| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2019/00198/И |
| Дугаар | 257 |
| Огноо | 2019-02-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 257
| 2019 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 151/ШШ2019/00257 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, амарсанаа гудамж, 40в байр, 52 тоотод оршин суух Боржигон овогт Мягмаржавын Долгоржав /ОЮ76021901/
Хариуцагч: Төв аймаг, Баянцогт сум, Гуна 1 дүгээр багт оршин суух Олхон овогт Базарсадын Батбаяр /ХМ75050615/
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Долгоржав, хариуцагч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар У.Золчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Долгоржав шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Батбаяртай 2003 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2003-2005 он хүртэл хамт амьдрах хугацаанд 2003 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Нямбазар төрсөн. Зан харьцааны тааламжгүй байдлын улмаас хүүхдээ жаахан байхад салсан. 2007 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагч олдоогүй гээд хэргийг хаасан. Түүнээс хойш хүүхдүүдээ өсгөөд шүүхдээд явах боломжгүй болсон. Хүүхэд маань одоо 16 нас хүрч байна, энэ хугацаанд Б.Батбаяр нь тэтгэлэг төлөх талаар санаачлагатай хандаагүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Нямбазарт төрснөөс нь хойших хүүхдийн тэтгэлийг нөхөн гаргуулах хүсэлтэй байна. Мөн хүү Б.Нямбазарыг асран халамжилж байгаа хойд аав Л.Галтбаатарын нэрээр овоглуулах хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагч Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би М.Долгоржавтай 2003 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болох хугацаанд хүү Б.Нямбазар төрсөн. Хоорондоо таарч тохирохгүйгээс хоёр тийш болсон. Гэрлэлт цуцлах болон хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Би өвчний улмаас групп тогтоолгосон, хүүхдийн тэтгэлгийг яаж ийж байгаад төлөх болно” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Долгоржав хариуцагч Б.Батбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн тухай:
Гэрлэгчид 2001 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2003 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр /хх-9/ бүртгүүлжээ.
Зохигчид 2005 оноос хойш 14 жил тусдаа амьдарсан, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, гэрлэлт цуцлуулах талаар хоорондоо тохиролцсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр М.Долгоржав, Б.Батбаяр нарын гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар цуцалж шийдвэрлэлээ.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно.
Хоёр: Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн тухай:
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2003 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Нямбазар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар /хх-8/ тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу эцэг Б.Батбаяраар хүү Б.Нямбазарыг хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх үндэстэй байна.
Хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулах бөгөөд 2019 оны байдлаар Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшин 217 900 төгрөг байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хүү Б.Нямбазар 11 нас хүрсэн тул хариуцагч Б.Батбаяраас хүүхдийг 11-16 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн 100 хувь буюу сар бүр 217 900 төгрөг гаргуулан хүүхдийн тэтгэлэгт өгөх үндэстэй болно.
Нэхэмжлэгч М.Долгоржав шүүхийн хэлэлцүүлэгт хүү Б.Нямбазарыг төрсөн цагаас нь буюу 2003 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхи хугацааны хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг төлөгч буюу хариуцагч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан бол хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн гаргуулахаар зохицуулсан бөгөөд Б.Батбаяр тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан тухай баримт хэрэгт цуглараагүй, нэхэмжлэгч энэ талаар тайлбар гаргаагүй тул хүүхэд төрсөн цагаас хойш тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхэд эхдээ илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Б.Нямбазарыг эх М.Долгоржавын асрамжинд үлдээх үндэстэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 1 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 2 614 800 төгрөгт /217 900 х 12 сар = 2 614 800/ ногдох улсын тэмдэгтийн хураамж 56 787 төгрөг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Мягмаржавын Долгоржав, Олхон овогт Базарсадын Батбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Нямбазарыг эх М.Долгоржавын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Б.Нямбазарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Батбаяраар тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Батбаяраас 1 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 2 614 800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56 787 төгрөгийг гаргуулж “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Батбаяр сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР