Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0402

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0402

Улаанбаатар хот

 

 

 

Иргэн Н.*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Наранцэцэг, нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.*******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан журмын дагуу бие даан нэр дэвшиж бүртгүүлэхээр материалаа Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд өгсөн юм. Гэтэл тус Сонгуулийн хорооноос 2016 оны 05 дугаар сарын 19-ний 08 тоот тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан байна. Аймгийн Сонгуулийн хорооны тогтоолд намайг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 “а” дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлийг тавьж нэр бүртгэхээс татгалзсан байна.

Сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа хуурамчаар аливаа нэг гарын үсгийг зуруулаагүй, гарын үсэг зурсан гэх хүмүүс бүгд өөрийн хүсэл зоригийн илэрхийллийнхээ дагуу гарын үсэг зурсан байхад ор үндэслэлгүй мэдээллээр, үндэслэлгүй тогтоол гаргаж, бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй юм. Э.Батбаяр нь “...манай суманд хоёр Н.******* байдаг. Хоёулаа Засаг даргаар ажиллаж байсан учир нь Бэгзийн *******г дэмжиж гарын үсгээ зурсан юм уу гэж асууж байна гэж бодоод гарын үсгээ зураагүй” гэж Сонгуулийн хорооноос асуухад нь хэлсэн гэдгээ гэрчээр асуусан мэдүүлэгт тодорхой хэлсэн байгаа.

Сонгуулийн хороо нь Э.Батбаярын гарыг үсгийг хуурамч гэж үзэж байгаа бол дэмжигч сонгогчдын бүртгэлд 258 хүний дэмжсэн гарын үсэг цугларсан байгаа ба Сонгуулийн тухай хууль 201-ээс доошгүй гарын үсгийг зуруулсан байхыг шаардсан байх учир хангалттай гарын үсэг цугларсан бүртгэл байгаа. Нэг хүний зураагүй гэж хэлснээс болж бусад хүний хүсэл зоригийг хүлээн авахгүй байх боломжгүй юм.

Иймд аймгийн Сонгуулийн хорооны хууль бус 08 тоот тогтоолын Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч Нямаагийн *******гийн Сонгуулийн хороонд ирүүлсэн Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт дээрх сонгогчдын гарын үсэг зөв эсэхийг нягтлах ажлыг хуулийн 157.8-д заасны түүвэрлэн тулгах замаар гүйцэтгэсэн ба маягтан дээрх нэг хүний гараар нэг хуудсан дээр нэр доор бичигдсэн Жигжидсүрэнгийн Золбоо, Энхбаатарын*******, Бууцагааны Бол нарын утас руу залгаж ярихад “...Ж.Золбоо нь маягтан дээр гарын үсэг зурсан” гэж хариу өгсөн. Б.Болдын утас холбогдох боломжгүй байсан. Энхбаатарын*******ын утас руу утасдан “...нэр дэвшигч *******гийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг зуруулах хуудсан дээр гарын үсэг зурсан уу” гэж асуухад “...би тийм маягт дээр гарын гарын үсэг зураагүй” гэж хариулсан. Бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцсэн аймгийн Сонгуулийн хорооны хурал дээр *******гийн асуудлыг хэлэлцэх үед нарийн бичгийн дарга Энхбатын утаснаас Э.Батбаярын 99829345 дугаар руу дахин утасдан “...нэр дэвшигч Нямаагийн *******г дэмжиж, сонгогчдын гарын үсэг зуруулах маягт дээр гарын үсэг зурсан уу” гэж асуухад “...би гарын үсэг зураагүй” гэж хариу өгснийг гишүүд сонссон. Тэгээд Сонгуулийн хорооны гишүүд нэг хүний гарын үсэг хуурамч байх нь тогтоогдвол зөрчил гэж үзнэ гэсэн учир 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Нямаагийн *******г Сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж үзэн бүртгэхээс татгалзан шийдвэрлэсэн.” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаар  шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 156 дугаар зүйлийн 156.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолын Н.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Н.*******г 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг Аймгийн Сонгуулийн Хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.    Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож хэрэгсэн.

Шүүх “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан дүгнэлт болжээ.

Учир нь “сонгогдох” эрх нь цаг ямагт бусад этгээдээс хамааралтай байдаг эрх бөгөөд “Абсолют” буюу “туйлын, хязгааргүй эрх” биш юм.

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч холбогдох баримтыг 1. Хуулийн хугацаанд, 2. Үнэн зөв, 3. Бүрэн гүйцэд бүрдүүлэн өгөх үүрэгтэй. Хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд л нэр дэвшигчээр бүртгэгдэж “сонгогдох эрх”-ээ эдлэх боломжтой.

Гэтэл Н.******* нь “Үнэн зөв” баримтыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй болох нь хангалттай тогтоогдсон. Шүүх ч энэ байдлыг үгүйсгэж чадаагүй. Ингэснээрээ шүүх Сонгуулийн тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн.

Мөн анхан шатны шүүх “зөрчилтэй гарын үсгийг хасч тооцоход 257 нэр дэвшигч үлдэж байгаа нь хуулийн шаардлага хангасан” мэт агуулгатай ерөнхий дүгнэлт хийсэн.

Сонгуулийн хуулийн үзэл баримтлал бол “шударга өрсөлдөөн”-ийг хангах, сонгогдох эрхээс гадны нийт ард түмний сонгох эрхийг хамгаалж байгаа болохыг ойлгохыг хүссэнгүй. Хуульд хуурамч, өөр этгээдийн зурсан гарын үсгийг хасаж тооцох зохицуулалт огт байхгүй, харин ямар нэг байдлаар хуурамч нотлох баримт байвал нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, бүртгэхээс татгалзах зохицуулалттай. Энэхүү зохицуулалтыг бататган нэр дэвшигчийг шууд бүртгэх бус харин баримт бичгийг нягтлан шалгахыг Сонгуулийн хороонд хариуцуулсан байгаа болно.

Энэхүү үүргийнхээ дагуу нягтлан шалгаад зөрчил илрүүлээд зохих шийдвэрийг гаргасан байхад хуульд байхгүй зохицуулалт хэрэглэж аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож байгааг эс зөвшөөрч байна.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Мөнхцэцэг миний бие биечлэн оролцох тул товыг мэдэгдэхийг хүсье” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 20 дугаар тойрогт Нямаагийн ******* нь бие даан нэр дэвшиж, холбогдох материалыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн, аймгийн Сонгуулийн хороо хуралдаад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоол гаргаж түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а  дэх заалтын “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж заасныг үндэслэжээ.

Анхан шатны шүүх бие даан нэр дэвшигч Н.*******гийн нийт цуглуулсан 258 сонгогчийн гарын үсгээс 1 гарын үсгийг хасаж тооцож, үлдэх 257 нь хуульд заасан “201” сонгогчийн гарын үсэг хүрсэн /хуульд заасан хэмжээнд хүрсэн/ гэсэн шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...хуульд хуурамч, өөр этгээдийн зурсан гарын үсгийг хасаж тооцох зохицуулалт огт байхгүй, харин ямар нэг байдлаар хуурамч нотлох баримт байвал нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, бүртгэхээс татгалзах зохицуулалттай” гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдсан дээрх үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгээгүй болно. Хэдийгээр Сонгуулийн тухай хуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвшигчийн тухайд хуулийн шаардлага хангаагүй гарын үсгийг хасаж тооцох зохицуулалт байхгүй боловч Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн талаар зохицуулсан 129 дүгээр зүйлийн 129.3-т “...сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг төсөөтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Учир нь болсон үйл баримтыг авч үзэхэд Энхбаатарын******* нь /шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ/ Н.******* дэмжиж гарын үсэг зурах хүсэлт эрмэлзэлтэй байсан боловч “засвар хийгээд гар нь тостой байсан учир эрхлэгчийг та өөрөө зурчих” хэмээн зөвшөөрөл өгсөн, энэ үед тэрээр тухайн цаг хугацаанд, тухайн газарт бодитойгоор байжээ. Талууд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооны нягтлан шалгасан үйл баримттай маргаагүй, илрүүлсэн гэх 1 гарын үсгийн талаар ч маргаагүй боловч тухайн зөрчлийг үндэслэн “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” үндэслэл байсан эсэх, аймгийн Сонгуулийн хорооны гаргасан 08 дугаар тогтоол нь хуульд нийцэж буй эсэх  талаар маргаж байна.

Нөгөө талаар Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн  157.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж ...болно”  гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо нягтлан шалгаж, зөрчлийг илрүүлсэн нь зөв зүйтэй боловч тус суманд Засаг даргаар ажиллаж байсан Б.*******, Н.******* гэсэн ижил нэртэй 2 этгээдийн талаар нарийн тодруулж асуугаагүй, Э.Батбаяр өөрөөс нь Б.*******гийн талаар асуулаа гэж ойлгосон байна.

Иймд тухайн нэг сонгогчийн гарын үсгийн зөрүүтэй байдал нь “бие даан нэр дэвшигчээс үл хамаарах” шалтгаан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Э.Батбаярын гарын үсгийн зөрүүтэй байдлыг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлд хамруулахаас илүүтэйгээр харин тухайн гарын үсгийг хасаж тооцон нэр дэвшигчид сонгуульд бие даан нэр дэвших эрхийг хангаж ажиллах нь Сонгуулийн тухай хуулийн үндсэн зарчимд нийцэхээр байжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутад эхлээд мөн сарын 09-ны өдрийн 14 цаг 40 минутад дууссан мэтээр хөтлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл 22 цаг 40 минутын турш үргэлжилсэн мэтээр хуралдааны тэмдэглэлийг хөтөлжээ. Шүүх бүрэлдэхүүн дээрх зөрчлийг техникийн чанартай алдаа болсон байна гэж үзэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч хойшид энэ мэт зөрчил гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар “нотлох баримтуудыг нэг бүрчлэн танилцуулсан, талуудад тусгайлан шинжлэн судлуулах баримт байгаагүй” болох нь тогтоогдож байна. Иймд хэргийн онцлог байдал, сонгууль болох хугацаа зэргийг харгалзан “нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй” үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхисугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР