Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/453

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

-улсын яллагчаар Г.Ариунзул,

-хохирогч М.О

-шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн 2234005870432 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа барилгын туслах хийдэг, ам бүл 6, төрсөн эх, эгч, 3 дүүгийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал 1 дүгээр баг, Агьтын 9-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь “2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Төв аймаг Батсүмбэр сум, Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэг” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч М.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Б нь мэдүүлэхдээ: “Дэлгүүрийн гадна М.О ахтай муудалцаж нүүрэн тус газар цохисон. Харамсаж байна” гэв.

Хохирогч М.О нь мэдүүлэхдээ: “Гэг дэлгүүрийн үүдэнд сууж байсан. Миний хамт ажилладаг залуу Х.Бтэй барилцаад авсан. Би хөөе боль гэтэл чи хаанаас ирсэн ханахын хулгайч, юу хуцаад байна гэж хэлээд цохисон. Эрүү сонин болчихлоо гэж хэлсэн Х.Б зугтсан. Батсүмбэр суманд хувийн машинаараа хэд хэдэн удаа очсон. Төв аймагт ирээд Х.Бтэй уулзсан. Эм тариа хагалгаанд орсон мөнгө 2.123.650 төгрөгийг гаргаж өгсөн. Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг эхнэр ажил хийдэггүй би хөдөлмөрийн чадвараа алдчихсан байдалтай байна” гэв.

            Шүүгдэгч Х.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Х.Б нь “2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Төв аймаг Батсүмбэр сум, Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэг” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч М.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
  • Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7 тал/,
  • Хохирогч М.Оийн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
  • Шүүгдэгч Х.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
  • Гэрч Г.Бямбацэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
  • Гэрч Д.Чулуунборын мэдүүлэг /хх-ийн 21тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11191 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-27 тал/,
  • Шүүгдэгч Х.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 67 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 206 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 77 тал/ 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Х.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Х.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

Хохирогч М.О нь мөрдөн байцаалтын шатанд 2.123.650 хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Х.Б нь сайн дураараа 2.123.650 төгрөгийн хохирол төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна. Харин хохирогч М.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж,

Эрүүгийн 2234005870432 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Бг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Эрүүгийн 2234005870432 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь хохирогч М.Од 2.123.650 төгрөг төлсөнг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА