| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0424/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/447 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-улсын яллагчаар М.Одгэрэл,
-хохирогч Д.Т,
-шүүгдэгч Д.Б, Б.Ө нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 2234000000444 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Д.Б
Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх шинжтэй буюу шүүгдэгч Б.Өтай бүлэглэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар гудамжны 710 тоотод Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж,
Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх шинжтэй буюу шүүгдэгч Б.Өтай бүлэглэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар гудамжны 710 тоотод Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Ө нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Т нь мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр 04-ний өдрийн үүрээр бид нар нийлж архи уусан. Ууж байгаад караоке орсон. Караокеноос яаж Д.Бийнд очсоноо санахгүй байсан. Нэг мэдсэн чинь шүүгээний урд сууж байсан. Гэтэл Б.Ө ирж намайг цохиод Д.Б нүд руу өшиглөсөн. Тэгээд толгойн дээр тогооны шилэн таг хагалаад, мөн намайг хутгалсан. Тэгээд би гараад бэр эгчийндээ очсон. Бэр эгч эмнэлэг дуудсан. Тухайн үедээ би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Эгчийнд очоод хорсоод байхаар нь гараарай дарсан чинь нойтон цус болчихсон байсан. Би охин дүүгээ өмөөрөөд Б.Ө руу дайрсан гэсэн. Өмнө нь Б.Ө манай гэрт очоод хаалга, үүд эвдсэн байсан. Би 21 оёдол тавиулсан. Үе үе толгой өвдөөд байгаа. Сүүлийн үед жоохон нүд анивчаад байгаа. Эмнэлэгт дахиж үзүүлээгүй. Одоо хөл нь дээр өвдөх зовиур байхгүй байгаа. Надаас уучлалт гуйсан. Одоо гомдол санал байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Б, Б.Ө нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх шинжтэй буюу шүүгдэгч Б.Өтай бүлэглэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар гудамжны 710 тоотод Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх шинжтэй буюу шүүгдэгч Б.Өтай бүлэглэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар гудамжны 710 тоотод Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б, Б.Ө нар нь 2022 оны 10 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 74-75 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 202 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-78-79 тал/ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.Б, Б.Ө нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Б, Б.Ө нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б, Б.Ө нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 74-75 тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Ө нарын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Б, Б.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Б, Б.Ө нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Эрүүгийн 2234000000444 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн 1” ширхэг хутгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Т нь 4.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Б, Б.Ө нар нь 2.000.000 төгрөг төлсөнг дурдаж, хохирогч Д.Т нь үлдсэн 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б, Б.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар
-шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Өт оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн 2234000000444 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн 1” ширхэг хутгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Д.Б нар нь хохирогч Д.Тт 2.000.000 төгрөг төлсөнг дурдаж, хохирогч Д.Т нь үлдэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА