Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0533

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 3 сарын 05 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00533                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,000,000 /дөчин гурван сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.У нь 2015 оны 11 сарын 16-ны өдөр миний төрсөн ах Б.Б зээлийн гэрээ байгуулж, 43,000,000 төгрөгийг 2 сар 20 хоногийн хугацаатай зээлдэн авч нотариатаар гэрээг баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад У.У нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөө маргаашгүй төлнө гэсээр яваад ах урт хугацаагаар АНУ руу явах болсон тул надад 2016 оны 12 сарын 05-нд өөрийгөө бүрэн төлөөлөх итгэмжлэл хийж, зээлийн гэрээтэй холбогдох асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг олгосон. Энэ өдрөөс хойш би нэг бус удаа Ү.Утай утсаар холбогдож, мөнгөө нэхэхээр төлнө гэдэг төлөөгүй. Ингээд 2018 оны 5 сарын 28-ны өдөр түүнтэй мөнгөө хэрхэн төлөх талаар ярилцаж, 2018 оны 6 сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар гэрээний үүргийн баталгаа         хийж,  нотариатаар баталгаажуулсан боловч энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,000,000  төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б нь Ү.Ут холбогдуулан зээлийн гэрээний дагуу 43,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг тайлбарын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 43,000,000 төгрөгийг 2 сар 20 хоногийн хугацаатайгаар зээлдүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар батлуулжээ.

 

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул шаардах эрхтэй ба хариуцагч нь зээлийг тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул хариуцагч Ү.Уаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Бум-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 372,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 372,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн 98220033 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт   заасныг баримтлан Ү.У зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,000,000 /дөчин гурван сая/ төгрөг гаргуулан, Б.Бд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 372,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 372,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ