Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2019/00209

Төв аймаг

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Н.Б “““

            Хариуцагч: М.А

            Хариуцагч: Г.М

            Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 110 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““, хариуцагч М.”““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““, хариуцагч Г.”““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би М.”““тай 2015 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээгээр М.”““ нь миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029586 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамж, 32 дугаар байр, 94 тоот хаягт орших, 49,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 110 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болно. Би гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өмчлөх эрхээ шилжүүлэн өгч, гэрээнд заасан 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор орон сууцаа М.”““д бүрэн хүлээлгэн өгсөн болно. Гэтэл хариуцагч М.”““ нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргээ өдийг хүртэл биелүүлээгүй, түүнд төлбөр тэлөхийг удаа дараа шаардсан боловч ямар нэг үр дүн гаргахгүй, намайг хохироосоор байна. Иймд хариуцагч М.”““гаас дээрх гэрээний үүрэгт 110 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь иргэний цахим үнэмлэхийн хаягт оршин суудаггүй, нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаг тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Н.”““ болон М.”““ нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.”““гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 6586 дугаартай Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамжны 32 байрны 94 тоот, 49.6м кв 2 өрөө орон сууцыг 110 000 000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан байдаг. Ингээд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу байраа М.”““гийн эзэмшилд шилжүүлсэн, гэтэл хариуцагч М.”““ гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байх тул 110 000 000 төгрөг гаргуулах шаардлагатай байна. Г.”““тай худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулан тохиролцсон зүйл байхгүй. Орон сууцыг М.”““д хүлээлгэн өгсөн тул гэрээний үүргээ М.”““ биелүүлэх ёстой. М.”““ нь Н.”““д орон сууцны үнээ төлөх ёстой гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч М.”““ийн мэдүүлгээр харагдаж байна. Г.”““, М.”““, М.”““ нар нь Н.”““г оролцуулалгүй хэлцэл хийсэн гэдэг нь тогтоогдож байна. Мөн хариуцагчийн гаргаж байгаа хариу тайлбарууд үндэслэлгүй, өнөөдөр  3 га газар 110 000 000 төгрөх хүрэх үү. Энэ хэрэг бол анхнаасаа эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан гэдэг нь ч харагддаг. 3 хүний хоорондын өр авлагын асуудлаас үүдэн өнөөдөр Н.”““ маш их хохирч байна. Г.”““ гэх хүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй учраас түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг М.”““гаас гаргуулан хангаж шийдвэрлэнэ гэж найдаж байна гэв.

            Хариуцагч М.”““ шүүхэд гаргасан тайлбартаа: би Г.”““гаас өр авлагатай байсан. Тухайн үед би гэр бүлээрээ хотод түр оршин суухаар ирж, Г.”““гаас өрөө нэхэхэд надад Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон 32-94 тоотод байрлах 2 өрөө байрыг Н.”““ гэдэг хүнээс шилжүүлэн авах санал тавьсныг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээг байгуулж авсан. Н.”““ гэдэг хүнтэй ямар нэгэн яриа хийгээгүй тэмдэгтийн хураамж, гэрээний төлбөр зэрэг гарах мөнгөн төлбөрийг Н.”““ гэдэг хүн төлсөн. Н.”““, Г.”““ нар ямар яриа хийснийг би мэдэхгүй гэжээ.

            Хариуцагч Г.”““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.”““ нь М.”““д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 110 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд уг иргэний хэрэгтээ Г.”““г хамтран хариуцагчаар татжээ. Г.”““ нь М.”““д өртэй байсан бөгөөд өөрийн өрийг найз М.”““ийн нэр дээр байдаг Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах З га талбай бүхий газраар сольж, орон сууцаар барагдуулсан. Н.”““ нь өөрийн орон сууцыг М.”““ийн газраар сольж, уг орон сууцыг Г.”““ би М.”““ээс авах ёстой өрөндөө тооцон авч, мөн М.”““д төлөх ёстой өрөндөө шилжүүлж өгсөн. Н.”““ нь өөрийн компанийн нэр дээр газрыг шилжүүлж авья гэсний дагуу түүний “Гранд Соурсе" ХХК-д газрыг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М.”““ээс шилжүүлэн өгсөн. Ингээд дээрх өр, авлага барагдуулсан тухай хэлцлийг М.”““ болон М.”““ бид бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Н.”““ нь орон сууцаа М.”““ийн газраар сольж авчихаад 2 жилийн дараа огт үндэслэлгүйгээр орон сууцныхаа үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч М.”““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр талууд харилцан тохиролцохдоо Н.”““гийн 2 өрөө байрны төлбөрт М.”““ нь Төв аймгийн Сэргэлэн сум дахь 3 га газар шилжүүлж өгөхөөр тохирсон. Нэхэмжлэгч Н.”““ газар эзэмших талаар өөрөө хүсэлтээ гаргасны дагуу М.”““ Сэргэлэн сум дахь 3 га газрыг Н.”““д шилжүүлэн өгсөн байдаг. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууц, газраа харилцан тохиролцож шилжүүлснээс хойш 2 жилийн дараа 110 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Газар болон орон сууцаа хэн альныхаа талд шилжүүлснээр 2 талын үүргийн харилцаа дуусгавар болж гэрээний үүрэг хангагдсан гэж ойлгож байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримт судаллаа, харилцан мэтгэлцлээ. Энэ бүгдээс харвал Н.”““ газраа шилжүүлэн авах хүсэлт гаргасан байдаг. Ингээд 3 га газраа өөрийн компанидаа шилжүүлэн авсан байна. Энэ нь гэрээ болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иргэний хуульд зааснаар газар болон орон сууцаа тус тусын өмчлөлд шилжүүлэн өгснөөр хоёр талын үүргийн харилцаа дуусгавар болсон байдаг. Тухайн цаг хугацаандаа шүүхэд гомдол гаргаагүй байж хэрэг явдал болсноос 2 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Г.”““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар Г.”““гаас нэхэмжлэх зүйл байхгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж ойлголоо. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл Г.”““ болон М.”““ нарын хооронд өр авлагын асуудал байсан, мөн Г.”““ нь хариуцагч М.”““тай өр авлагын тооцоотой байсан нь хэрэгт авагдсан хэлцлээр тодорхой байгаа. Н.”““ нь М.”““г газраа өгчих би 2 өрөө байраа өгье гэж өөрөө хүсэлт гаргаад, 2 тал тохироод, худалдах, худалдан авах гэрээ байгуулан гарын үсэг зурцгаасан байдаг. Дээрх 3 га газар нь тухайн үедээ М.”““ийн эзэмшилд байсан. Улмаар М.”““ газраа М.”““д шилжүүлэн өгснөөр М.”““, М.”““, Г.”““ нарын хооронд өр, авлага дууссан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар 2 тал үүргийг өөр эд хөрөнгөөр гүйцэтгэхээр харилцан эзэмшилдээ шилжүүлж талуудын үүрэг дууссан гэж ойлгож байна. Ингээд худалдах, худалдан авах гэрээгээр өр бүрэн төлөгдсөн. Гэтэл хоёр жилийн дараагаар Н.”““ газрынхаа төлбөрийг төлөөгүйгээс газраа хураалгаж, гэрчилгээгээ хүчингүй болгуулсан байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан тал дээр талууд маргахгүй байна. Ингээд М.”““гийн зүгээс газрыг орон сууцны төлбөрт шилжүүлж, нэхэмжлэгч газар эзэмших эрх шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч байна, энэ талаар ч нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдсан байтал шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.”““ нь хариуцагч М.”““, хариуцагч Г.”““ нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг 110 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлгэгт Г.”““д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, М.”““гаас нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.”““, хариуцагч М.”““ нар 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шарав гудамж, 32 байр, 94 тоот хаягт байршилтай 46.9 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 110 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж /1 дүгээр хх-4/, худалдагч /Н.”““/ орон сууцыг худалдан авагчийн /М.”““/ өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнэ 110 000 000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн нь талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл /үл хөдлөх эд хөрөнгө/, үнэ /110 000 000 төгрөг/ тохиролцсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... , худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ. Энэ зүйлд заасан “хөрөнгө” гэдэгт хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийг ойлгох бөгөөд бусдад шилжүүлэх боломжтой, эзэмшигчдээ материаллаг давуу тал үүсгэх шаардлага, эрх мөн адил хамаарна.

2 өрөө орон сууцыг /үл хөдлөх эд хөрөнгө/ 110 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээнд заасан боловч бодит байдал дээр орон сууцны төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгө буюу газраар төлж барагдуулахаар тохиролцсон болох нь  нэхэмжлэгчийн “М.”““гийн хувьд Н.”““д гэрээний үүргийн дагуу газраа шилжүүлэн өгөөгүй ...”, хариуцагчийн “... 2 өрөө байрны төлбөрт ... газар шилжүүлж өгөхөөр тохирсон” гэх /2 дугаар хх-98/ тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагч тал орон сууцны төлбөрт газар эзэмших эрхээ шилжүүлж, үүргээ гүйцэтгэсэн гэдгээ нотолж 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зураг,  000313697 дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ зэрэг бичмэл баримтыг шүүхэд ирүүлжээ. Нотлох баримтаар М.”““, Г.”““, М.”““ нар хоорондоо өр, төлбөртэй байсан, төлбөр төлөх үүргээ М.”““ийн эзэмшлийн газар, М.”““гийн өмчлөлийн орон сууцыг бие биедээ шилжүүлэх замаар төлбөрт тооцож, барагдуулахаар /1 дүгээр хх-167/ тохиролцжээ. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу М.”““ өөрийн эзэмшлийн 3 га газрыг “Гранд соурсе” ХХК-ийн захирал Н.”““д эзэмшүүлэхээр /1 дүгээр хх-164/ эрхээ шилжүүлж, тухайн газрын эзэмшигчээр “Гранд соурсе” ХХК /1 дүгээр хх-166/ бүртгэгдсэн байна. “Гранд соурсе” ХХК-ийн захирал Н.”““ болох нь газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /1 дүгээр хх-162-164/, нэхэмжлэгчийн тайлбар /2 дугаар хх-99/-аар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ “... орон сууцыг 110 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон” /1 дүгээр хх-1/, шүүхийн хэлэлцүүлэгт “М.”““гийн хувьд Н.”““д гэрээний үүргийн дагуу газраа шилжүүлэн өгөөгүй ...” /2 дугаар хх-98/ гэж зөрүүтэй тайлбарладаг бөгөөд хариуцагч талын орон сууцны төлбөрийг газар эзэмшүүлэх эрх шилжүүлж барагдуулсан гэх тайлбарыг үгүйсгэсэн үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаагүй болно.

2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 4-т “Уг орон сууцыг худалдагч тал худалдан авагч талд 110.000.000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2015 оны 04 сарын 30 өдөр төлж дуусгасан тул өмчлөх эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно.” /1 дүгээр хх-4/ гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.”““ орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн, хариуцагч М.”““ орон сууцны төлбөрийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус гүйцэтгэж, Н.”““гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө /1 дүгээр хх-5/, М.”““гийн өмчлөлд шилжсэнээр /1 дүгээр хх-23/ гэрээний үүрэг дуусгавар болжээ.

Иймд зохигч нарын тайлбар, гэрч М.”““ийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Н.”““гийн нэхэмжлэлтэй М.”““д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 110 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан худалдах-худалдан авах гэрээ /1 дүгээр хх-4, 22/, 000290752 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх-5, 21/, нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 518 дугаар албан бичиг /1 дүгээр хх-20/, 000419015 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх-23/, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хх-24-25/, итгэмжлэл /1 дүгээр хх-26/, 000524075 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх-27/, орон сууцны ипотекийн зээлийн гэрээ /1 дүгээр хх-28/, итгэмжлэл /1 дүгээр хх-119/, итгэмжлэл /1 дүгээр хх-147/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1 дүгэээр хх-162-163/, Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зураг /1 дүгээр хх-164-165/, 000313697 дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /1 дүгээр хх-166/, гэрээ /1 дүгээр хх-167/, итгэмжлэл /1 дүгээр хх-168/, итгэмжлэл /1 дүгээр хх-225/ зэргийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

1 дүгээр хавтаст хэргийн 53-63, 87-88, 124-127, 169-174, 2 дугаар хавтаст хэргийн 6-37, 49-52, 55-69, 78-79, 87-89, 91-93 тал дахь бичмэл баримтууд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжтай холбоотой баримт, 2 дугаар хавтаст хэргийн 80-82 тал дахь баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Н.”““гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Н.”““гийн нэхэмжлэлтэй М.”““д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 110 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Н.”““ нь Г.”““д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.”““гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШЗ2018/03193 дугаар шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР