Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Ц.Батзаяа,

хохирогч О.У,

шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Н-д холбогдох 2216002040187 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, У овогт Ц-н Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Н-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Мөст-Алтай караоке дотор 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.У-н зүүн нүд болон хамар хэсэгт нэг удаа гараараа цохиж биед нь 2 нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүгдэгч Ц.Н нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Мөст-Алтай караоке дотор 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.У-н зүүн нүд болон хамар хэсэгт нэг удаа гараараа цохиж биед нь 2 нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч О.У-н шүүх хуралдаанд өгсөн “...Ц.Н ах согтуу орж ирээд өрөө байна уу? гээд нэг өрөө авах шиг болсон. Намайг гал тогоонд байхад хоорондоо маргалдаад байхаар нь би гарч ирсэн. Караокед байгаа согтуу хүмүүсээ зохицуул гэхээр нь гартал эхнэрээ цохихоор нь ах аа ингэж болохгүй гэж хэлээд цохиулсан. Тэгээд цагдаа ирж аваад явсан... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч О.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд би ажил дээрээ буюу Мөст Алтай караокед ажлаа хийж байсан. Тэгсэн чинь хамт ажилладаг М-г нэг согтуу ах хэл амаар доромжлоод ажлын газрын эгчийг баруун шанаа хэсэг рүү алгадаж, цохисон. Тэгэхээр нь би тэр хүнд хандаад “...та ингэж болохгүй...” гэж хэлэхэд тэр согтуу эрэгтэй хүн эргэж хараад миний зүүн нүд болон хамрын хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудчихаад байж байсан... Намайг Ц.Н цохих үед Ц.Н-н эхнэр М, Э нар байсан... Ц.Н нь гараараа миний зүүн нүд болон хамар хэсгийг дамнуулан нэг удаа цохисон. Харин миний зүүн нүд хөхөрсөн, хамар хөндүүр өвчтэй байсан. Тэгээд би шүүхийн шинжилгээний албанд үзүүлсэн... Одоо надад ямар нэгэн зовуурь гэх зүйл байхгүй...Надад энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/

3. Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчимд байх би цэцэрлэгээс хүүхдээ гэртээ хүргэж өгчхөөд буцаад ажил дээр ирэхэд манай нөхөр Н нь архи уучихсан байсан ба баармен хүүхэнтэй маргалдсан байсан ба текний хажуу талд хоёр залуу байж байгаад манай нөхрийг боль гэж хэлсэн юм шиг байсан. Намайг ирэхэд манай нөхөр, У, Э нар байсан ба өөр хүн байгаагүй. Манай нөхөр текний тэнд Э-тэй маргалдаад байхаар нь би яваад очсон юм. Тэгсэн чинь миний толгой руу нэг удаа цохиод авсан. Тэр үед У бид хоёрын дундуур орж ирээд салгасан...Манай нөхөр У-н нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд цагдаа орж ирээд манай нөхрийг аваад явсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дугаар тал/

4. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 297 дугаартай “...1. О.У-н биед 2 нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь зөрчил гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой болно...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 17 дугаар тал/

5. Шүүгдэгч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 12-ны орой цагийг сайн санахгүй байна 18-19 цогийн хооронд байх эхнэр Марал-Эрдэнийн ажилладаг Мөст-Алтай караокед очсон юм. Би тухай үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, миний ухаан орж гараад байсан. Тэгээд текэн дээр зогсож байсан хүүхнээс өрөө байна уу гэж асууж байсан. Би тэгээд нэг өрөөнд орж тэр хүүхэнтэй маргалдаж байснаа санаж байгаа бөгөөд нэг ухаан ороход эрүүлжүүлэхэд байж байсан юм... Би О.У-г нэг удаа цохиж байснаа санаж байна. Харин эхнэрээ бол цохиогүй, мөн согтуу байсан учраас сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Н-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дугаар тал/, хохирогч О.У-н “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүгдэгч Ц.Н-н Хаан банк, Төрийн банк дахь харилцах болон хадгаламжийн дансны сүүлийн 3 сарын лавлагаа /хавтаст хэргийн 73, 75-79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Н-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хоригдох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл  хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд оршин суудаг  тул түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  У овогт Ц-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 1(нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 1(нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1(нэг) хоногийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Н-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА