Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 98

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Ш овгийн Д-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: х сургуульд холбогдох,

     Ажилгүй байсан хугацааны цалин 4.966.675 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие х сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаад хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар Захиргааны хэргийн анхан хэргийн анхан шатны шүүхэд хандаж, МХГ-ын боловсролын асуудал хариуцсан улсын байцаагч Р.Б-ын гаргасан дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 35 тоот шийдвэрээр хүчингүй болгосон ба улмаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 16 тоот шийдвэрээр ахлах 3 дугаар сургуулийн захирал Н.Н-ийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилдаа эгүүлэн тогтоогдсон. х сургуулийн захирал Н.Н-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 тушаалаар сургуулийн сургалтын менежерийн ажилдаа орсон болно. Иймд миний 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4.966.675 төгрөг нөхөн олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Миний үндсэн цалин 712.123 төгрөг, ур чадвар 15%, тэргүүлэх зэрэг 15%, засгийн газрын тогтоолоор 10%, нийт 40 хувийн нэмэгдэл авдаг. Ур чадварын нэмэгдэл 15 хувь хасч тооцох нь үндэслэлгүй” гэжээ.

   Хариуцагч Х сургуулийн захирал Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагчийн төлөөлөгч Увс аймгийн х сургуулийн захирал миний бие нэхэмжлэгч Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбар гаргаж байна. Т-г 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн чөлөөлснийг Увс аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 35 тоот шийдвэрээр хүчингүй болгосон тул миний тушаал хүчингүй болж Т-г ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсны дагуу менежерийн ажилд нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр томилсон болно. Мөн Т нь ажилгүй байсан хугацааны цалингаа /2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэж/ нэхэмжилсэн байна. Т-д 2018 оны 6 дугаар сарын цалинг бүрэн олгож 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 30 хоногоор амралт олгосон. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу 1 сарын тэтгэмж олгосон тул 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цалин нэхэмжлэх ёстой. Ажиллаагүй үеийн цалингийн дунджид ур чадварын нэмэгдлийн 15%-ийг хасаж тооцуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Т нь нь хариуцагч Х сургуульд холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин 4.966.675 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 16 тоот шийдвэрээр Т-г Увс аймгийн Х сургуулийн сургалтын менежерийн ажил эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

    Увс аймгийн х сургуулийн захирлын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Т-г 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс тус сургуулийн сургалтын менежерээр томилжээ.

      Хариуцагч нь “Т нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цалин нэхэмжлэх ёстой. Ажиллаагүй үеийн цалингийн дунджид ур чадварын нэмэгдлийн 15%-ийг хасч тооцуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

     Нэхэмжлэгч Т-ийн нийгмийн даатгалын дэвтэр, шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос харахад ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2018 оны 4 дүгээр сард 1.173.530 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 1.046.524 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 1.345.241 төгрөг ба үнийн дүнгээс нэг сарын дундаж цалинг тооцоход 1.188.431 төгрөг байна.

      2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийт 5.618.028 төгрөг байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4.966.675 төгрөгийг Увс аймгийн х сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Т-д олгох нь үндэслэлтэй гэж үзэв.

      Мөн нэхэмжлэгч Т нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Т-ийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн х сургуульд даалгаж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 94.417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн х сургуулиас 94.417 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгох нь зүйтэй. 

     Хариуцагч Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Т болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4.966.675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгосугай.

      2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Т-ийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн х сургуульд даалгасугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд нэхэмжлэгч Т-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 94.417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн х сургуулиас 94.417 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР