж “Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 02 дугаар сарын 10-н болон 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд явагдсан дуудлага худалдаануудыг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2024/0025 дугаар шийдвэрээр: 1. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн Б аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/**, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дүгээр захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсгүүдийн “2023 оны 02 дугаар сарын 10-н болон 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж, явуулсан дуудлага худалдаануудыг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2-т тус тус заасныг үндэслэн Д.С-ийн “Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Д.С давж заалдах гомдолдоо:

“...Хууль зүйн үндэслэлийн тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар “Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “Дуудлага худалдааг дараах хэлбэрийн аль нэгээр явуулна”, 5.1.1-д “танхимын” гэж, 5.1.2-т “цахим” гэж зохицуулсан.

...Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.3-д “Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах тохиолдолд холбогдох цахим хуудасны мэдээлэл (дуудлага худалдаа явуулах Газрын биржийн цахим систем бүхий)-ийг зард тусгана” гэж заасныг зөрчиж, Газрын биржийн цахим системд зарыг оруулаагүй болно.

Түүнчлэн, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” 4.1.1-д “мэдээллийн систем” гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг” гэж, мөн 4.1.2-т “мэдээллийн сүлжээ” гэж хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах программ хангамж болон техник хэрэгслийн иж бүрдлийг” гэж тус тус заасны дагуу фэйсбүүк хаягийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэхгүй болно.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хэсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар эзэмшүүлэх шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Мөн дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гээд 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” гэж заасны дагуу дээд шатны Засаг дарга болох Б аймгийн Засаг дарга Н.А-д гомдол хүргүүлсэн байдаг.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Урьдчилан шийдвэрлэх журмаар Б аймгийн М сумын Засаг даргад 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Газрыг хууль журмын дагуу дуудлага худалдаагаар эзэмших эрх авсан эсэхэд хариу авах” агуулга бүхий гомдол гаргасан.

Улмаар “Х” ХХК нь М сумын Эрхт багийн нутаг Амралтын эхэнд өөрийн эзэмшлийн 10 га газар дээр нэмж 15 га газар авах хүсэлтээ Засаг даргад уламжилсан. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотголоор тусгасан, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд уг компанийн удирдлагууд оролцож үйл ажиллагаагаа танилцуулсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан нэмэлт өөрчлөлт, тодотголыг ИТХ-ын төлөөлөгчдөөр батлуулсан. Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 5-ын 5.1.1 дэх заалтын дагуу сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/** тоот Газар эзэмших дуудлага худалдаа явуулах тухай захирамж гарч, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагт Засаг даргын Тамгын газрын 2 давхрын 2-11 тоотод танхимын хэлбэрээр зохион байгуулсан. Мэдээллийг Засаг даргын Тамгын газрын мэдээллийн самбарт байршуулсан болно” гэх хариуг ирүүлсэн байдаг.

Дээрх мэдээллийг мэдсэн дариудаа буюу 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “М суманд хууль бусаар эзэмшсэн 25 га газрыг хэрхэн яаж, ямар журмаар эзэмшүүлснийг шалгаж өгч тусална уу” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан.

Ийнхүү 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01-*** дүгээр “Дуудлага худалдааны талаар” гэх албан бичгээр “Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 5, 7 дугаар зүйлд дуудлага худалдааг явуулах хэлбэр, дараалал, зарлан мэдээлэх талаар заасан. Үүнд: 5.1.1, 5.1.2-д дуудлага худалдааг танхим болон цахим хэлбэрээр явуулах, 5.2.2 дуудлага худалдааг зарлан мэдээлэх 7.1-д олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, 7.1.2-д аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар, 7.1.3-д “Газрын биржийн цахим системээр зарлана гэж тус тус заасан байна. Тухайн сум дуудлага худалдааг танхимын хэлбэрийг сонгон 7.1.2 заалтын дагуу орон нутгийн цахим хуудсаар зарлан зохион байгуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхгүй болно” гэх хариуг ирүүлсэн.

Дээрх мэдээллүүд нь хангалтгүй, ямар захирамжийн дагуу хэрхэн олгогдсон талаар мэдээлэл хангалтгүй ирүүлсэн тул 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газарт “25 га газрын эзэмшсэн үйл явц нь хуулийн хүрээнд  явагдсан эсэхийг шалгаж өгч тусална уу” гэх агуулгаар гомдол гаргасан.

Иймд тус газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/**** дугаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр “Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.1-д заасны дагуу дуудлага худалдааны зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар болон Газрын биржийн цахим системээр нийтэд мэдээлэхээр заасан. М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар захирамжаар “Х” ХХК-д амралтын зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлсэн дуудлага худалдааг зохион байгуулахдаа Газрын биржийн цахим систем болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл (өдөр тутмын сонин, сэтгүүл, радио, телевиз)-ээр нийтэд мэдээлээгүй байх бөгөөд энэ нь дээрх журмын 2.1-т заасан нээлттэй, ил тод байх, тэгш, шударга оролцоог хангасан байх зарчмыг хангаагүй байна” гэх хариуг ирүүлсний дагуу миний бие хууль журмыг мөрдөлгүй, дуудлага худалдааг зохион байгуулсан талаар олж мэдсэн.

Дээрх албан бичгийн хариуг авсан даруйдаа 7 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б аймгийн Засаг дарга Н.А-д “25 га газрыг Х ХХК нь хууль бусаар авсан” тухай гомдол гаргасан. Гэтэл Б аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/**** дүгээр албан Б аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичгийг ирүүлсэн байх бөгөөд тус албан бичигт гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой талаар дурдсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч миний бие 30 хоногийн дотор буюу Б аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргасан болно.

Харин “Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй болно.

Иймд Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2024/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          2. Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар “...Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, төлөвлөлтийн ******* нэгж талбарын дугаартай Эрхт багийн нутаг амралтын эхэнд, амралтын газрын зориулалттай 100000 м.кв /10 га/ газрыг дуудлага худалдааны ялагчаар тодорсон “Х” ХХК /******/-д 15 жилийн хугацаатайгаар”,

          2.1 Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар “...Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд тусгагдсан, төлөвлөлтийн ***** нэгж талбарын дугаартай Эрхт багийн нутаг болох амралтын эхэнд, амралт аялал жуулчлалын газрын зориулалттай ***** м.кв газрыг дуудлага худалдааны ялагчаар тодорсон “Х” ХХК /******/-д 15 жилийн хугацаатайгаар” тус тус эзэмшүүлжээ.

   3. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.1-д “танхимын”, 5.1.2-т “цахим” гэж зохицуулсан байхад газрын биржийн цахим системд зарыг оруулаагүй, хууль журмыг мөрдөлгүй, дуудлага худалдааг зохион байгуулсан, мөн фэйсбүүк хаягийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэхгүй” гэж маргасан.

   4.  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/** дугаар “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн хавсралтаар “...Эрхт багийн Амралтын эхэнд ****** дугаар нэгж талбар, ***** м.кв...” газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагт, мөн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/** дүгээр “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн хавсралтаар “...Эрхт багийн Амралтын эхэнд аялал жуулчлалын баазын зориулалтаар ****** нэгж талбарын дугаартай ****** м.кв...” газар эзэмших нээлттэй дуудлага худалдааг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 13:00 цагт тус тус Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зарлаж, зарыг Б аймгийн М сумын Засаг даргын Тамгын газрын фэйсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулжээ.

5. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Дуудлага худалдааны тэмдэглэл”-ээр “Х” ХХК нь 90.000.000 төгрөгийн үнийн санал гаргаж ялагч болж тус өдрийн ** дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулсан тухай тэмдэглэл”-ээр “Х” ХХК нь 140.000.000 төгрөгийн үнийн санал гаргаж ялагч болж тус өдрийн 16 дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г тус тус байгуулсан байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасан.

7. Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг түүний гаргасан өргөдөл, гомдлуудад өгсөн хамгийн сүүлийн хариу болох Б аймгийн Засаг даргын 01/** дугаартай албан бичгийг гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйд нийцэхээр байх ба уг хугацаа 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байна... 2023 оны 02 дугаар сарын 10 болон 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд явагдсан дуудлага худалдаануудыг хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах нэхэмжлэлээ 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж үндэслэлтэй дүгнэжээ.

8. Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.

10. Нэхэмжлэгчээс Б аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж маргах боловч уг шийдвэрийг хэн ч харсан илэрхий алдаатай буюу захиргааны байгууллага бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь илт тодорхой, ноцтой алдаатай гэж буюу ямар шалтгаан үндэслэлээр хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа талаарх үндэслэлийг тодорхойлж маргаагүй байна.

11. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 2023 оны А/**, А/*** дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь дуудлага худалдааны ялагчаар тодорсон гуравдагч этгээд “Х” ХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Б аймгийн М сумын Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бусд тооцох үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар зөв дүгнэсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 158/ШШ2024/0025 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2” гэсний дараа “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1” гэж нэмж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

                        ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА