Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

  2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2019/00263

                                       Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Лүн сум, 2 дугаар баг, Өгөөмөрт оршин суух Боржигон овогт Дагвадоржийн Дуламсүрэн /НО89082769/

 

Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 4 дүгээр баг, Төв 5 хэсэг, 8 гудамж 1 тоотод оршин суух Боржигин овогт Мөнхбаярын Равжир /НН97110317/

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, хариуцагч М.Равжир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Равжиртай 2017 онд анх танилцаж хамтран амьдарсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Д.Буянхишигийг төрүүлсэн. Төрөөд хоёр хоноод эмнэлэгээс гарсан. Эмнэлэгт байхад Равжир эргэж ирчихээд орой нь над руу би чамтай амьдарч чадахгүй юм байна гэж бичсэн. Үүнээс хойш над руу яриагүй. Цаашид бид хоёр хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч М.Равжир шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, татгалзах зүйлгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нь М.Равжирт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2017 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Д.Буянхишиг төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. 

 

Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа, охин Д.Буянхишиг /04 сартай/ төрснөөс хойш эх Д.Дуламсүрэнгийн асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин Д.Буянхишигийг эх Д.Дуламсүрэнгийн асрамжид үлдээж, эцэг М.Равжираар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.

 

Иймд хариуцагч М.Равжир нь Д.Дуламсүрэнтэй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн тэдний дундаас төрсөн охин Д.Буянхишигийг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Равжираас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд олгож, 1 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг /93 550 х 12 = 1 122 600/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Боржигон овогт Дуламсүрэнгийн Буянхишигийг 18 насанд хүртэл эх Боржигон овогт Дагвадоржийн Дуламсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.Буянхишигт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насан хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Равжираар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Равжираас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд, 1 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 1 122 600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч М.Равжир нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.ЭНХТӨР