Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 100

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Х овогт Г-ын Э-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: З төвд холбогдох, 

    Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч З төвийн дарга Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Э миний бие нь тус аймгийн З төвд х мэргэжилтнээр 2012-2018 оны 4 сар хүртэл ажилласан. 2018 оны 4 дүгээр сараас тус төвийн х албаны даргаар томилогдон ажилласан. Манай албаны биологич, шимэгч судлагч нарыг ТҮ буюу төрийн үйлчилгээний шатлалаар цалинжуулах шийдвэрийг тус төвийн дарга А гаргасан ба миний бие албаны даргын хувиар энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа бичгээр гаргаж, хэрэв ТҮ шатлалаар цалинжуулбал би өөрөө чөлөөлөгдөх болно гэсэн утга бүхий өргөдөлийг гаргасан. Гэтэл миний өргөдлийг төвийн дарга хүлээн авч 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа хуульд заасан үндэслэлгүйгээр, мөн тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд байхгүй заалтыг үндэслэн чөлөөлсөн. Төвийн дарга А нь намайг чөлөөлөх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг ажил олгогч санаачилсан гэж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд 11 дүгээр зүйлийн 11.1.8 дугаар зүйл байхгүй байхад энэхүү заалтыг үндэслэж тушаал гаргасан. Тушаал гаргасныхаа дараа энэхүү заалт байхгүй гэдгийг мэдэж нэмж тусгасан байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэлийг хэлэлцэж Увс аймгийн З төвийн х ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Увс аймгийн З төвийн дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тус байгууллагын даргаар 2018 онд ажиллаж эхлээд Э-г залуу хүн гэж дэмжээд хамтран ажиллахаар албаны даргаар томилон ажиллуулж байсан ч ажиллаж байх хугацаандаа шаардлага тавихад “доод албан тушаалтнууд шаардлага биелүүлэхгүй байна би тэгээд яах юм бэ” гээд үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын 262, 263 дугаар “цалингийн ангилал, зэрэглэл тогтоох тухай” тогтоол гарсан. Эрүүл мэндийн байгууллагын системд биологич нь ТҮ-ийн 6 дугаар шатлалаар цалинжих ёстой, манай байгууллагын 4 биологич төрийн үйлчилгээний эрүүл мэндийн ажилтан буюу их эмчийн цалингийн шатлалаар цалинждаг байсан. Гэтэл манай нягтлан цалингийн сан хүрэлцэхгүй байна, цалингийн сүлжээг нь өөрчлөх шаардлагатай гэсэн. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтнуудын орон тоог Эрүүл мэндийн газрын даргаар батлуулдаг, ингэхдээ ажилтнууддаа төрийн үйлчилгээний ажилтнаар цалинжих юм байна манай бусад салбаруудын биологичид ТҮ-ээр цалинждаг гэдгийг сануулж байсан. Э-ийн албаны 4 ажилтны цалинг ТҮ-ээр бодохоор болсон. Аудитын хүмүүсээс асуухад албан тушаалаараа цалингийн шатлалыг тогтоохоос биш биологичоор ажиллаж байгаа хүнийг их эмчийн албан тушаалтай адилтгах боломжгүй гэж хэлсэн. Э нь өргөдөл гаргахдаа ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул би ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт болон байгууллагын дотоод журмын 11.1.8-д заасан заалтын баримталж ажлаас чөлөөлсөн. Миний гаргасан тушаал үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Э нь хариуцагч Увс аймгийн З төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хариуцагч нь “Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

     Нэхэмжлэгч Э нь Увс аймгийн З төвд ажиллаж байгаад Увс аймгийн З төвийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот “Э-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасныг тус тус үндэслэн “өөрийн өргөдөл, хүсэлт”-ийг нь үндэслэн ажлаасаа чөлөөлөгджээ.

     Нэхэмжлэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт бүхий өргөдлийг гаргажээ.

    Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.8-д “Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцална” гэж заажээ.

   Гэтэл Э-г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй байна.

  Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийг Увс аймгийн З төвийн х албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн З төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э-г Увс аймгийн З төвийн х албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн З төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                                                               

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.БОЛОР