Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/446

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-Улсын яллагчаар Ц.Сонинмөнх,

-иргэний хариуцагч Ш.Гантогтох,

-шүүгдэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.Чд холбогдох эрүүгийн 2234005810437 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 142 дугаар ангид хөгжимчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.Ч

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ч нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 12-с 13-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газарт эрхийн үнэмлэхгүй үедээ “05-10 УНТ” улсын дугаартай “Mazda Tribute” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, иргэн Д.Л, Л.Ө нарыг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ш.Ч нь: “2022 оны 08 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед 10 жилийн уулзалтад оролцохоор Төв аймгийн Алтанбулаг сумын Өөлд гэх газар очсон. Орой хорхог боодгоо хийж идээд, бөөндөө тоглоод ууж, идсэн. Тэгээд явах болоод н.Лхагвасүрэн намайг машин хөдөлгөөнд ухраагаад өгөөч гэсэн. Ухраах гэж байгаад андуурч урагшаа яваад хүн мөргөсөн. Би жоохон пиво уусан байсан. Д.Лхамжагдал, Л.Ө хоёрт хохирол, төлбөр гээд 7.200.000 төгрөг төлсөн” гэв.

Иргэний хариуцагч Ш.Гантогтох нь: “051-0 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. н.Лхагвасүрэн эхнэр хүүхдээ 10 жилийн уулзалтаас нь авч ирнэ гээд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр миний машиныг маргааш авч ирж өгье гээд гуйгаад аваад явсан. Осол болсныг би үүрээр 5 цагийн үед мэдсэн. н.Лхагвасүрэн өөрөө надад хэлсэн” гэв.

 

              Шүүгдэгч Ш.Ч нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Ш.Ч нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 12-с 13-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газарт эрхийн үнэмлэхгүй үедээ “05-10 УНТ” улсын дугаартай “Mazda Tribute” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, иргэн Д.Л, Л.Ө нарыг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 тал/,
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 тал/,
  • Хохирогч Д.Лхамжагдалын мэдүүлэг /хх-ийн 16-19 тал/,
  • Гэрч Э.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
  • Гэрч О.Мөнгөншагайгийн мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,
  • Шүүгдэгчийн Ш.Чы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,
  • Иргэний хариуцагч Ш.Гантогтохийн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,
  • Гэрч М.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 тал/,
  • “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22/106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,
  • Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 65 тал/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхамжагдалын мэдүүлэг /хх-ийн 84 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн мэдүүлэг /хх-ийн 87 тал/,
  • Шүүгдэгч Ш.Чы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 96 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 121 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 458 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 47 тал/ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ш.Ч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Чд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй, хавтаст хэргийн 45 дүгээр хуудаст авагдсан шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх “ гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чы хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ш.Ч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ш.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

            Шүүх хуралдааныг товыг хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лд мэдэгдэхэд “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”, иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйд мэдэгдэхэд “нийгмийн даатгалын сангаас гарсан 710.000 төгрөгийг гаргуулна, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

            Шүүгдэгч Ш.Чгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Лхамжагдалын биед “ууцны зүүн талд S1 болон S2 нугалмын түвшинд зөрүүтэй хугарал, хоёр талын сүүжний ясны хугарал”, насанд хүрээгүй хохирогч Л.Өын биед “баруун эгэмний хугарал” бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

            Шүүгдэгч Ш.Ч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт нийт 7.200.000 төгрөгийн хохирол төлсөнг, хохирогч Д.Лхамжагдал, насанд хүрээгүй хохирогч Л.Ө нар нь цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

            Шүүгдэгч Ш.Чаас 710.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шинжээчийн зардал 250.000 төгрөгийг гаргуулж, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-д олгож,

Эрүүгийн 2234005810437 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Чыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ш.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ш.Чд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч нь хохиролд 7.200.000 төгрөгийг төлсөнг дурдаж, хохирогч Д.Лхамжагдал, насанд хүрээгүй хохирогч Л.Ө нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Д.Лхамжагдал, Л.Ө нарын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын 710.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Чаас гаргуулж улсын орлого болгосугай.

 

7.Эрүүгийн 2234005810437 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг болохыг  тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Чаас шинжээчийн зардал 250.000 төгрөгийг гаргуулж “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-д олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА