| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03142/И |
| Дугаар | 0530 |
| Огноо | 2019-03-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 0530
2019 оны 3 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2019/00530 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я.Х холбогдох,
Гэрээний үүрэгт 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Х нь Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 5,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 500,000 төгрөг төлж, үүнээс хойш сар бүр 434.000 төгрөгөөр 12 сарын дотор бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөхөөр тохиролцож, 2014 оны 2 сарын 18-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулан, биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Гэвч хариуцагч нь 2015.01.30-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Хариуцагчтай уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд нэмэлт хугацаа өгөөч гэсний дагуу боломж олгосон. Иймд төлбөрөө төлж дуусгаагүй тул гэрээний 6.2-ын дагуу алданги 400.000 төгрөгийн хамт 2,0 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчтай тохиролцсон тул алдангиас татгалзаж, 1,600,000 төгрөгийг гаргуулж өгнө өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ үнийг нь бүрэн төлсөн. Харин нэхэмжлэгч компанийн захиралтай уулзаж төлсөн баримтаа шалгуулж үнэн мөнийг олохыг хүсч байна. Би 1000 ам доллараар орж ирдэг АНУ-ын бүтээгдэхүүнийг хамгийн өндөр өртгөөр төлсөн гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Т” ХХК нь Я.Хд холбогдуулан гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, энэ өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд алдангид 400,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзлаа.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж, хариуцагч нь төлбөрийг төлсөн гэж маргаж байна.
“Т” ХХК нь Я.Хд Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг төлж, биет байдлын болон эрхийн доголдолгүй төхөөрөмжийг хүлээн авч 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч үнийг төлөхөөс өмнө худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөх үүргийг хүлээхээр заасан болон талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1-д заасан тохиролцооноос дүгнэхэд тэдгээрийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Гэрээгээр Я.Х нь төхөөрөмжийн төлбөрт 5,700,000 төгрөгийг төлөхөөр тохиролцон, урьдчилгаа төлбөрт 500,000 төгрөг төлсөн, үлдэх 5,200,000 төгрөгийг сар бүр 434,000 төгрөгөөр 12 сарын хугацаанд буюу 2015 оны 02 сарын 18-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 4,100,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч хэдийгээр төлбөрийг төлсөн гэж тайлбарлах ч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас гэрээний үүрэг 1,600,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 46,260 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 40,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагчид шүүх энэ өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасан журмын дагуу т мэдэгдсэн боловч тохиролцсон үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч ямар нөхцлөөр тохиролцсон талаар баримтгүйгээс хүсэлтийг хангаагүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Х гэрээний үүрэгт 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан, “Т” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,260 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 40,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ